A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болгосон болон Монгол Улсын Засгийн газарт олгосон гадаадын хандив, тусламж, зээлийн эх үүсвэрээр санхүүжиж байгаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгжийн хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх, бүртгэх, холбогдох байгууллагын балансад бүртгэх арга хэмжээ авахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

2. Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын байршиж буй Монгол Улсын өмчлөлд байгаа газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Монгол Улсын болон суугаа орны холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлж баталгаажуулан зах зээлийн үнэлгээг тогтоож санхүүгийн тайланд тусгах, эд хөрөнгө түрээслэх болон хөдлөх үндсэн хөрөнгийг шинээр олж авах, шилжүүлэх, худалдах, акталж устгах асуудлыг зохицуулсан журам боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Гадаад харилцааны сайд Л.Болд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай.

3. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг бүртгэх арга хэмжээг жил бүр зохион байгуулж байхыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Улс, орон нутгийн музей болон холбогдох мэргэжлийн байгууллагын эзэмшилд байгаа үнэлгээ хийгээгүй хосгүй үнэт болон үнэт, ердийн зэрэглэлийн төрийн өмчийн түүх, соёлын дурсгалт зүйлсийн үнэлгээг тогтоох арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Орон нутгийн чанартай зам, гүүрийг эзэмших бүртгэлийг нь хариуцах байгууллагыг тогтоож, хөрөнгө оруулалт, их засвар, өргөтгөл болон шинэчлэл, өөрчлөлтийг тухай бүр бүртгэлд тусгуулж байх ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай.

6. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай урьдчилан зөвшилцөж, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 166, 79-р тогтоолоор өөрчлөлт орсон/

7. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, дүнг 2013 оны III улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА