Хэвлэх DOC Татаж авах
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим      заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг     зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр                                                                                                                                                                        Улаанбаатар хот

Дугаар 03

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим

заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

 

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат /илтгэгч/, Ц.Сарантуяа, Д.Сугар, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Ц.Мөнхбат, өмгөөлөгч Н.Ганхуяг нар оролцов. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

Хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай  захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэсний “...давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн заалт нь Монгол  Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Ц.Мөнхбат Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргасан байна. Энэ хуулиар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргахгүй байхаар хуульчилжээ.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “...шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй...” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тухайлбал, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдах хуулийн шаардлагыг хангасан ялтан холбогдох шүүх хуралдаанаас түүнийг “тэнсэн суллахгүй” гэсэн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзсэн, мөн шүүхийн шатанд процессын журам зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэртэй бусад байдлаар санал нийлээгүй тохиолдолд Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ хангуулах, зөрчигдсөн эрхээ сэргээх зорилгоор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах боломжийг хаасан заалт болжээ.

Нөгөө талаар, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200-А тогтоолоор баталсан “Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон Улсын пакт”-ын 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ямар нэгэн гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр ... хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй ...” гэж заасан агуулгад нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “... давж заалдах гомдол гаргаж болохгүй ...” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “ ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй” гэсэн заалттай харшилж байгаа тул уг асуудлыг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байна.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрхийг баталгаажуулсан байдаг бөгөөд энэ утгаараа шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хуульчилж өгсөн.

Монгол Улсын иргэн өөрт хамааралтай хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт давж заалдах эрхтэй бөгөөд энэхүү давж заалдсан боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь бүх шатны шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага гарцаагүй хүлээлгэх зарчим эрүүгийн эрх зүйд үйлчилдэг бөгөөд хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг тогтоох, түүнд зохих шийтгэлийг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй буюу эрүүгийн ял оногдуулахгүй байхад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа чиглэгддэг билээ.

Шүүхээс хорих ял оногдуулсан ялтан нь ялаа эдлэх нь зайлшгүй бөгөөд цаашид ял эдлүүлэхээс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх, ял эс хэрэглэх асуудлыг зөвхөн хуульд заасан тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд /Эрүүгийн хуулийн 74, 76 дугаар зүйл/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гаргасан прокурорын дүгнэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оршин байгаа газрын шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэдэг бөгөөд энэ захирамжид гомдол гаргаж болохгүй харин прокурор эсэргүүцэл бичиж болдог.

Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоол биелүүлэх хугацаа өнгөрсөн, хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, түүнчлэн түүнд оногдуулсан ялын тодорхой хувийг биечлэн эдэлсэн тохиолдолд төрийн эрх бүхий байгууллага, эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх эсэх асуудлыг шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэрлэх бөгөөд энэ нь заавал ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх гэсэн ойлголтыг агуулаагүй юм.

Харин нь эсрэгээрээ ялтанд ял завших боломжийг олгож болох эрсдэлтэй учраас уг асуудлыг зөвхөн төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан дангаараа /бусад этгээдийг оролцуулахгүйгээр/ шийдвэрлэхээр хуульчилсан нь зүйтэй юм.

Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйд давж заалдах ажиллагааны үндэслэл нь давж заалдах гомдол /давж заалдах эсэргүүцэл/ байдаг.

Уг асуудлыг шийдвэрлэхэд Үндсэн хуульд заасны дагуу ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох эрх бүхий прокурор өргөдөл гаргагчийн өргөдөлдөө дурдсанчлан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзсэн, мөн шүүхийн шатанд процессын журам зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах эсэргүүцэл бичиж зөрчигдсөн эрхийг сэргээж, шүүхийн шийдвэр буруу бол зөвтгүүлэх боломж нь нээлттэй байна.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын /Монгол Улс 1968 оны 1 дүгээр сарын 5-нд гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-нд соёрхон баталсан/ 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээ болон оноосон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улс Үндсэн хууль болон бусад холбогдох хуулинд тусгалаа олж хуульчлагдан баталгаажсан юм.

Пактын энэхүү заалт нь тухайн этгээдийн гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй, тогтоогдсон боловч тухайн оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөөгүй шүүхийн шатанд процессын журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн тохиолдолд дээд шатны шүүхэд хандан шүүхийн шийдвэр үнэн зөв шударга болсон эсэхийг шалгуулах эрхийг баталгаажуулсан болохоос нэгэнт гэм буруу нь бүх шатны шүүхээр тогтоогдож тодорхой эрхээ хасуулсан ялтан хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх эсэх талаар гаргасан шүүгчийн шийдвэрт давж заалдах ёстой гэсэн санааг агуулаагүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ.

Гурав. Монгол Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:

            “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй ...” байх нь мөн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.” гэх зохион байгуулалт-хууль хэрэглээний эрх зүйн зохицуулалтын уг сурвалж нь билээ.

            Түүнчлэн, Үндсэн  хуулийн Тавьдугаар  зүйлийн  3  дахь  хэсэгт  “Улсын дээд шүүх, бусад  шүүх  нь  Үндсэн  хуульд  нийцээгүй,  албан  ёсоор  нийтлээгүй  хуулийг  хэрэглэх

эрхгүй.” гэсэн нь нэг талаар шүүхийн хууль хэрэглээний, нөгөө талаар хууль хэрэглээний явц дахь хууль зүйн техникийн болон хэл зүйн /герменевтик/ асуудлуудыг хөндсөн байдаг.

            Хууль зүйн техникийн хувьд оноон хэрэглэсэн тухайн нэг нэр томьёог нэг агуулгаар хэрэглэх шаардлага тавигддагийг Та бид сайн мэдэх бөгөөд иймгүйгээс хуулийг салаа утгаар ойлгон хэрэглэх, улмаар хууль хэрэглээний хувьд бодит байдал ба хууль зүйн зохицуулалтын хувьд төөрөгдөлд хүрэх үр дагавартай юм.

            Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлээс Тавин дөрөвдүгээр зүйлүүдэд “шүүх”, “шүүгч” гэх нэр томъёо цөөнгүй дурьдагдсан байх бөгөөд мөн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд шүүх шийдвэр, шүүгч захирамж гаргахаар тусгагдсан байна. Гэхдээ шүүгчийн захирамж нь хараахан шүүхийн шийдвэр биш агаад шүүхийн шийдвэр нь эрх зүйн маргааны хууль зүйн шийдэл /Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн дээд шийдвэр байх бөгөөд.../, харин шүүгчийн захирамж нь хууль зүйн шийдэлд хүрэх тодорхой ажиллагааг баталгаажуулсан баримт бичиг билээ.

            Энэ үүднээс нь хандвал шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхийн хязгаарлалт нь маргааны үйл баримтын ач холбогдлыг алдагдуулахгүйн зэрэгцээ шүүхийн хууль зүйн шийдэлд ч нөлөө үзүүлэхгүй юм. Харин эсрэг тохиолдолд шүүн таслах ажиллагаа нь цаг хугацаа шаардсан, маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй байдалд хүрэх үр дагавартайг дурьдах нь зүйтэй.” гэсэн болно.

Дөрөв. Монгол Улсын Ерөнхий Прокуророос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:

            “... Дээрх “давж заалдах гомдол гаргаж болохгүй” гэсэн хуулийн заалт нь ялтан хэдийгээр хуулиар эрх нь хязгаарлагдсан ч ялаа тодорхой хэмжээгээр эдэлж засрал  хүмүүжил, нийгэмшсэн байдлаа харуулж хугацааны өмнө суллагдаж, нийгэмд гарч амьдарч, ажиллах гэсэн хүсэл зоригийг шүүх шийдвэрлээгүй хэрэгсэхгүй болгож ялтны давж заалдах гомдол гаргах эрхийг хуулиар хориглож хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж байгаа нь хууль зөрчиж байна.” гэжээ.

      Үндэслэл:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлд заасан шүүгчийн захирамж нь хорих ял эдэлж буй иргэнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх буюу тухайн иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлэх эсэхийг шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр байна.  

Шүүхийн шийдвэрээр эрх, ашиг сонирхол, эрх зүйн байдал нь хөндөгдөж буй аливаа иргэн хэрэв хүсвэл давж заалдах буюу дахин хянуулах боломжтой байх учиртай. Энэ нь шударга шүүхийн үйл ажиллагааны гол нөхцөл бөгөөд шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний үндсэн эрхийн баталгаа юм.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөхөөс татгалзсан шүүгчийн захирамжид ялтан давж заалдах гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилсан байна.

Ийнхүү хуульчилсан нь хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөхөөс татгалзсан шүүгчийн захирамжид ялтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах боломжийг хааж, шүүхийн шатанд процессын журам зөрчигдсөн, эсхүл тухайн шийдвэрийн үндэслэл буруу, түүнтэй санал нийлээгүй тохиолдолд Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэж заасны “...давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн заалт нь Монгол Улсын  Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай  захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэж заасны “...давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн  хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн байна.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай  захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэж заасны “...давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                                Н.ЖАНЦАН

ГИШҮҮД                                                                      П.ОЧИРБАТ

Ц.САРАНТУЯА

Д.Сугар

Д.ГАНЗОРИГ