Хэвлэх DOC Татаж авах
ТАХАРЫН АЛБАНЫ ТУХАЙ /Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөрТөрийн ордон, Улаанбаатар хот

ТАХАРЫН АЛБАНЫ ТУХАЙ



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий Монгол Улсын Тахарын алба /цаашид "Тахарын алба" гэх/-ны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, Тахарын албаны алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтооход оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Тахарын албаны тухай хууль тогтоомж

2.1.Тахарын албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."шүүхийн аюулгүй байдал" гэж шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны журам сахиулах, шүүхийн харуул хамгаалалт, барилга байгууламж, түүний орчны аюулгүй байдлыг;

3.1.2."хамгаалалтын арга хэмжээ" гэж шүүх, шүүгчийн аюулгүй байдал, гэрч, хохирогч, тэдгээртэй хамаарал бүхий этгээдийг хамгаалахын тулд Тахарын албанаас авч хэрэгжүүлж байгаа аюулгүй байдлын арга хэмжээг;

3.1.3."шүүгч, гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээд" гэж тэдгээрийн нөхөр /эхнэр/, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн болон дагавар, үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охиныг.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Тахарын албаны үйл ажиллагааны үндсэн зарчим

4.1.Тахарын алба нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:

4.1.1.шуурхай байх;

4.1.2.энэрэнгүй байх;

4.1.3.нууцлалыг хамгаалах.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТАХАРЫН АЛБА, ТҮҮНИЙ ТОГТОЛЦОО, ЧИГ ҮҮРЭГ

5 дугаар зүйл.Тахарын алба

5.1.Тахарын алба нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн тодорхой төрлийн шийдвэр болон энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий хууль сахиулах бие даасан байгууллага мөн.

5.2.Тахарын алба туг болон бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

5.3.Тахарын алба тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

5.4.Тахарын алба улсын төсвөөс санхүүжих бөгөөд төсөв нь түүний хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан байна.

Хэвлэх

6 дугаар зүйл.Тахарын албаны чиг үүрэг, бүтэц

6.1.Тахарын алба нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх ба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

6.1.1.шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах;

6.1.2.гэрч, хохирогчийг хамгаалах;

6.1.3.яллагдагч, ялтныг хуяглан хүргэх;

6.1.4.яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх;

6.1.5.ялтан шилжүүлэх;

6.1.6.оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах;

6.1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.

6.2.Тахарын алба шаардлагатай тохиолдолд шүүн таслах ажиллагааны явцад хөрөнгө битүүмжлэх, шүүхэд ирсэн нотлох баримтыг хадгалах, хамгаалах, хуулиар шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулахаар заасан зохигч, хэргийн оролцогчийг албадан авчрах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

6.3.Тахарын алба нь Тахарын албаны төв байгууллага болон тойргийн журмаар зохион байгуулагдсан Тахарын албад /цаашид "тойргийн тахарын алба" гэх/-аас бүрдэнэ.

6.4.Тахарын албаны орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу тогтооно.

6.5.Тахарын албаны төв байгууллага нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, захиргааны удирдлага, санхүү, хангалт үйлчилгээ хариуцах, дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий үндсэн бүтэцтэй байна.

6.6.Энэ хуулийн 6.5-д заасан дотоод хяналт-аюулгүй байдлын нэгжийг бусад чиг үүрэг хариуцсан нэгжээс бие даалган байгуулна. Дотоод хяналт-аюулгүй байдлын алба хаагчийг тус нэгжийн даргад мэдэгдэхгүйгээр томилох, өөрчлөх, чөлөөлөхийг хориглоно.

6.7.Тахарын албаны шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх үндсэн бүтэц нь дараах чиг үүрэг бүхий нэгжтэй байна:

6.7.1.шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах;

6.7.2.гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах;

6.7.3.мөрдөн шалгах, эрэн сурвалжлах;

6.7.4.яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах;

6.7.5.бусад нэгж.

6.8.Тойргийн тахарын албаны зохион байгуулалтын бүтцийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

6.9.Тойргийн тахарын албаны үйл ажиллагааг тойргийн тахар өдөр тутмын шуурхай удирдлагаар хангаж ажиллана.

6.10.Тахарын алба дэргэдээ сургалтын түшиц газар, өөрийн үйл ажиллагааны чиглэлээр шинжилгээ, судалгаа явуулах үүрэг бүхий нэгжтэй байж болно.

Хэвлэх

7 дугаар зүйл.Тахарын албаны төв байгууллагын чиг үүрэг

7.1.Тахарын албаны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.1.1.Тахарын албаны үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

7.1.2.Тахарын албаны үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах;

7.1.3.Тахарын албаны алба хаагчийг зэвсэг техник, нэг бүрийн тусгай хэрэгсэл, хувцас, бусад хэрэгслээр хангах;

7.1.4.алба хаагчийг сургах, давтан сургах, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах;

7.1.5.Тахарын албаны алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

7.1.6.дотоод, гадаадын байгууллагатай харилцах, хамтран ажиллах;

7.1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.

Хэвлэх

8 дугаар зүйл.Тэргүүн тахарын бүрэн эрх

8.1.Тахарын албыг тэргүүн тахар удирдах бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.Тахарын албаны үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, удирдах;

8.1.2.Тахарын албаны үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн батлах, мөрдүүлэх;

8.1.3.Тахарын албаны чиг үүрэгтэй холбогдсон асуудлаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд мэдээлэл өгөх, санал тавих;

8.1.4.Тахарын албаны үйл ажиллагааны талаар гарсан гомдлыг шийдвэрлэх;

8.1.5.Тахарын албыг төлөөлж дотоод, гадаадын байгууллагатай харилцах, хамтран ажиллах;

8.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

9 дүгээр зүйл.Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ

9.1.Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

9.1.1.шүүхийн харуул хамгаалалтыг хэрэгжүүлэх, шүүх хуралдааны журам сахиулах;

9.1.2.шүүхийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өөрчлөх, засварлахад аюулгүй байдлын зөвлөмж гаргах;

9.1.3.шүүгчид аюулгүй байдлын хамгаалалтын талаар сургалт явуулах;

9.1.4.шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах;

9.1.5.яллагдагчийг хуяглан хүргэх;

9.1.6.шүүхийн дуудснаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх;

9.1.7.оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах, баривчлах.

9.2.Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахдаа хамгаалалтын дараах арга хэмжээг авна:

9.2.1.урьдчилан сануулах;

9.2.2.биечилсэн болон техникийн хамгаалалт зохион байгуулах;

9.2.3.бусад хамгаалалт.

9.3.Шүүн таслах ажиллагаа явуулахтай холбогдуулж шүүгч, түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэнд, шүүгчийн эд хөрөнгөд хохирол учирсан, эсхүл учирч болзошгүй бодит нөхцөл байдал үүсвэл шүүгч өөрийгөө болон өөрийн хамаарал бүхий этгээд, эд хөрөнгөө хамгаалалтад авахуулах тухай хүсэлтээ тойргийн тахарын албанд гаргана.

9.4.Тойргийн тахар хүсэлтийг хүлээн авч нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 9.2-т заасан хамгаалалтын арга хэмжээг нэн даруй зохион байгуулна.

9.5.Шүүгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний хугацааг тойргийн тахар тогтоох бөгөөд уг хугацааг сунгах шаардлагатай гэж үзвэл тэргүүн тахард танилцуулж шийдвэрлэнэ.

9.6.Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална.

9.7.Тахарын алба шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай гэж үзвэл улсын яллагчийг хамгаалалтад авч болно.

Хэвлэх

10 дугаар зүйл.Урьдчилан сануулах

10.1.Шүүх, шүүгчийн аюулгүй байдалд заналхийлж, хор аюул учруулж болзошгүй нь тогтоогдсон этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн талаар Тахарын албаны алба хаагч бичгээр урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Биечилсэн болон техникийн хамгаалалт

11.1.Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Тахарын албанаас тодорхой хугацаагаар биечлэн, эсхүл тусгай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан хяналт тавьж хамгаална.

11.2.Шүүх, шүүгчийн аюулгүй байдалд хохирол учирсан, эсхүл учирч болзошгүй бодит нөхцөл байдал тогтоогдвол биечилсэн болон техникийн хамгаалалтын арга хэмжээг нэн даруй авна.

11.3.Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12.1-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангаж, шаардлагатай гэж үзвэл шүүгчийн биед болон гэрт тусгай техник хэрэгсэл суурилуулж болно.

Хэвлэх

12 дугаар зүйл.Бусад хамгаалалтын арга хэмжээ

12.1.Шаардлагатай тохиолдолд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан аюулгүй байдлын хамгаалалтын бусад арга хэмжээг хэрэглэнэ.

Хэвлэх

13 дугаар зүйл.Шүүх хуралдааны журам сахиулах, аюулгүй байдлыг хангах

13.1.Тахарын алба шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

13.2.Шүүх хуралдааны журам сахиулах, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Тахарын албанаас шүүхийн хуягийг томилно.

13.3.Тахарын албанаас шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах явцад аюултай, гэнэтийн нөхцөл байдал үүсвэл шүүх хуралдааныг түр хугацаагаар завсарлуулахаар шүүх хуралдаан даргалагчид үндэслэл бүхий санал тавьж шийдвэрлүүлнэ.

13.4.Тахарын алба нь шүүх хуралдааны явцад үүсч болох эрсдэлтэй нөхцөл байдалд дүгнэлт хийж цаашид хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид үндэслэл бүхий санал хүргүүлж болно.

13.5.Шүүх хуралдааны журам сахиулах нарийвчилсан журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Шүүхийн хуяг, түүний эрх хэмжээ

14.1.Тэргүүн тахар нь тухайн тойргийн шүүхэд ажиллах хуягийн тоог холбогдох шүүхийн тамгын газрын даргатай зөвшилцөн тогтоож, Тахарын албаны алба хаагчийг шүүхийн хуягаар томилно.

14.2.Шүүхийн хуяг тойргийн тахарын албаны бүрэлдэхүүнд багтах бөгөөд түүнийг Тахарын алба мэргэжлийн удирдлагаар хангана.

14.3.Шүүхийн хуяг шүүхийн дотоод журамд захирагдан ажиллах бөгөөд түүний үйл ажиллагаанд шүүхийн тамгын газрын дарга ерөнхий хяналт тавина.

14.4.Шүүхийн тамгын газрын дарга нь шүүхийн хуягийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлтээ харьяалах Тахарын албаны удирдлагад танилцуулна.

14.5.Шүүх хуралдааны журам сахиулах хуяг нь энэ хуульд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.5.1.цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийг шүүх хуралдаанд хүргэж ирсэн хуяглан хүргэгчээс хүлээн авах;

14.5.2.яллагдагчийг хяналтдаа байлган шүүх хуралдаанд хуяглан харгалзах;

14.5.3.шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах;

14.5.4.шүүх хуралдааны дэг зөрчсөн яллагдагч, зохигч, оролцогчийг шүүгчийн захирамжийн дагуу хуралдааны танхимаас гаргах, дуудсан үед оруулах;

14.5.5.танхимд байгаа бусад хүн шүүх хуралдааны журам зөрчсөн бол шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрээр танхимаас гаргах;

14.5.6.шүүх хуралдааны явцад болон завсарлах хугацаанд цагдан хоригдсон яллагдагчийг өмгөөлөгчөөс бусад хүнтэй уулзуулахгүй байх, бусдаас эд зүйл авах, дамжуулахгүй байх арга хэмжээг авах;

14.5.7.хорих ялаар шийтгэгдсэн ялтныг хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр хяналтдаа байлган гэр бүлийнхэнтэй нь уулзуулах;

14.5.8.ялтныг хуяглан хүргэгчид хүлээлгэн өгөх.

14.6.Шүүхийн харуул хуяг нь шүүхийн байрыг хамгаалж, журмын дагуу үзлэг шалгалт хийн шүүхийн байранд нэвтрүүлэх, шүүхийн байрны гадна орчны аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

14.7.Тахарын алба нь батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан иргэнийг тав хүртэл жилийн хугацаагаар гэрээгээр ажиллуулж, шүүхийн харуул хуягийн үүргийг гүйцэтгүүлж болох ба тухайн иргэнд уг албан тушаалын цалингийн тавин хувиар тооцож хөлс олгоно.

14.8.Шүүх хуралдааны явцад эсэргүүцэл үзүүлэх, эмх замбараагүй байдал үүсч болзошгүй нөхцөл байдал үүсвэл Тахарын алба болон цагдаагийн байгууллагаас нэмэлт хүч татан ирүүлэх ажлыг тухайн тойргийн тахар зохион байгуулна.

14.9.Тахарын алба шүүхийн хуягт галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгслийг албан хэрэгцээнд олгож, ашиглалтад хяналт тавина. Шүүхийн харуул хуягийг гэрээгээр гүйцэтгэж байгаа ажилтанд галт зэвсэг олгохгүй.

14.10.Шүүх бүрэлдэхүүн, хуралдаанд оролцогчийн амь нас, эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан, эсхүл шүүх хуралдааныг хэвийн явуулах боломжгүй болсон тохиолдолд шүүхийн хуяг биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэглэнэ.

14.11.Шүүхийн хуяг нь шүүх хуралдааны үед хуралдаан даргалагчид захирагдана.

Хэвлэх

15 дугаар зүйл.Яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх ажиллагаа

15.1.Тахарын алба нь яллагдагч, гэрчийг шүүгчийн захирамжийн дагуу шүүхэд албадан ирүүлнэ.

15.2.Шүүхэд албадан ирүүлэх ажиллагааны зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

Хэвлэх

16 дугаар зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах

16.1.Тахарын алба нь гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх ажлыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

16.2.Тахарын алба хорих ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалалтад авах ажиллагааг зохион байгуулна.

16.3.Тахарын албаны хамгаалалтад гэмт хэрэгтэй тэмцэх бусад байгууллага өөрийн мөрдөн шалгаж байгаа гэмт хэргийн гэрч, хохирогчийг шилжүүлэн өгч болно.

Хэвлэх

17 дугаар зүйл.Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах

17.1.Тахарын алба дараах тохиолдолд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулна:

17.1.1.шүүх, шүүгчийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх;

17.1.2.оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах;

17.1.3.гэрч, хохирогч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг хамгаалах аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЯЛЛАГДАГЧ, ЯЛТНЫГ ХУЯГЛАН ХҮРГЭХ, ОРГОН ЗАЙЛСАН

ЯЛЛАГДАГЧ, ЯЛТНЫГ ЭРЭН СУРВАЛЖЛАХ

18 дугаар зүйл.Яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах

18.1.Тахарын алба нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуяглан хүргэх ажиллагааг дараах тохиолдолд зохион байгуулна:

18.1.1.яллагдагчийг цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд, шүүх хуралдаанаас цагдан хорих байранд хүргэх;

18.1.2.шүүхийн шийдвэрээр хорих ялаар шийтгүүлсэн ялтныг хорих ангид, шүүх хуралдаанд оролцох ялтныг хорих ангиас шүүх хуралдаанд, шүүх хуралдаанаас хорих ангид хүргэх;

18.1.3.цагдан хорих байрыг нүүлгэн шилжүүлэх.

18.2.Шаардлагатай гэж үзвэл яллагдагч, ялтныг хуяглан хүргэх хугацаанд үзэгдэх орчинг хязгаарлаж болно.

18.3.Хуяглан хүргэх ажиллагааг тусгай тоноглосон автомашинаар шаардлагатай үед галт тэрэг, нисэх онгоцоор тээвэрлэн хүргэнэ.

18.4.Яллагдагч, ялтныг галт тэрэг, нисэх онгоцоор хуяглан хүргэхдээ хүлээн авах Тахарын алба, цагдаагийн байгууллагын удирдлагад урьдчилан мэдэгдэнэ.

18.5.Цагдан хоригдож байгаа яллагдагч нь эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорих байраас гадуур эмчлүүлэх шаардлагатай болсон бол Тахарын алба хуяглан харгалзана.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Хуяглан хүргэх харуул, түүний гүйцэтгэх үүрэг

19.1.Энэ хуулийн 18.1-д заасан яллагдагч, ялтныг хуяглан хүргэх үүргийг Тахарын албаны хуяглан хүргэх харуул гүйцэтгэнэ.

19.2.Хуяглан хүргэх ажиллагааг ердийн журмаар болон хүч нэмэгдүүлэн гүйцэтгэнэ.

19.3.Нийтэд аюул учруулах магадлал багатай яллагдагч, ялтныг ердийн журмаар хуяглан хүргэнэ.

19.4.Шаардлагатай гэж үзвэл яллагдагч, ялтныг хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэнэ. Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагааны журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална.

19.5.Тахарын алба хуяглан хүргэх болон хуяглан харгалзах алба хаагчид галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгслийг албан хэрэгцээнд олгож, ашиглалтад хяналт тавина.

19.6.Яллагдагч, ялтан оргох, оргохоор завдах, эсхүл Тахарын албаны алба хаагчид халдсан үед алба хаагч биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэглэнэ.

19.7.Хуяглан хүргэх ажиллагаанд албаны нохой ашиглаж болно.

Хэвлэх

20 дугаар зүйл.Хуяглан хүргэх болон хуяглан харгалзахад хориглох зүйл

20.1.Хуяглан хүргэх болон хуяглан харгалзахад дараах зүйлийг хориглоно:

20.1.1.галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, харуулын үүргийг бусдад шилжүүлэх;

20.1.2.зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд галт зэвсгийг сумлах;

20.1.3.зориулалтын бус тээврийн хэрэгсэл ашиглах;

20.1.4.хуяглан хүргэж байгаа тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд гадны хүн, ачаа тээвэрлэх;

20.1.5.техникийн аюулгүй байдал хангагдаагүй тээврийн хэрэгсэл ашиглах;

20.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүргэх чиглэл, байршлыг өөрчлөх;

20.1.7.хуяглан хүргэх болон хуяглан харгалзаж байгаа этгээдийг хяналтгүй орхих, гадны хүнтэй уулзуулах;

20.1.8.зурвас, захиа, холбооны хэрэгсэл, эд зүйлс дамжуулж өгөх, авах;

20.1.9.хуяглан хүргэх ажиллагааны нууцлалыг задруулах;

20.1.10.хуульд заасан бусад зүйл.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Ялтан шилжүүлэх

21.1.Тахарын алба нь ялтныг гадаад улсад шилжүүлэх, гадаад улсаас шилжүүлэн авах ажиллагааг гүйцэтгэнэ.

21.2.Ялтан шилжүүлэхэд нисэх онгоц, галт тэрэг, тусгай тоноглосон автомашин ашиглана.

Хэвлэх

22 дугаар зүйл.Цагдан хорих байр, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед яллагдагч, ялтныг хуяглан хүргэх

22.1.Цагдан хорих байрыг нүүлгэн шилжүүлэхэд Тахарын алба яллагдагчийг хуяглан хүргэх ажиллагааг зохион байгуулна.

22.2.Хорих ангийг өөрчлөн байгуулах, татан буулгах болон байгалийн гамшиг учирсан үед нүүлгэн шилжүүлэхэд Тахарын алба хорих байгууллагын хүсэлтээр ялтныг хуяглан хүргэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж болно.

22.3.Хуяглан хүргэх, нүүлгэн шилжүүлэх ажиллагааны журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

23 дугаар зүйл.Оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах

23.1.Тахарын алба шүүгч, улсын яллагч, гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ.

23.2.Эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулах үед нийслэл, аймаг, сум, дүүргийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хотын захирагч, цагдаа, хорих, батлан хамгаалах, хил хамгаалах алба зэрэг байгууллагаас хүн хүч, зэвсэг, автомашин, шатахуун, техник хэрэгсэл, түр байрлах байр шаардан гаргуулах, дайчлан ашиглаж болно.

23.3.Тахарын албаны алба хаагч нь эрэн сурвалжлах ажиллагааны үед боомт, хилийн зурвас, гааль, төрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтрэн ажиллах эрхтэй.

23.4.Ялтан оргон зайлсан тохиолдолд тухайн хорих байгууллага Тахарын албанд нэн даруй мэдэгдэж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хүргүүлэх үүрэгтэй.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Хорих байгууллагад онцгой нөхцөл байдал үүссэн үед хамтран ажиллах

24.1.Хорих байгууллагад бусдыг барьцаалах, өмч хөрөнгө эвдэж сүйтгэх, галдан шатаах зэрэг нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн нөхцөлд Тахарын алба хорих ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор хорих байгууллагатай хамтран ажиллана.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ТАХАРЫН АЛБАНЫ АЛБА ХААГЧ, АЖИЛТАН,

ТЭДГЭЭРИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

25 дугаар зүйл.Тахарын албаны албан тушаалын төрөл, ангилал, цол

25.1.Тахарын алба нь төв байгууллагын дарга, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэг хариуцсан тэргүүн дэд дарга, захиргааны удирдлага, санхүү, хангалт, үйлчилгээ хариуцсан дэд даргатай байна.

25.2.Дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах чиг үүрэг хариуцсан нэгжийн дарга нь Тахарын албаны дэд дарга байна.

25.3.Тахарын албаны төв байгууллагын дарга нь тэргүүн тахар, тэргүүн дэд дарга нь тэргүүн шадар тахар, дэд дарга нь шадар тахар, тойргийн тахарын албаны дарга нь тойргийн тахар, тойргийн тахарын албаны дэд дарга нь тойргийн шадар тахар, нэгжийн дарга нь тахар цолтой байна.

25.4.Энэ хуулийн 25.3-т зааснаас бусад алба хаагч нь туслах тахар цолтой байна.

25.5.Тэргүүн тахар, тэргүүн шадар тахар, шадар тахар цолыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тойргийн тахар, тойргийн шадар тахар, тахар, туслах тахар цолыг тэргүүн тахар тус тус олгоно.

Хэвлэх

26 дугаар зүйл.Тахарын албаны тангараг

26.1.Тахарын албаны алба хаагч "Монгол Улсын иргэн би Монгол Улсын Тахарын албанд алба хаахдаа хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж ажиллахаа батлан тангараглая. Тангарагаа зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ." гэж тангараг өргөнө.

26.2.Тахарын албаны алба хаагчийн тангараг өргөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

27 дугаар зүйл.Тэргүүн тахар, тэргүүн шадар тахар, шадар тахар, тойргийн тахар, тойргийн шадар тахар, тахар, тэдгээрийг томилох, чөлөөлөх

27.1.Монгол Улсын тэргүүн тахарыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

27.2.Тэргүүн шадар тахар, шадар тахарыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тойргийн тахар, тойргийн шадар тахар, тахарыг тэргүүн тахар тус тус томилж, чөлөөлнө.

27.3.Тэргүүн тахар, тэргүүн шадар тахар, шадар тахар, тойргийн тахар, тойргийн шадар тахар, тахард нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:

27.3.1.Тэргүүн тахард нэр дэвшигч нь таваас доошгүй жил хуульчаар, эсхүл хууль сахиулагчаар ажилласан, удирдах ажлын дадлага туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй;

27.3.2.Тэргүүн шадар тахар, шадар тахар, тойргийн тахард нэр дэвшигч нь хууль сахиулагчаар арваас доошгүй жил ажилласан, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй;

27.3.3.Тойргийн шадар тахар, тахард нэр дэвшигч нь хууль сахиулагчаар таваас доошгүй жил ажилласан.

27.4.Тойргийн тахар, тойргийн шадар тахар, тахар нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа тухайн тойрогтоо амьдрах бөгөөд томилогдсон тойрогт гэр бүлээрээ амьдрах нөхцөлийг Тахарын алба хангана.

Хэвлэх

28 дугаар зүйл.Тахарын албаны алба хаагч, ажилтан

28.1.Тахарын албанд батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллагад алба хаагчаар гурваас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, 35 хүртэлх насны Монгол Улсын иргэнийг эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсролын болон ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг харгалзан томилно.

28.2.Энэ хуулийн 28.1-д заасан алба хаагчийг тэргүүн тахар томилж, чөлөөлнө.

28.3.Тахарын алба нь тухайн албаны үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий захиргааны ажилтантай байна.

28.4.Тахарын албаны захиргааны ажилтан нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн захиргааны албан хаагчид тавигдах болзол, шаардлагыг хангасан байна.

Хэвлэх

29 дүгээр зүйл.Тахарын албаны алба хаагчийн дүрэмт хувцас

29.1.Тахарын албаны алба хаагч дүрэмт хувцас, хувийн дугаар бүхий таних тэмдэгтэй байна.

29.2.Тахарын албаны алба хаагчийн дүрэмт хувцас, таних тэмдгийн загвар, хэрэглэх журам болон энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан цол олгох журмыг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тогтооно.

