Хэвлэх DOC Татаж авах
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих, тэдгээрийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг хангах, хууль бус хэрэглээг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомж

2.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай, Ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь цэргийнхээс бусад зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих хүрээнд үйлчилнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“тэсэрч дэлбэрэх бодис” гэж тэсэлгээний хэрэгсэл, гадны үйлчлэлийн нөлөөгөөр агшин зуурын хугацаанд химийн урвалд орж, өндөр даралт үүсгэн дулаан ялгаруулах химийн нэгдэл буюу механик хольцыг;

4.1.2.“тэсэлгээний хэрэгсэл” гэж тэсэрч дэлбэрэх бодисын тэсрэлтийг үүсгэх зориулалттай цэнэг агуулсан өдөөгч хэрэгслийг;

4.1.3.“пиротехникийн хэрэгсэл” гэж хурц гэрэл гэгээ цацруулдаг буюу чанга дуу чимээ үүсгэдэг баяр ёслол, үзвэр, цэнгээний зориулалтаар ашиглагдах хэрэгслийг;

4.1.4.“тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлт” гэж тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, тээвэрлэх,  хадгалах, ашиглах,  устгах, тэсэлгээний ажил явуулах  үйл ажиллагааг;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.1.5.“тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг устгах” гэж шатаах, тэслэх, уусгах арга технологийг ашиглан хор хөнөөлгүй болгохыг;

4.1.6.“тэсэлгээний ажил явуулах” гэж тэсэлгээний ажлыг удирдах, тэсэлгээ хийх, тэсрэх материалыг бүртгэх үйл ажиллагааг гүйцэтгэхийг;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.7.“мэдээллийн нэгдсэн сан” гэж төрийн захиргааны байгууллага болон хуулийн этгээдээс энэ хуульд заасны дагуу ирүүлсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн талаарх мэдээ мэдээлэл, тайлангийн нэгтгэлийг;

4.1.8.“мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага” гэж Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд сорилт туршилт хийх эрхтэй, шинжээчдээс бүрдсэн, лабораторийн туршилтын бааз бүхий хуулийн этгээдийг;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.9.“Мэргэжлийн зөвлөл” гэж тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллага болон мэргэжлийн холбоо, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулсан зөвлөлийг;

4.1.10.“шинжээч” гэж бие даан мэргэжлийн дүгнэлт гаргах эрх бүхий тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чиглэлээр мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ

5 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

5.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн талаарх төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;

5.1.2.тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг батлах;

5.1.3.Мэргэжлийн зөвлөлийн дүрмийг батлах;

5.1.4.пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах дүрмийг батлах;

5.1.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалтыг батлах;

5.1.6.мэдээллийн нэгдсэн сан хөтлөхтэй холбогдсон журмыг батлах.

5.1.7.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлох хилийн боомтыг тогтоох.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.Засгийн газар энэ хуулийн 5.1.5-д заасан жагсаалтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн жил бүр шинэчлэн тогтооно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

6 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

6.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 

6.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын аюулгүйн бүсийг мэргэжлийн хяналтын төв байгууллагатай хамтран тооцоогоор тогтоох;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.2.тэсэлгээний ажил явуулах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний  хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.1.3.Мэргэжлийн зөвлөлийг 15-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулах.

6.2.Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтэй болон энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хамаарал бүхий этгээдийг томилохыг хориглоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.3.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын болон шинжээчийн эрх олгох, сунгах, хүчингүй болгох журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

7 дугаар зүйл.Мэргэжлийн зөвлөлийн бүрэн эрх

7.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар Мэргэжлийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, агуулахын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх, дүгнэлт гаргах;

7.1.2.энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, заавар зөрчсөн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргах.

7.2.Мэргэжлийн зөвлөл нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чиглэлээр мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг шинжээчээр ажиллуулж болно.

7.3.Төрийн захиргааны байгууллагаас томилогдсон Мэргэжлийн зөвлөлийн гишүүд Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар харьяа байгууллагын удирдлагадаа тухай бүр тайлагнаж байна.

Хэвлэх

8 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

8.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

8.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын газрын байнгын байршлыг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн дагуу тогтоож мэдээллийн нэгдсэн санд ажлын таван өдрийн дотор бүртгүүлэх;

8.1.3.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахад тогтоосон аюулгүйн бүсийн хил хязгаарт иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохгүй байх.

8.1.4.харьяа нутаг дэвсгэр дэх энэ хуулийн 9.2-т заасан бүсийн дэглэмийг зөрчихөөс сэргийлэх арга хэмжээг иргэдийн дунд зохион байгуулах.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ

9 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, хадгалалтын аюулгүйн бүс

9.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрийн болон хадгалах байр, агуулах нь аюулгүйн бүстэй байна.

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан аюулгүйн бүс, түүний дэглэмийг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасны дагуу тогтооно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

10 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын аюулгүй ажиллагаа

10.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулах дахь аюулгүй ажиллагааг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтооно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулах нь байнгын болон түр гэсэн төрөлтэй байна. Агуулахын төрөл тус бүрд тавих шаардлага, агуулах хооронд эргэлт хийх журмыг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтооно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд хилийн мэргэжлийн хяналтын алба хяналт тавина.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.4.Хилээр нэвтрүүлж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хилийн мэргэжлийн хяналтын алба бүртгэж тухай бүр нь мэдээллийн нэгдсэн санд хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

11 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэхэд тавих шаардлага

11.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх хуулийн этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлага тавина:

11.1.1. өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны техникийн шаардлага хангасан зориулалтын барилга байгууламж, байнгын агуулах, тоног төхөөрөмж, лаборатори, туршилтын талбайтай байх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан ачиж буулгах тусгай зориулалтын тоног төхөөрөмж, дотоодын тээврийн хэрэгсэлтэй байх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.3.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чанарын үзүүлэлт нь үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан байх;

11.1.4.шинэ төрлийн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэхэд Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн дагуу туршилт хийлгэн, мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлт гаргуулж, стандартаа баталгаажуулсан байх;

11.1.5.мэргэжлийн ажиллах хүчнээр хангагдсан байх;

11.1.6.цагдаа, тагнуулын болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байх;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.1.7.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан болон эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байх;

11.1.8.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн байр, агуулахад гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байх.

11.1.9.хуулийн этгээдийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмшдэг байх.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.2.Үйлдвэрлэсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл сери /цуврал/ дугаар бүхий сав, баглаа боодолтой байх ба сери /цуврал/ дугаарыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

11.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн сав, баглаа боодлын гадна талд үйлдвэрийн нэр, үйлдвэрлэсэн болон хадгалах баталгаат хугацаа, тэсэрч дэлбэрэх аюултайг анхааруулсан таних тэмдэгтэй байна.

11.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, пиротехникийн хэрэгслийн  үйлдвэрийг шинээр байгуулж, ашиглалтад оруулахад мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага, Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг гаргуулсан байна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.5.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд хувь нийлүүлсэн хөрөнгөд гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллээ хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш ажлын  таван өдрийн дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.6.Энэ хуулийн 11.1.5-д заасан мэргэжлийн ажиллах хүчинд тавих шаардлагыг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтооно.

11.7.Энэ хуулийн 11.1.6-д заасан байгууллага хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан энэ хууль болон Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтоосон тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэхэд тавих шаардлагыг хангасан эсэх талаар саналаа гаргана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.8.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд орсон өөрчлөлт энэ хуулийн 11.1.9-д заасан шаардлагыг хангаагүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

12 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлоход тавих шаардлага

12.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох хуулийн этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлага тавина:

12.1.1.өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байнгын агуулах, ачиж буулгах зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэй байх;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.2.цагдаагийн болон тагнуулын төв байгууллага, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байх.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.3.мэргэжлийн ажиллах хүчнээр хангагдсан байх.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь тэдгээрийн үндсэн түүхий эдийг импортлох эрхтэй.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл экспортлох хуулийн этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлага тавина:

12.3.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;

12.3.2.экспортлох бүтээгдэхүүний стандарт, техникийн шаардлага хангасан байдлын талаарх мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын тодорхойлолт, экспортлох тоо хэмжээ;

