Хэвлэх DOC Татаж авах
БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж

2.1.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай, Банкны тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“Хадгаламжийн даатгалын корпораци” гэж энэ хуульд заасан банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;

3.1.2.“хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа” гэж энэ хуульд заасны дагуу банкнаас харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг Хадгаламжийн даатгалын корпорацид даатгуулах, даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлөх, банкны актив, пассивыг шилжүүлэх, тусгай зориулалтын банк байгуулах үед шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.3.“банк” гэж Банкны тухай хуулийн 3.1.1-д заасан хуулийн этгээдийг болон мөн хуульд заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл авч, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбарыг;

3.1.4.“хадгаламж” гэж банкин дахь харилцах болон мөнгөн хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг;

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.5.“хадгаламжийн даатгалын сан” гэж энэ хуулийн 10.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн, энэ хуулийн 11.1-д заасан зориулалтаар зарцуулах хөрөнгийг;

3.1.6.“даатгалын тохиолдол” гэж Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргасныг;

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.7.“хамтарсан данс” гэж банкин дахь дангаар, эсхүл хамтран захиран зарцуулах эрхтэй хоёр буюу түүнээс дээш этгээдийн эзэмшлийн нэг дансыг.

3.1.8.“санхүүгийн дэмжлэг” гэж банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкинд актив, пассивын зөрүүг нөхөх, эсхүл тусгай зориулалтын банкны өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулах зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорациас мөнгөн хөрөнгө шилжүүлэхийг;

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

4 дүгээр зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын зарчим

4.1.Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгал /цаашид “хадгаламжийн даатгал” гэх/-ын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

4.1.1.санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах;

4.1.2.энэ хуулийн 8.1-д заасан даатгалын нөхөн төлбөрийг төлөхдөө тухайн банкны хадгаламж эзэмшигч бүрийг хамруулах;

4.1.3.Банкны тухай хуулийн 6.1.1, 6.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий банк хадгаламжийн даатгалд хамрагдах;

4.1.4.ил тод, хариуцлагатай байх.

Хэвлэх

5 дугаар зүйл.Хадгаламжийн даатгал

5.1.Банкны тухай хуулийн 6.1.1, 6.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий банк хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг энэ хуульд заасны дагуу хадгаламжийн даатгалд заавал даатгуулж, даатгалын хураамж төлнө.

5.2.Монголбанк банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон тухай бүр энэ тухай Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэнэ.

5.3.Хадгаламжийн даатгалын корпораци энэ хуулийн 5.1-д заасны дагуу хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд оролцож байгааг нотолсон гэрчилгээг тухайн банкинд олгоно.

5.4.Дараах тохиолдолд хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд банкны оролцох оролцоо дуусгавар болно:

5.4.1.даатгалын нөхөн төлбөрийг олгож дууссан;

/Энэ заалтад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.4.2.банкийг улсын бүртгэлээс хассан.

5.4.3.Энэ хуулийн 11.1.2-т зааснаар шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

6 дугаар зүйл.Даатгалын тохиолдол

6.1.Энэ хуулийн 3.1.6-д заасан шийдвэр гарсан өдрийг даатгалын тохиолдол бий болсон өдөрт тооцно.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.2.Монголбанк нь энэ хуулийн 3.1.6-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргамагц энэ тухай Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэх үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.3.Даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчид энэ хуульд заасны дагуу Хадгаламжийн даатгалын корпорациас даатгалын нөхөн төлбөр шаардах эрх үүснэ.

6.4.Энэ хуулийн 11.1.2-т зааснаар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тохиолдолд хадгаламж эзэмшигчийн нөхөн төлбөрийг олгосонд тооцно.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

7 дугаар зүйл.Даатгалд үл хамаарах нөхцөл

7.1.Дараах хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй:

7.1.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс;

7.1.2.нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл; 

7.1.3.нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж.

7.2.Дараах этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй:

7.2.1.банк;

7.2.2.төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага;

7.2.3.эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан;

7.2.4.Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээд;

7.2.5.даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор болон аудитын байгууллага;

7.2.6.Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон дор дурдсан хадгаламж эзэмшигч:

7.2.6.а.гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлдэгчийн төлбөрийн чадвар болон барьцааны төрөл зэргийг харгалзан үзэхэд бусад хадгаламж эзэмшигчээс онцгой нөхцөлтэй зээл авсан;

7.2.6.б.банкны бусад хадгаламж эзэмшигчээс илт бага хүүтэй зээл авсан;

7.2.6.в.даатгалын тохиолдол бий болох үед Монголбанкны статистик мэдээллээр хадгаламж эзэмшигчдийн авч байгаа хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү авсан. 

7.3.Даатгалын тохиолдол бий болоход энэ хуулийн 7.2-т заасан этгээдэд даатгалын нөхөн төлбөр төлөхгүй.

7.4.Даатгалын тохиолдол бий болоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу битүүмжилсэн болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 11.1-д заасны дагуу гүйлгээг нь түдгэлзүүлсэн дансны хадгаламж эзэмшигчид зөвхөн битүүмжлэх болон гүйлгээг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгоно.

/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

8 дугаар зүйл.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ

8.1.Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох

9.1.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд төлбөл зохих 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн хамт хасч тодорхойлно.

/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.2.Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд энэ хуулийн 15.4-д заасан ханшаар тооцож нэгтгэн даатгалын нөхөн төлбөрийг тооцно. 

/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.3.Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ энэ хуулийн 8.1-д заасан хэмжээнээс илүүгүй байна.

9.4.Хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хувааж тооцно.

9.5.Насанд хүрээгүй хамтарсан данс эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрх тухайн хадгаламжийг бусад этгээдтэй хамтран эзэмшиж байгаагаар хязгаарлагдахгүй.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

10 дугаар зүйл.Хадгаламжийн даатгалын сан, түүний эх үүсвэр

10.1.Хадгаламжийн даатгалын сан /цаашид “Сан” гэх/-гийн удирдлагыг Хадгаламжийн даатгалын корпораци хэрэгжүүлнэ.

10.2.Сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

10.2.1.Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн 2.5-д заасны дагуу тухайн банкнаас Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төвлөрүүлсэн шимтгэл;

10.2.2.улсын төсвөөс Санд оруулсан эхлэлтийн хөрөнгө;

10.2.3.Монголбанкнаас Санд оруулсан эхлэлтийн хөрөнгө;

10.2.4.хадгаламжийн даатгалын хураамж;

10.2.5.Сангийн хөрөнгө оруулалтаас олсон орлого;

10.2.6.даатгалын тохиолдол бий болсон банкны актив хөрөнгийг борлуулсны орлого;

10.2.7.Засгийн газар, Монголбанк, олон улсын байгууллагаас олгосон зээл, тусламж, бусад санхүүжилт;

10.2.8.гадаадын банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас Хадгаламжийн даатгалын корпорацийн авсан зээл;

10.2.9.Хадгаламжийн даатгалын корпорацийн гаргасан бондын эх үүсвэр;

10.2.10.нөхөн төлбөр олгох хугацаа дууссаны дараа энэ хуулийн 16.1-д заасан банкинд үлдсэн нөхөн төлбөрийн хөрөнгө;

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.2.11.хуульд заасан бусад эх үүсвэр.

/Энэ заалтын дугаарт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

11 дүгээр зүйл.Сангийн актив хөрөнгийн зарцуулалт

11.1.Сангийн актив хөрөнгийг дор дурдсанаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно:

11.1.1.хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлөх;

11.1.2.банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.1.3.Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх;

11.1.4.Хадгаламжийн даатгалын корпорацийн авсан зээл болон гаргасан бондын үндсэн өр, хүүгийн төлбөр төлөх.

11.2.Энэ хуулийн 11.1.2-т заасан санхүүгийн дэмжлэг, түүнтэй холбоотой гарах зардлын нийлбэр нь даатгалын нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгө, түүнтэй холбоотой гарах зардлын нийлбэрээс бага байх тохиолдолд санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.3.Энэ хуулийн 11.1.2-т заасан санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх журмыг энэ хуулийн 22.1-д заасан Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

Хэвлэх

12 дугаар зүйл.Сангийн хөрөнгө оруулалт

12.1.Хадгаламжийн даатгалын корпораци Сангийн актив хөрөнгийг аюулгүй, хөрвөх чадвартай, ашигтай байх зарчмыг баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд байршуулж болно:

12.1.1.Засгийн газраас гаргасан болон батлан даасан үнэт цаас;

12.1.2.Монголбанкны үнэт цаас;

12.1.3.зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас A-аас доошгүй үнэлгээ авсан гадаад улсын Засгийн газрын болон олон улсын санхүүгийн байгууллагын үнэт цаас;

/Энэ заалтад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.1.4.олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын Төв банкинд нээсэн хадгаламж.

12.2.Хадгаламжийн даатгалын корпорацийн хөрөнгө оруулалтын журам, заавар болон хөрөнгө оруулалтын бодлогыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖ, НӨХӨН ТӨЛБӨР

13 дугаар зүйл.Хадгаламжийн даатгалын хураамж, түүнийг төлөх

13.1.Банк хадгаламжийн даатгалын хураамж /цаашид “хураамж” гэх/-ийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу Хадгаламжийн даатгалын корпорацид төлнө.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хураамж нь дор дурдсан хураамжаас бүрдэнэ:

13.2.1.эхлэлтийн хураамж;

13.2.2.улирлын хураамж;

13.2.3.онцгой хураамж.

13.3.Эхлэлтийн хураамж нь тухайн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний нэг хувьтай тэнцүү хэмжээтэй байна.

13.4.Банк эхлэлтийн хураамжийг Монголбанкнаас банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс хойш 30 хоногийн дотор төлнө.

13.5.Улирлын хураамж нь өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1, 7.2.2, 7.2.3-т зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг энэ хуулийн 14.1-д заасны дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй байна.

/Энэ заалтад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.6.Улирлын хураамжийг төлөх хугацааг Хадгаламжийн даатгалын корпорацийн нэхэмжлэлд заана.

13.7.Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо жил бүрийн 11 дүгээр сарын 30-ны дотор дараа жилийн улирлын хураамжийн хувийг 0.125 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтооно.

13.8.Сангийн хөрөнгө гишүүн банкуудын энэ хуулийн 7.1-д зааснаас бусад хадгаламжийн дүнгийн 10 хувьд хүрвэл Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо улирлын хураамжийг тооцох болон хуримтлуулахыг түр зогсоож болно.

13.9.Даатгалын нөхөн төлбөрийг төлөхөд Сангийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тохиолдолд онцгой хураамжийг төлөх шийдвэрийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо гаргаж болно.

13.10.Онцгой хураамжийн хувийг энэ хуулийн 7.1, 7.2.2, 7.2.3-т зааснаас бусад хадгаламжаас тооцох бөгөөд уг хувь нь жилийн 0.5 хувиас хэтрэхгүй байна.

/Энэ заалтад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.11.Онцгой хураамжийг өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1, 7.2.2, 7.2.3-т зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг онцгой хураамжийн хувиар үржүүлэн тооцно.

/Энэ заалтад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.12.Хэрэв банк хүсэлт гаргавал энэ хуулийн 13.6-д заасан хугацааг Хадгаламжийн даатгалын корпораци ажлын таван өдрөөр сунгаж болно.

13.13.Энэ хуулийн 13.12-т заасан хугацаанд банк хураамжийн төлбөрийг гүйцэтгээгүй тохиолдолд Хадгаламжийн даатгалын корпораци Монголбанкинд энэ тухай мэдэгдэж, тухайн банкны Монголбанкин дахь харилцах данснаас төлбөл зохих хураамжийн дүнгээр суутган төлүүлэх хүсэлтийг Монголбанкинд хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

13.14.Монголбанкнаас албадан татан буулгасан банкны даатгалын хураамж төлөх үүрэг нь даатгалын тохиолдол бий болсон улирлын эцсийн өдрөөр дуусгавар болно.

13.15.Энэ хуулийн 13.1-д заасны дагуу банкнаас төлсөн хураамжийг буцааж олгохгүй.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Улирлын хураамжийн хувь

14.1.Хадгаламжийн даатгалын корпораци энэ хуулийн 13.2.2-т заасан улирлын хураамжийн хувийг тухайн банкны эрсдэлийн түвшингээс хамааруулан тогтоосон аргачлалын дагуу тооцно.

14.2.Хадгаламжийн даатгалын корпораци банкны эрсдэлийн түвшинг үнэлэхдээ Монголбанкны мэдээлэлд үндэслэнэ.

14.3.Хадгаламжийн даатгалын корпораци энэ хуулийн 14.2-т заасан мэдээллийн нууцлалыг хадгална.

14.4.Энэ хуулийн 14.1-д заасан аргачлалыг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батлах бөгөөд банкны эрсдэлийн түвшинг тооцохдоо банкинд хийсэн хяналт шалгалтын үнэлгээ, банкны хадгаламжийн хүүг харгалзан үзэж болно.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

15 дугаар зүйл.Хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр олгох

15.1.Монголбанкнаас даатгалын тохиолдол бий болсон тухай мэдэгдлийг Хадгаламжийн даатгалын корпорацид ирүүлснээс хойш ажлын гурван өдөрт багтаан Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргана.

15.2.Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөр олгох хэлбэр, хугацааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ хуулийн 15.1-д заасан шийдвэр гарснаас хойш 48 цагийн дотор мэдээлж, мэдээллийн хувийг Монголбанкинд хүргүүлнэ.

15.3.Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш даатгалын нөхөн төлбөрийг энэ хуулийн 16.1-д заасан банкаар дамжуулан ажлын 10 өдрийн дотор олгож эхэлнэ.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.4.Гадаад валютын хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд түүний дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцно.

15.5.Даатгалын нөхөн төлбөр олгох журмыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

15.6.Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөр олголтын явцын талаар хадгаламж эзэмшигчдэд мэдээлэх үүрэгтэй.

15.7.Энэ хуулийн 15.6-д заасан мэдээллийн агуулга, түүнийг түгээх журмыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

Хэвлэх

16 дугаар зүйл.Даатгалын нөхөн төлбөр олгох банк

16.1.Даатгалын нөхөн төлбөрийг банкаар дамжуулан олгоно.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан даатгалын нөхөн төлбөр олгох банкийг даатгалын тохиолдол бий болсон тухай бүр Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо Монголбанктай зөвшилцөн сонгон шалгаруулна.

16.3.Даатгалын нөхөн төлбөр олгох банкинд тавих шаардлага, сонгон шалгаруулах журмыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

16.4.Хадгаламжийн даатгалын корпораци энэ хуулийн 16.1-д заасан банктай гэрээ байгуулна.

Хэвлэх

17 дугаар зүйл.Хадгаламж эзэмшигчийн эрх

17.1.Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр авах эрхтэй.

17.2.Хадгаламжийн гэрээг гуравдагч этгээдийг төлөөлөн байгуулсан бол даатгалын нөхөн төлбөр авах эрхийг уг гуравдагч этгээд эдэлнэ.

17.3.Өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авахад өвлөгч нь  өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрд даатгалын нөхөн төлбөр авна.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.4.Хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа энэ хуулийн 6.3-т заасан шаардах эрх үүссэнээс хойш гурван жил байна.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.5.Банк нэгтгэх, нийлүүлэх, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг шилжүүлэх байдлаар өөрчлөн байгуулагдсан тохиолдолд ийнхүү өөрчлөн байгуулагдахаас өмнөх банк тус бүрд даатгалын нөхөн төлбөрт олгох хэмжээг тогтоох бөгөөд энэ нь өөрчлөн байгуулагдсанаас хойш зургаан сарын хугацаанд хүчинтэй байна.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.6.Энэ хуулийн 17.5-д заасан хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг банк тус бүрд тооцох хугацаа дуусч байгаа тухай хадгаламж эзэмшигчид хүлээж авсан, нэгдсэнээс үүссэн банк мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

18 дугаар зүйл.Шаардах эрх

18.1.Хадгаламжийн даатгалын корпорациас хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр олгосон хэмжээгээр хадгаламж эзэмшигчийн шаардах эрх Хадгаламжийн даатгалын корпорацид шилжинэ.

18.2.Хадгаламжийн даатгалын корпораци энэ хуулийн 8.1-д заасны дагуу олгосон даатгалын нөхөн төлбөрийг татан буугдсан банкны хөрөнгөөс Банкны тухай болон Дампуурлын тухай хуулийн дагуу нэхэмжилнэ.

18.3.Хадгаламж эзэмшигчийн Хадгаламжийн даатгалын корпорациас шаардах эрх энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хадгаламж болон хадгаламж эзэмшигч, 8 дугаар зүйлд заасан нөхөн төлөх хэмжээнээс илүү гарсан хадгаламжид хамаарахгүй.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

19 дүгээр зүйл.Хадгаламжийн даатгалын корпорацийн эрх зүйн байдал

19.1.Хадгаламжийн даатгалын корпораци /цаашид “Корпораци” гэх/ нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд байна.

19.2.Корпорацийн төв Монгол Улсын нийслэлд байрлана.

19.3.Корпорацийн дүрмийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

19.4.Корпораци тогтоосон загвараар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

19.5.Корпораци Монголбанкинд төгрөгийн болон валютын харилцах, хадгаламжийн данстай байна.

19.6.Корпораци өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахтай холбоотойгоор банкинд харилцах данс нээж болно.

19.7.Корпораци дотоод аудитын албатай байх бөгөөд дотоод хяналтын алба Хадгаламжийн даатгалын Үндэсний хороонд ажлаа тайлагнана.

/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.8.Корпораци үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах чиглэлээр Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд[10] заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Хэвлэх

20 дугаар зүйл.Корпорацийн үйл ажиллагаа

20.1.Корпораци дараах үйл ажиллагааг эрхэлнэ:

20.1.1.даатгалын хураамжийг төвлөрүүлэх;

20.1.2.даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр төлөх;

20.1.3.Сангийн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу удирдах;

20.1.4.Сангийн санхүүгийн эрсдэлийг үнэлэх зорилгоор банкны эрсдэлийг үнэлж, хянах.

20.2.Корпораци нь энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд ашгийн төлөө хуулийн этгээд байгуулахыг хориглоно.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Корпорацийн бүрэн эрх

21.1.Корпораци дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хадгаламж болон хадгаламж эзэмшигчдийн талаарх сар, улирлын тайлан, бусад мэдээллийг банкнаас авах;

21.1.2.банкны санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлт, санхүүгийн үзүүлэлт, бусад мэдээллийг банкнаас авах;

21.1.3.хадгаламжийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой, эсхүл даатгалын тохиолдлын магадлалыг үнэлэхэд шаардлагатай гэж үзвэл банкинд хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг Монголбанкинд тавих;

21.1.4.татан буугдсан банкны эрх хүлээн авах ажиллагаанд Корпорацийн төлөөллийг оролцуулах хүсэлтийг Монголбанкинд тавьж, гүйцэтгүүлэх;

21.1.5.хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Сангийн хөрөнгө хүрэлцэхгүй бол Монголбанк, Засгийн газраас зээл, санхүүгийн дэмжлэг авч болно;

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21.1.6.Корпораци өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар журам баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

/Энэ заалтад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.1.7.энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд банкинд  хяналт шалгалт хийх;

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

 21.1.8.энэ хуульд заасан мэдээллийг солилцоход шаардагдах программ хангамжийн бүрэн бүтэн, бэлэн байдлыг корпораци нь тогтмол шалгах.

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

22 дугаар зүйл.Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо

22.1.Корпорацийн удирдах дээд байгууллага нь Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо /цаашид “Үндэсний хороо” гэх/ байна.

22.2.Үндэсний хороо долоон гишүүнээс бүрдэх бөгөөд Үндэсний хорооны гишүүн дараах этгээд байна:

22.2.1.Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Үндэсний хорооны гишүүн бөгөөд дарга;

22.2.2.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;

22.2.3.Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшиж томилогдсон Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн;       

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

22.2.4.Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголын банкны холбооны ерөнхийлөгч тус тус нэр дэвшүүлж, Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар томилсон гурван гишүүн;

22.2.5.Корпорацийн гүйцэтгэх захирал.

22.3.Энэ хуулийн 22.2.4-т заасан Үндэсний хорооны гурван гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар томилох бөгөөд тэдгээрийг нэг удаа улируулан томилж болно.

22.4.Энэ хуулийн 22.2.4-т заасан гишүүн дараах шаардлагыг хангасан байна:

22.4.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

22.4.2.ял шийтгэлгүй;

22.4.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь Корпорацийг удирдахад харшлахгүй байх;

22.4.4.банк, санхүү, даатгал, эрх зүй, эдийн засгийн аль нэг чиглэлээр мэргэшсэн;

22.4.5.банк, санхүү, даатгалын салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаал хашсан;

22.4.6.төрийн улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал хашдаггүй байх;

22.4.7.банк, санхүүгийн байгууллагад ажилладаггүй байх;

22.4.8.банк, санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч болон бусад холбогдох этгээд бус байх;

22.4.9.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс шалтгаалаагүй нь нотлогдсон байх.

22.5.Үндэсний хорооны дарга болон Корпорацийн гүйцэтгэх захирлаас бусад гишүүний урамшууллын хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

22.6.Үндэсний хорооны ажиллах журам, Үндэсний хорооны гишүүн, Корпорацийн гүйцэтгэх захирал болон ажилтны ёс зүйн дүрмийг Үндэсний хорооны тогтоолоор батална.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

22.7.Дараах тохиолдолд Үндэсний хорооны гишүүнийг энэ хуулийн 22.3-т заасан хугацаанаас өмнө Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр үүрэгт ажлаас чөлөөлнө:

22.7.1.үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан;

22.7.2.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;

22.7.3.өвчний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;

22.7.4.үүрэгт ажлаа хоёр ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн;

22.7.5.энэ хуулийн 22.4-т заасан шаардлагыг хангахгүй болсон;

22.7.6.ёс зүйн зөрчил гаргасан;

22.7.7.гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн эцсийн шийдвэр гарсан.

22.8.Энэ хуулийн 22.2.4-т заасан гурван гишүүнийг нэгэн зэрэг томилж, чөлөөлөхгүй байх зарчмыг баримтална.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

22.9.Үндэсний хорооны гишүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд банкинд ажиллахыг хориглоно.

22.10.Үндэсний хорооны гишүүн үйл ажиллагаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг мөрдөнө.

Хэвлэх

23 дугаар зүйл.Үндэсний хорооны хуралдаан

23.1.Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

23.2.Үндэсний хорооны дарга нь хуралдаан даргалагч байна.

23.3.Үндэсний хорооны даргын түр эзгүйд түүний үүргийг Үндэсний хорооны даргын томилсон аль нэг гишүүн гүйцэтгэх бөгөөд Үндэсний хорооны даргын үүрэг гүйцэтгэж байгаа гишүүн Үндэсний хорооны даргаас олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлага хүлээнэ.

23.4.Үндэсний хороо улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хэлэлцэх асуудлаар гишүүдийн саналыг цахим болон бусад хэлбэрээр авч болох ба үндэсний хорооны гишүүн жилд хоёроос доошгүй удаа хуралд биечлэн оролцох үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

23.5.Үндэсний хорооны хоёроос доошгүй гишүүн, эсхүл Корпорацийн гүйцэтгэх захирлын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Үндэсний хорооны дарга ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.

23.6.Үндэсний хорооны хуралдаан гишүүдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.

23.7.Үндэсний хорооны хуралдаанд Корпорацийн ажилтан, мэргэжлийн хүмүүсийг урилгаар оролцуулж болно.

23.8.Үндэсний хорооны хуралдааны явцад тэмдэглэл хөтөлж, түүнд хуралдаанд оролцсон бүх гишүүн гарын үсэг зурж, баталгаажуулна.

23.9.Үндэсний хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах ба уг шийдвэрт хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.

23.10.Үндэсний хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

23.11.Үндэсний хорооны шийдвэр тогтоол хэлбэртэй байна.

23.12.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлаар ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж Үндэсний хорооны дарга, гишүүн үзсэн бол энэ тухай хуралдаан эхлэхээс өмнө мэдэгдэх бөгөөд тухайн асуудлыг хэлэлцэх болон санал хураахад уг гишүүн оролцохгүй.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Үндэсний хорооны бүрэн эрх

24.1.Үндэсний хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.Корпорацийн дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах;

24.1.2.бүрэн эрхийнхээ хүрээнд журам, заавар баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

24.1.3.Корпорацийн стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

24.1.4.Корпорацийн бүтэц, үйл ажиллагааны төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах, Корпорацийн үйл ажиллагаанд хяналт тавих;

24.1.5.Корпорацийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулж томилох, түүнтэй гэрээ байгуулах, чөлөөлөх;

24.1.6.хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр төлөх, энэ хуулийн 11.1.2-т заасан санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай шийдвэр гаргах;

/Энэ заалтад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.1.7.хадгаламжийн даатгалын хураамжийн хувь хэмжээг тогтоох;

24.1.8.аудитын байгууллагыг сонгох;

24.1.9.Корпорацийн санхүүгийн тайланг зөвшөөрөх эсэх талаар шийдвэр гаргах;

24.1.10.Корпорацийн дотоод аудитын тайлангийн дүнг хэлэлцэж, шийдвэр гаргах;

/Энэ заалтад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.1.11.Корпорацийн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг хагас жил тутамд Монголбанкны Ерөнхийлөгч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх;

24.1.12.энэ хууль болон Корпорацийн дүрэмд заасан бусад эрх, үүрэг.

Хэвлэх

25 дугаар зүйл.Корпорацийн гүйцэтгэх захирал

25.1.Корпорацийн гүйцэтгэх захирал нь Корпорацийн дүрэм болон Үндэсний хороотой байгуулсан гэрээнд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний хорооноос баталсан стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Корпорацийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

25.2.Үндэсний хороо Корпорацийн гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгон шалгаруулж, таван жилийн хугацаатай томилно.

/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.3.Корпорацийн гүйцэтгэх захирал нь энэ хуулийн 22.4-т заасан шаардлагыг хангасан байна.

25.4.Корпорацийн гүйцэтгэх захирлын эрх, үүргийг Корпорацийн дүрмээр тогтооно.

25.5.Корпорацийн гүйцэтгэх захирлыг энэ хуулийн 22.7-д заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

25.6.Энэ хуулийн 22.7-д заасан үндэслэлээр Корпорацийн гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тохиолдолд дараагийн гүйцэтгэх захирал томилогдох хүртэл хугацаанд Үндэсний хорооноос үүрэг гүйцэтгэгчийг томилно.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

25.7.Ээлжийн амралт эдлэх, гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчтэй байх зэрэг тохиолдолд Корпорацийн гүйцэтгэх захирал Үндэсний хорооны зөвшөөрсөн этгээдэд бүрэн эрхээ шилжүүлж болох бөгөөд ийнхүү эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

25.8.Корпорацийн гүйцэтгэх захирал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд банкинд ажиллахыг хориглоно.

Хэвлэх

251дүгээр зүйл.Корпорацийн хяналт

/Энэ зүйлийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

251.1.Корпораци хянан шалгагчтай байна. Хянан шалгагч нь улсын байцаагчийн дараахь бүрэн эрхтэй байна:

251.1.1.энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан тайлан, мэдээ, мэдээллийг банкнаас гаргуулан авах;

251.1.2.хадгаламжийн даатгалын хураамж төлөлтөд хяналт тавьж, биелэлтийг хангуулах;

251.1.3.даатгалын нөхөн төлбөр төлөх үйл ажиллагаанд хяналт тавих;

251.1.4.хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх арга хэмжээ авах.

251.2.Корпорацийн гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Монголбанкны Ерөнхийлөгч олгож, цуцална.

Хэвлэх

26 дугаар зүйл.Дотоод мэдээллийн нууцыг хадгалах

26.1.Хуульд зааснаас бусад тохиолдолд Үндэсний хорооны гишүүн, Корпорацийн ажилтан, хянан шалгагч болон Корпорацид гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээд албан үүргийнхээ дагуу олж мэдсэн, Корпораци, банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээ, мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26.2.Үндэсний хорооны гишүүн, Корпорацийн ажилтан болон Корпорацид гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээдийн энэ хуулийн 26.1-д заасны дагуу хүлээсэн үүрэг тэдгээрийн Корпорацитай холбогдсон үүрэгт ажил нь дуусгавар болсноос хойш хүчин төгөлдөр байна.

Хэвлэх

27 дугаар зүйл.Санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайлан

27.1.Корпорацийн санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу гаргаж, аудит хийлгэнэ.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

27.2.Корпорацийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.2-т заасан бүрэлдэхүүн хэсэгтэй байна.

27.3.Корпорацийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд хоёр жилд нэгээс доошгүй удаа Үндэсний хорооноос сонгосон, олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлтийг Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

27.4.Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг Корпорацийн гүйцэтгэх захирал хариуцна.

27.5.Корпораци энэ хуулийн 27.1-д заасан тухайн жилийн тайлан, аудитын дүгнэлтийг дараа жилийн 3 дугаар сарын 01-ний дотор Үндэсний хороогоор хэлэлцүүлж, тайланг батлуулна.

27.6.Энэ хуулийн 27.1-д заасан тухайн жилийн тайланг дараа жилийн 6 дугаар сарын 1-ний дотор Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнана.

/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.7.Корпораци жилийн тайлан, тайлан тэнцэл, орлого зарлагын тайлан болон аудитын дүгнэлтийг нийтэд мэдээлнэ.

Хэвлэх

28 дугаар зүйл.Корпорациас төрийн байгууллага, бусад этгээдтэй харилцах

28.1.Корпорациас төрийн байгууллага, бусад этгээдтэй харилцах харилцааг Корпорацийн дүрмээр зохицуулна. 

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД

29 дүгээр зүйл.Тайлан, мэдээ, мэдээллээр хангах талаарх банкны үүрэг

29.1.Корпорацийг энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг банк тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь Корпорацид хүргүүлнэ.

29.2.Корпорацийн хүсэлтээр банк Корпорацийг хуулийн дагуу үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгнө.

29.3.Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмыг Үндэсний хороо батална.

29.4.Корпорацид ирүүлсэн санхүүгийн тайлан, мэдээ, мэдээллийн үнэн зөвийг банк хариуцна.

29.5.Банк хадгаламжийн даатгалын тогтолцоо, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээний талаарх мэдээллээр Үндэсний хорооноос баталсан журмын дагуу хадгаламж эзэмшигчийг хангах үүрэгтэй. 

29.6.Энэ хуулийн 29.5-д заасан мэдээллийг банк зар сурталчилгааны зорилгоор болон банкны салбарын тогтвортой байдал, хадгаламж эзэмшигчдийн итгэлд сөргөөр нөлөөлөх байдлаар ашиглахыг хориглоно.

Хэвлэх

30 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

30.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

30.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

31 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

31.1.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД