Хэвлэх DOC Татаж авах
ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 1 дүгээр                                                                                                                                                                      Улаанбаатар
сарын 12-ны өдөр                                                                                              Дугаар 14                                                                 хот

 

ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН
АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийн тоо хэмжээ, түүнийг тээвэрлэх зардалд шаардагдах 444.255.000 төгрөгийг 1 дүгээр, өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчин иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Цагдаагийн газар, хүн эмнэлэгт олгох УАЗ-31512 маркийн автомашины хуваарь болон түүнд шаардагдах 344.000.000 төгрөгийг 2 дугаар хавсралт ёсоор, нийт 788.255.000 (долоон зуун наян найман сая хоёр зуун тавин таван мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж Онцгой байдлын ерөнхий газарт олгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй. 



2. Улсын болон орон нутгийн чанартай зам, давааны цасыг цэвэрлэх болон бусад гамшгаас хамгаалах арга хэмжээнд зориулж Увс аймгийн онцгой байдлын хэлтэст ачигч трактор нэгийг олгож, түүнд шаардагдах 300.000.000 (гурван зуун сая) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй. 

 

3. Улсын нөөцөд 2010 онд бүрдүүлсэн 5.6 мянган тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгож, 11.9 мянган тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан худалдахыг зөвшөөрч, үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийн үнийн зөрүү болох 2,339,283.000 (хоёр тэрбум гурван зуун гучин есөн сая хоёр зуун наян гурван мянган) төгрөгийг 2013 оны нөөцийн бараа худалдан авахаар баталсан төсөвт зохицуулалт хийх, улсын нөөцийн өвс, тэжээл болон аймгуудад олгосон УАЗ-31512 маркийн автомашиныг 2013 оны III улиралд багтаан нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.

 

4. Улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зэрэг зөрчил гаргуулахгүй байх зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллах, олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, гүйцэтгэлийн тайланг гарган холбогдох баримтын хамт 2013 оны 5 дугаар сард багтаан Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхийг дээрх аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

 

5. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.

 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                     Н.АЛТАНХУЯГ

 


Монгол Улсын Шадар сайд                                                        Д.ТЭРБИШДАГВА