12.3.3.худалдан авагчтай урьдчилан байгуулсан гэрээ, иргэний зориулалтын батламж, тээвэрлэлтийн нөхцөлийг тусгасан баримт бичиг;

12.3.4.цагдаагийн болон тагнуулын төв байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штабын санал авсан байх ба санал өгөх хугацааг ажлын 20 өдрийн дотор шийдвэрлэж байх.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эдийг импортлох тоо хэмжээг заасан зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүр олгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.5.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.4-т заасны дагуу олгосон зөвшөөрлийн талаарх мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.6.Улсын хилээр нэвтрүүлж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эдийг хилийн мэргэжлийн хяналтын алба бүртгэж, энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд тухай бүр хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

13 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл худалдахад тавих шаардлага

13.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөлтэй этгээд тэдгээрийг зөвхөн энэ хуулийн 15.1, 16.1-д заасан хуулийн этгээдэд худалдана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13.2.Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хураагдсан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг мэргэжлийн байгууллагын хяналтын дор тэсэлгээний ажил явуулах эрх бүхий байгууллагад худалдах буюу шинэчлэн сэлгэн сольж байршуулж болох ба энэ тухайгаа энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан нэгдсэн мэдээллийн санд тухай бүр мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.3.Энэ хуулийн 12.1-д заасан этгээд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн борлуулалт, зарцуулалтын тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүрээр гарган хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.4.Хуулийн этгээд нь хэрэгцээнээс илүүдэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг худалдан авах эрх бүхий байгууллагад мэргэжлийн хяналтын төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр худалдаж болно.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтэд тавих шаардлага

14.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу тээврийн болон аюултай ачааны стандартыг баримтлан тусгай тоноглосон тээврийн хэрэгслээр аюулгүй байдлыг хангаж, харуул хамгаалалттай тээвэрлэх бөгөөд тээврийн хэрэгслийн зөвшөөрөл, тээвэрлэлтийн маршрутыг цагдаагийн байгууллага олгож, харуул хамгаалалтыг дотоодын цэрэг гүйцэтгэж, аюулгүй байдалд хяналт тавина.

/2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

14.2.Тэсэрч дэлбэрэх бодисыг тэсэлгээний хэрэгслийн хамт тээвэрлэхийг хориглоно.

14.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн явцад гарч болзошгүй эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх зааварчилгааг тээврийн хэрэгслийн жолооч болон дагалдан яваа хүн бүрд танилцуулж, аюулгүй байдлыг хангасан байна.

14.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хот, тосгон, бусад суурин газраар тээвэрлэхдээ аюултай ачаа тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагааны техникийн шаардлагыг хангасан байна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.5.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын талбайд ачиж, буулгана.

14.6.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг төмөр замаар тээвэрлэхдээ төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тагнуулын төв байгууллагын хамтран баталсан Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журмыг баримтална.

14.7.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журмыг цагдаагийн төв байгууллага мэргэжлийн хяналтын төв байгууллагатай хамтран батална.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.8.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тоо хэмжээг тогтоосон тээвэрлэх хуудсыг тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааны бэлэн байдал, даацыг харгалзан мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.9.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үеийн харуул хамгаалалтын зардлыг тухайн хуулийн этгээд хариуцна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

15 дугаар зүйл.Тэсэлгээний ажил явуулахад тавих шаардлага

15.1.Тэсэлгээний ажлыг Монгол Улсын хуулийн этгээд гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.Тэсэлгээний ажил явуулах хуулийн этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлага тавина:

15.2.1.мэргэжлийн ажиллах хүчинтэй байх;

15.2.2.цагдаагийн болон тагнуулын төв байгууллагын саналыг авсан байх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.3.тэсэлгээний ажил явуулах зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэй байх.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.3.Тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон хяналтын хуудсыг үндэслэн үйл ажиллагаа явуулах бөгөөд тэсэлгээний ажлын гүйцэтгэлийн тайланг мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Тайланд тэсэлгээний ажлын тохиолдол бүрийг тусгана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.4.Энэ хуулийн 15.2.2-т заасан байгууллага хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хууль болон Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтоосон тэсэлгээний ажил явуулахад тавих шаардлагыг хангасан эсэх талаар саналаа гаргана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.5.Энэ хуулийн 15.3-т заасан тайлан гаргах журмыг мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.6.Тэсэлгээчний эрхийг Монгол Улсын иргэнд олгох бөгөөд тэсэлгээчний эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.7.Энэ хуулийн 15.2.1-д заасан мэргэжлийн ажиллах хүчинд тавих шаардлагыг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтооно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.8.Тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд түр агуулахыг тэсэлгээний ажил явуулах газарт тухай бүр байгуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

16 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах

16.1.Энэ хуулийн 15.2.1, 15.2.3-т заасан шаардлагыг хангасан тэсэлгээний ажил явуулах нэгжтэй, өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан байнгын агуулахтай дараах хуулийн этгээд нь үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл эзэмшиж болно:

16.1.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.5, 15.10.6, 15.10.18, 15.10.20, 15.15.1, 15.18.5, 15.18.6-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч;  

16.1.2.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.4-т заасан автозам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл эзэмшигч;

16.1.3.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14.6-д заасан барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.2.Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад хуулийн этгээд нь тэсэлгээний ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

16.3.Хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашиглахдаа энэ хуулийн 15.3, 15.8-д заасныг болон тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг мөрдөж ажиллана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Хэвлэх

17 дугаар зүйл.Пиротехникийн хэрэгсэл

17.1.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах болон аюулгүй ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулийн 5.1.4-т заасан дүрмээр зохицуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

17.2.Пиротехникийн хэрэгсэл үзвэрийн, эсхүл хэрэглээний зориулалттай байна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.3.Монгол Улсад ашиглах үзвэрийн болон хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийн жагсаалтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.4.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох хуулийн этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлага тавина:

17.4.1.өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан байнгын агуулахтай байх;

17.4.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй ажиллах шаардлага хангасан мэргэжлийн ажиллах хүчний талаар мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тодорхойлолт авсан байх;

17.4.3.цагдаа, тагнуулын болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байх.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.5.Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг ашиглах хуулийн этгээд пиротехникийн хэрэгслийн мэргэжилтэнтэй байх бөгөөд цагдаа, тагнуулын болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.6.Пиротехникийн хэрэгслийн мэргэжилтний эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.7.Пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг энэ хуулийн 17.5-д заасан хуулийн этгээдэд худалдана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.8.Хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийг худалдах хуулийн этгээдэд тавих шаардлагыг энэ хуулийн 5.1.4-т заасан дүрмээр зохицуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.9.Пиротехникийн хэрэгслийг импортлох тоо хэмжээг заасан зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүр олгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.10.Пиротехникийн хэрэгслийг тээвэрлэхдээ энэ хуулийн 14.7-д заасан журмын дагуу тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах бөгөөд холбогдох зардлыг хуулийн этгээд хариуцна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.11.Энэ хуулийн 17.4.3-т заасан байгууллага хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, ашиглахад тавих шаардлага хангасан эсэх талаар саналаа гаргана. 

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.12.Улсын хилээр нэвтрүүлж байгаа пиротехникийн хэрэгсэл, түүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг хилийн мэргэжлийн хяналтын алба бүртгэж, энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд тухай бүр хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

18 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах, хамгаалахад тавих шаардлага

18.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тус тусад нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгална.

18.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн байр, агуулахыг галт зэвсэг эзэмших эрх бүхий гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар хамгаалуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

18.3.Хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн орлого, зарлага, үлдэгдлийн бүртгэлийг тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн дагуу хөтөлж, улирал тутам тооллого явуулна.

18.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл алдагдсан, үрэгдсэн тохиолдолд цагдаагийн болон тагнуулын байгууллагад даруй мэдэгдэх бөгөөд эрэн сурвалжлах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд түүнийг эзэмшигч хуулийн этгээд бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

19 дүгээр зүйл.Даатгал

19.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд оролцож байгаа хуулийн этгээд нь үйл ажиллагааны эрсдэл, иргэний амь нас, эрүүл мэндийг заавал даатгуулсан байна.

Хэвлэх

20 дугаар зүйл.Хориглох зүйл

20.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах зүйлийг хориглоно:

20.1.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.6, 11.1.7 дахь заалт болон энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээдэд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох болон пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах, тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл олгох;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.1.2.зориулалтын бус газарт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний болон пиротехникийн хэрэгсэл хадгалах;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.1.3.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний болон пиротехникийн хэрэгслийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.1.4.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах;

20.1.5.энэ хуулийн 9.1-д заасан аюулгүйн бүсэд хүн, тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй нэвтрэх, түр буюу байнга суурьших, бүсийн дэглэм зөрчих; 

20.1.6.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг тэсэлгээний ажлын удирдагч болон хамгаалалтын ажилтнаас бусад хүн дагалдан явах;

20.1.7.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах;

20.1.8.хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, хадгалах, бусдад дамжуулан худалдах, шилжүүлэх.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг устгах

21.1.Чанарын шаардлага хангахгүй болсон, ашиглах хугацаа нь дууссан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээд нь тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн хяналтын төв байгууллага болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналтын дор устгана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг устгасан тухай үйлдсэн нотолгоог энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй холбоотой гарсан дуудлага, мэдээлэл болон зөрчил, аюул илэрсэн тохиолдолд онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага аюулгүй болгох арга хэмжээг авна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН

Хэвлэх

22 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан

22.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тэсэлгээчин, пиротехникийн хэрэгслийн мэргэжилтний бүртгэл, хуулийн этгээдэд хадгалагдаж байгаа болон үйлдвэрлэсэн, импортолсон, экспортолсон, худалдсан, ашигласан, устгасан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн нэр төрөл, тоо ширхэг, байршлыг нарийвчлан тусгасан мэдээллийн нэгдсэн сантай байна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

22.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцаас санхүүжүүлнэ.

22.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд нь үйлдвэрлэсэн, импортолсон, экспортолсон, худалдсан, ашигласан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн орлого, зарлагын мэдээг тухай бүр энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

22.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сантай холбогдолтой мэдээллийг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын төв байгууллага, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, цагдаагийн болон тагнуулын байгууллага авч ашиглана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.5.Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрүүлсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээ, тайланг сар тутам тагнуулын байгууллага болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

22.6.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд оролцогч хуулийн этгээд болон хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгууллагаас мэдээллийн нэгдсэн санд ирүүлэх мэдээллийн агуулга, давтамж, мэдээллийг баталгаажуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 5.1.6-д заасан журмаар зохицуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО

23 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд тавих хяналт

23.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд дараах байгууллага хяналт тавина:

23.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын  асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;

23.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний болон пиротехникийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд хилийн мэргэжлийн хяналтын алба;

23.1.3.пиротехникийн хэрэгслийн худалдаа, үзвэрийн зориулалтаар ашиглах үеийн аюулгүй байдалд цагдаа, онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;

23.1.4.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, хадгалалтын үеийн галын аюулгүй байдал, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

23.2.Хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн зарцуулалт болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хууль тогтоомж, журам, технологийн горимын биелэлтэд дотоод хяналт тавина.

23.3.Мэргэжлийн хяналтын төв байгууллага нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн марк, ангилал, хүчин чадал, ашиглах хугацаа, стандартын чанарын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлохдоо мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын туслалцааг авна.

23.4.Мэргэжлийн зөвлөлийн гишүүн нь хууль бусаар бусад гишүүндээ нөлөөлөхийг хориглоно.

23.5.Мэргэжлийн зөвлөлийн гишүүн нь төрийн байгууллагыг төлөөлөн албан үүргээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавихгүй.

23.6.Шинжээч нь гаргасан дүгнэлтээ Мэргэжлийн зөвлөлийн өмнө бүрэн хариуцна. Шинжээч нь санаатайгаар үндэслэлгүй дүгнэлт гаргасан бол Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу түүний мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэргийг цуцлуулахаар холбогдох байгууллагад хандана.

23.7.Энэ хуулийн 23.6-д заасан тохиолдолд мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэргийг цуцална.

23.8.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага нь гаргасан дүгнэлтээ бүрэн хариуцах ба үндэслэлгүй дүгнэлт гаргавал эрхийг нь цуцална.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

24.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

24.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД