Хэвлэх DOC Татаж авах
Журамд өөрчлөлт оруулах тухай /ГЕГ-ын даргын 2011 оны 256-р тушаалд/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

                          2012 оны 12 дугаар                           

                          сарын 06-ны өдөр                                                                 Дугаар  A/227                                                                  Улаанбаатар хот

 

 

Журамд өөрчлөлт оруулах тухай /ГЕГ-ын даргын 2011 оны 256-р тушаалд/

 

            Гаалийн тухай хуулийн 271.1.2 дахь заалт, Мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1.Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 256 дугаар тушаалаар батлагдсан “Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам”-ын дараах заалтуудыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

3.1.5. Гаалийн улсын ахлах байцаагч манифестын мэдээллийг шалгаж, “Зөвшөөрөх” товч дарснаар бараа, тээврийн хэрэгслийг хүлээн авах гаалийн хяналтын бүсэд манифест сүлжээгээр илгээгдэнэ.

 

3.1.12. Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч дугтуйны битүүмжлэл алдагдсан эсэх, гаалийн тэмдэглэгээ гэмтсэн эсэхийг хянаж, зөрчилгүй тохиолдолд дугтуйг задлан, дагалдах бичиг баримтыг шалган, гаалийн хяналтын бүс эзэмшигчээс сүлжээгээр илгээсэн хүсэлтийг хүлээн авч, “Бүртгэх” товч дарж бүртгэн, “Зөвшөөрөх” товч дарж барааг гаалийн хяналтын бүсэд орох зөвшөөрөл өгнө.

 

5.1.1. Манифест нөхөн бичиж буй тээвэрлэгч гүний гаалийн хяналтад илгээгдэх барааны манифестыг Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн программын мэдээлэл, тээврийн баримт болон дагалдах бичиг баримтыг үндэслэн нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.

 

7.3.Нэг гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүс хооронд импортын манифесттай ачааг дараах тохиолдолд шилжүүлнэ:

 

А.  тээврийн баримтад заагдсан хүрэх хяналтын бүсийн код нь ачааны манифесттай зөрсөн,

Б. химийн болон цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх аюултай ачаа,

В.  иж бүрдэл  ачаа,

Г. гаалийн хяналтын бүсийн техникийн байдлаас шалтгаалан хүлээн авах боломжгүй болсон

Барааг гаалийн хяналтад авсан гаалийн газрын хяналт, бүрдүүлэлт хариуцсан нэгжийн дарга дээрх тохиолдолд сүлжээгээр өөрчлөлтийг хийж шийдвэрлэх бөгөөд манифестын програмын “Тайлбар” хэсэгт 20-оос доошгүй тэмдэгтээр шалтгааныг тодорхой бичиж, баталгаажуулна.

2.Мөн журмын 3.1.6, 3.1.7, 5.4.3 дугаар заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тушаалыг хүчин төгөлдөр болсон  өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

ДАРГА                                                 Д.ЦЭВЭЭНЖАВ

 

Улсын нэгдсэн бүртгэлийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3348 дугаарт бүртгэв.