A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 64

Улаанбаатар хот

СТАНДАРТЧИЛЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 18, 26 дугаар зүйл, Үндэсний стандартын түвшинд явуулсан улсын үзлэгийн дүнг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үндэсний стандартыг 2013-2014 онд нэн тэргүүнд шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын төлөвлөгөөг 2013 оны 4 дүгээр сард багтаан Стандартчиллын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлэхэд нь шаардагдах хөрөнгийг төсвийн багцаасаа болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгасугай.

2. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын төлөвлөгөөнд стандартчилал, техникийн зохицуулалтын талаар мэдлэг олгох хичээлийг 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн оруулах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасугай.

3. Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой стандарт, техникийн зохицуулалтыг хууль тогтоомж, олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2014 оноос эхлэн жил бүр улсын төсвөөс, стандартчилал, тохирлын үнэлгээний чиглэлээр хийх шинжлэх ухаан технологийн судалгаа, шинжилгээний зардлыг шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА