A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хот

Дугаар 231

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдөр баталсан Эрүүл мэндийн тухай хуулиар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрлийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан эрүүл мэндийн зарим байгууллагын нэрийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

1.1. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл (хуучин нэрээр)-ийн тогтоолоор байгуулагдсан Эх нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвийг "Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв", Арьсны өвчин судлалын төвийг "Арьсны өвчин судлалын үндэсний төв", Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийг "Зоонозын өвчин судлалын үндэсний төв", Улсын клиникийн төв эмнэлгийг "Улсын нэгдүгээр төв эмнэлэг", Клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийг "Улсын хоёрдугаар төв эмнэлэг", П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийг "Улсын гуравдугаар төв эмнэлэг", Нялхсын клиникийн сувиллыг "Хүүхдийн төв сувилал" гэж;

1.2. "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2005 оны З дугаар сарын 9-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор байгуулагдсан Эмгэг судлалын төвийг "Эмгэг судлалын үндэсний төв", "Геронтологийн төв байгуулах тухай" Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор байгуулагдсан Геронтологийн төвийг "Геронтологийн үндэсний төв" гэж.

2. "Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Шинжлэх ухааны байгууллагуудын бүтцийн өөрчлөлт хийх чиглэл"-ийн 20 дахь заалтад "Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн" гэснийг "Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв" гэж өөрчилсүгэй.

3. Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр байгуулагдсан эрүүл мэндийн байгууллагын нэрийг Эрүүл мэндийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөн үүнтэй холбогдон гарах зардлыг төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд Н.ХҮРЭЛБААТАР