Хэвлэх DOC Татаж авах
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль,  Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын  эсрэг хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль,  Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын  тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн  холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай  маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр                                                                                                                                                                  Улаанбаатар хот

Дугаар 02

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын

эсрэг хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын

тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

 

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны  танхим 13.00 цаг

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч  дарга  Н.Жанцан  даргалж,   гишүүдэд   П.Очирбат,   Т.Лхагваа,   Д.Наранчимэг /илтгэгч/, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ц.Эрдэнэцогт болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “ял шийтгүүлж байгаагүй”, Прокурорын байгууллагын тухай хууль /2002 он/ -ийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “... ял шийтгүүлж байгаагүй ...”, Авлигын эсрэг хууль /2006 он/ -ийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн “... эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/ -ийн 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалтын “ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт”, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/ -ийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтын “ял шийтгүүлж байгаагүй” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.” гэснийг  зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн оршин суугч, иргэн Ц.Эрдэнэцогт Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй, Тавин нэгдүгээр зүйлийн 3-т “...хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж байдаг.

Гэтэл хууль хяналтын байгууллагуудын эрх зүйн үндсийг тогтоосон хуулиудад тэдгээрт ажиллах боловсон хүчин, ажилтнуудад тавих шаардлагад 2002 оны 07 сарын 04-нд батлагдсан одоо үйлчилж байгаа Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “ял шийтгүүлж байгаагүй”, 2012 оны 3 дугаар сарын 07-нд батлагдсан 2013 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдөх Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “ял шийтгүүлж байгаагүй”, 2002 оны 7 дугаар сарын 04-нд батлагдсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “... ял шийтгүүлж байгаагүй ...”, 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д ял шийтгүүлж байгаагүй, 2012 оны 03 дугаар сарын 07-нд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгох журмын 19.2.2-д “ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт”, 2012 оны 5 дугаар сарын 22-нд батлагдсан 2013 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдөх Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн Иргэдийн төлөөлөгчид тавих шаардлагын 5.1.3-т “ял шийтгүүлж байгаагүй” байх гэсэн эдгээр заалтууд, шаардлагууд нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн, мөн дээр дурьдсан Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж иргэн хүнийг ажил мэргэжлээ чөлөөтэй сонгож ажиллах боломжийг хааж байна.

Учир нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх нь хүний өөрийгөө болоод амьдралаа авч явах, авъяас чадвараа нээж олон түмэнд зориулах, нэр төртэй байх, хүний оршин ахуйтай холбогдсон үндсэн эрх юм. Дээрх заалтууд нь хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгоё гэхэд урьд нь чи тийм хэрэг хийж байсан учир энэ ажлыг сонгож, энэ ажилд орж болохгүй гэсэн хүний эрхийн зөрчил болж байна.

Хүнийг өмнө нь хийсэн алдаагаар нь ялгаварладаг, түүнтэй нь холбогдуулан сөрөг үр дагавар эрхийн хязгаарлалт тогтоодог, хүний эрхийг боомилдог байдал Үндсэн хуульд, Үндсэн хуулийн үзэл санаанд яавч нийцэхгүй. Хүн урьд хийсэн хэрэг, алдааныхаа төлөө энэ нийгэмд адлагдах ёсгүй.

Улс үндэстнүүдийн Үндсэн хуулийн эх сурвалж болсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалттай ч харшилж байгаа юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд Хүн бүр хөдөлмөрлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэйг тусгахын зэрэгцээ аливаа ялгаврал гадуурхал байх ёсгүй, тэгш эрхтэй байх талаар заасан байдаг.

Хуулиар алагчлал тогтоосон нь ардчилсан ёс биш, тэгш байдал биш, шударга ёс биш юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим биш юм. Амьдрал баян байдаг алдааг хүн санаатай, санамсаргүй гаргадаг алдаан дээрээ сурдаг, тэгж байж өөрийгөө олж хүн болдог нь ч бий. Энэ нь хүнийг насан турш нь ямар нэг байдлаар дагалдах хар толбо, хар сүүдэр байх ёсгүй. Хүнийг хийсэн хэргийнх нь төлөө баалдаг нүүр хацар дээр нь тамга дардаг явдал аль 300 зууны тэртээ өнгөрсөн. Чи алдсан л бол хэрэгт орж байсан л бол муу хүн гэсэнтэй адил байна. Эдгээр хуулийн заалтууд түүнийг боловсруулж батлаж байгаа эрх бүхий хүмүүс ийм л байх ёстой юм шиг ойлгосон байна. Энэ хаанаас эхтэй вэ гэвэл бурангуй ёсноос эхтэй, хууль зүйн шинжлэх ухааны хоцрогдлоос эхтэй. Энийг засах ёстой. Хүнд эрх, боломжийг улам нээж олгох ёстой.  Дээрх заалтуудыг заслаа гэхэд хүний эрх хангагдаж хамгаалагданауу гэхээс алдаа завхрал болохгүй. Өөрөөр хэлбэл дээрдэнэ үү гэхээс доордохгүй.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа дууссанаас хойш хэнд ч түүнтэй холбоотой ямар нэг сөрөг үр дагавар дагалдах ёсгүй. Нийгэм хөгжөөд ирэхээр хууль эрх зүйн ухамсар, соёл дээшлээд ирэхээр ялтайд тооцогдох хугацаа ч байхгүй болж хүн хийсэн хэргийнхээ төлөө нэг  л удаа шийтгүүлдэг болох, өөр ямар нэг асуудалгүй энэ нийгмийн иргэн бүртэй яг ижил эрх эдэлдэг болох учиртай юм.

Иймд миний хүсэлт бол дээрх хуулиудад байгаа ял шийтгүүлж байгаагүй гэсэн заалтыг хүчингүй болгох, ял шийтгэлгүй байх гэсэн заалтаар солих нь Үндсэн хуульд болон өнөөгийн хөгжил шаардлагад нийцнэ гэж үзэж байна.” гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2013 оны 4 дүгээр сарын 24ий өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

“... Нэг. Шүүхийн тухай болон Авлигатай тэмцэх тухай хуулийн талаар:

  1. Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөх болсонтой холбогдуулан өргөдөл гаргагчаас  өргөдөлдөө дурдсан буюу 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдөр баталсан Шүүхийн тухай хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцов. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай шинэчлэн найруулсан хуулиар шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагын асуудлыг зохицуулаагүй билээ.
  1. Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн "Авлигтай тэмцэх газрын албан хаагч ял шийтгүүлж байгаагүй,..." гэснийг буюу 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн хуулиар тодруулан зохицуулж, өөрчилсөн билээ. Иймд өнөөдөр хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа Авлигын эсрэг хуулийн 19.1 дэх хэсгийн заалтад "... ял шийтгүүлж байгаагүй..." гэсэн хуулийн нэр томъёо байхгүй болно.

Хоёр. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн талаар:

Өргөдөл гаргагч Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг, 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр баталсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн "ял шийтгүүлж байгаагүй" гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчиж, иргэнийг ажил мэргэжлээ чөлөөтэй сонгож ажиллахаар заасан хүний үндсэн эрхийг боомилж байгаа талаар мэдүүлжээ.

Хууль тогтоох практикт Үндсэн хуулийн утга санааг нухацтай ойлгож, хурааангуй томъёоллыг нь бусад органик хуулиар тодруулан дэлгэрүүлж хэрэгжүүлдэг билээ.

Үндсэн хуулиар 1/ хууль зүйн дээд боловсролтой, 2/ мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, 3/ Монгол Улсын иргэн, 4/ хорин тав нас хүрсэн байхаар заасан нь шүүгчээр ажиллах хүний үндсэн шалгуур /болзол/ болно. Мөн Төрийн албаны тухай хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй байх зэрэг тусгай болзол шаардлагыг хуульчилсан.

Түүнчлэн Прокурорын байгууллагын тухай хуулиар "хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй, эсхүл прокурорын туслахаар хоёроос доошгүй жил ажилласан, хорин гурван нас хүрсэн байх" гэсэн хууль зүйн тусгайлсан болзол, шаардлагыг прокуророор ажиллах хүнд тавигдсан байна.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан зэрэг нь төрийн тусгай албан тушаалд хамааруулахаар Улсын Их Хурлаас 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулиар тогтоосон билээ.

Мөн төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай асуудал нийтийн эрх зүйн салбарт хамаарах бөгөөд төрийн албан хаагч нь төрийг төлөөлж, түүний ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг этгээд өөрөөр хэлбэл төрийн албан тушаалтан мөн.

Гурав. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар:

Мөн шүүх эрх мэдлийн байгууллагын шүүн таслах ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хэрэг, эрх зүйн маргаан /цаашид "хэрэг, маргаан" гэх/-ыг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулах асуудлыг Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан болно.

Иймд мэргэшсэн шүүгчийн нэгэн адил шүүх бүрэлдэхүүнд орж хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхэд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлагыг хуулиар тогтоож өгөх нь зүйтэй гэж хууль тогтоогч үзсэн билээ.

Өргөдөл гаргагч мөн дээр дурдсан хуулийн заалтууд нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын "хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох эрхтэй бөгөөд аливаа ялгаврал, гадуурхал байх ёсгүй" гэсэн 23 дугаар зүйлтэй харшилж байгаа бөгөөд хуулиар алагчлал тогтоосон нь ардчилсан ёс биш, тэгш байдал биш, шударга ёс биш" гэжээ.

Монгол Улс 1959 оны 5 дугаар сарын 10-ны өдөр соёрхон баталсан Алагчилахгүй /ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт/ тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тухай 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн 2-т "тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг "алагчилах" хэмээх ойлголтод хамааруулахгүй гэж заасан билээ.

Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 29 дүгээр зүйлийн 2-т "хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлагыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй" гэсэн байна.

            Дээр дурдсан Олон улсын баримт бичгээс үзэхэд төрийн тусгай албан хаагчид тавигдаж буй шаардлага алагчлал биш бөгөөд зарим нэг хязгаарлалтыг үндэсний хуулиар тогтоосон тохиолдолд хуулийн зөрчил гэж тооцогдохгүй болно.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн албаны онцлог субьект бөгөөд хэрэгжүүлж буй чиг үүргээс хамааран дээрх субьект нь боловсрол, мэдлэг, ёс зүй, ур чадвар, хувь хүний үнэт зан чанарын хувьд төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэгч энгийн ажил, албан тушаал эрхлэгч иргэдээс ялгагдахаар нэмэлт тусгай шаардлага тавих үндэслэл болж байдаг. Гол төлөв эдгээр нэмэлт, тусгай шаардлага нь төрийн тусгай албан хаагчдын хувьд мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс зүйн хувьд шударга байх явдлаар илэрхийлэгддэг бөгөөд энэ нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх гол хүчин зүйл болдог.

Дээр дурдсанаас үзэхэд гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байгаагүй, бусдын нөлөөнд автахгүй, шударга ёсыг эрхэмлэдэг шүүгчээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлж байгаа иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "... шударга шүүхээр шүүлгэх ..." гэсэн үндсэн эрхээ баталгаатай эдэлж, хуулийг дээдэлсэн, гагцхүү хуульд захирагддаг шударга шүүхэд хандаж зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулж байгаадаа итгэл дүүрэн байх болно.

Иймд Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн "ял шийтгүүлж байгаагүй" гэсэн, Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "ял шийтгүүлж байгаагүй" гэсэн, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтууд нь өргөдөл гаргагчийн өргөдөлдөө дурдсан "иргэн хүнийг ажил мэргэжлээ чөлөөтэй сонгож ажиллах боломжийг хаасан, үндсэн эрхийг боомилсон" гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнд орж хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхэд оролцох иргэдийн төлөөлөгч, мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүмүүсийн албан тушаалын болон ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийг харгалзан ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлагыг хангахад чиглэгдсэн тусгай шаардлага, шалгуурыг тэдэнд тавьж холбогдох хуулиудад бэхжүүлсэн нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна.

2.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Прокурорын байгууллагын тухай хууль /2002 он/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан “ял шийтгүүлж байгаагүй” гэсэн хэсэг, Авлигын эсрэг хууль /2006 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “... эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ...”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-д “ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт” гэсэн хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ял шийтгүүлж байгаагүй”, Прокурорын байгууллагын тухай хууль /2002 он/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “...ял шийтгүүлж байгаагүй...”, Авлигын эсрэг хууль /2006 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “... эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ...”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-д “ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт”, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай  хууль /2012 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “ял шийтгүүлж байгаагүй” гэсэн хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын ”...ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Н.ЖАНЦАН

ГИШҮҮД                                                         П.ОЧИРБАТ

Т.ЛХАГВАА

Д.НАРАНЧИМЭГ

Б.ПҮРЭВНЯМ