A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 35

Улаанбаатар хот

"УС-15" ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор "УС-15" дулааны шинэ станцын барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлэн эхний ээлжийг 2013-2014 оны өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулж, дулааны эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санхүү, техник, зохион байгуулалтын бүх талын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай. /ЗГ-ын 2013-2-16-ны 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Дараахь асуудлаар саналаа боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай:

2.1. "УС-15" дулааны станцыг барихад шаардагдах 105.8 (нэг зуун таван тэрбум найман зуун сая) тэрбум төгрөгийн хөрөнгийг Засгийн газар баталгаа гарган эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх боломжийг судлах;

2.2. "УС-15" дулааны станцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах талаар холбогдох арга хэмжээ авах.

3. Шинээр дулааны станц барихтай холбогдуулан 10.8 га газрыг 2013 оны 4 дүгээр сарын 1-ний дотор чөлөөлөх арга хэмжээ авч, дулааны станцын дэд бүтэцтэй холбогдолтой асуудлыг судлан шийдвэрлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Зам, тээврийн сайд А.Гансүх, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