Хэвлэх

30 дугаар зүйл.Тахарын албаны алба хаагчийн эрх, үүрэг, баталгаа, хориглох зүйл

30.1.Тахарын албаны алба хаагчийн эрх, үүрэг, баталгаа болон хориглох зүйлийг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

Хэвлэх

31 дүгээр зүйл.Тахарын албаны алба хаагчид олгох нөхөн олговор, тэтгэмж

31.1.Тахарын албаны алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд тухайн алба хаагчийн гэр бүлийн нэг гишүүнд түүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн туршид сар тутам олгоно.

31.2.Энэ хуулийн 31.1-д заасан тэтгэмжийг авах эрх бүхий гэр бүлийн гишүүний дарааллыг дараах байдлаар тогтооно:

31.2.1.тухайн алба хаагчтай гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр /нөхөр/;

31.2.2.насанд хүрээгүй хүүхэд;

31.2.3.тухайн алба хаагчтай хамт амьдарч, асрамжид байсан эцэг, эх, насанд хүрээгүй дүү;

31.2.4.тухайн алба хаагчийн асрамжид байсан төрсөн ах, эгч, дүү нь хөгжлийн бэрхшээлтэй бол.

31.3.Энэ хуулийн 31.2-т заасан эрх бусдад шилжихгүй.

31.4.Тахарын албанаас чөлөөлөгдсөн иргэнийг урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулсан бол энэ хуулийн 31.1-д заасан баталгаа нэгэн адил хамаарна.

31.5.Энэ хуулийн 31.1-д заасан зардлыг Засгийн газар хариуцан гаргаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

Хэвлэх

32 дугаар зүйл.Тахарын албаны галт зэвсэг

32.1.Тахарын албаны алба хаагч биедээ галт зэвсэг авч явах эрхтэй.

32.2.Галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл, журмыг холбогдох хуулиар зохицуулна.

Хэвлэх


ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТАХАРЫН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ,

ХАРИУЦЛАГА, БУСАД ЗҮЙЛ

33 дугаар зүйл.Тахарын албаны үйл ажиллагаанд тавих хяналт

33.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Тахарын албаны үйл ажиллагаанд Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хяналт тавина.

33.2.Шүүх, прокурорын байгууллага нь Тахарын албаны хууль сахиулах үйл ажиллагаанд холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт тавина.

33.3.Тахарын албаны мөрдөн шалгах нууц ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилтэд Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо хяналт тавина.

33.4.Тахарын албаны төв байгууллага нь тойргийн тахарын албаны үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж, хууль тогтоомж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлж, илэрсэн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авна.

Хэвлэх

34 дүгээр зүйл.Тахарын албаны үйл ажиллагаанд гомдол гаргах

34.1.Тахарын албаны үйл ажиллагааны талаарх гомдлыг тухайн байгууллагын удирдлага, эсхүл дээд шатны байгууллагад гаргана.

34.2.Гомдлыг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан тав хоногийн дотор шалгаж, хариу өгнө.

34.3.Энэ хуулийн 34.2-т заасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.

Хэвлэх

35 дугаар зүйл.Тахарын албаны алба хаагчийн ёс зүйн дүрэм

35.1.Тахарын албаны алба хаагч нь Тахарын албаны алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана.

35.2.Тахарын албаны алба хаагчийн ёс зүйн дүрмийг Тахарын албаны төв байгууллагын дарга батална.

35.3.Тахарын албаны алба хаагчийн сахилга, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

Хэвлэх

36 дугаар зүйл.Мэдээллийн сан

36.1.Тахарын алба нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд туслах тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан, сүлжээ байгуулж ашиглана.

36.2.Тахарын албаны мэдээллийн сан нь төрийн нууцад хамаарна.

Хэвлэх

37 дугаар зүйл.Тахарын албаны тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

37.1.Тахарын албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол энэ хууль болон Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Тахарын албаны алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна.

37.2.Тахарын алба, алба хаагчийн энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүрэгтэй нь холбогдуулан алба хаагч, түүний хамаарал бүхий этгээдийг болон тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдсөн иргэнийг заналхийлсэн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

37.3.Энэ хуулийн 37.2-т заасан "хамаарал бүхий этгээд" гэдгийг энэ хуулийн 3.1.3-т заасны дагуу ойлгоно.

Хэвлэх

38 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

38.1.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД