A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 346

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Дээд боловсролын тухай хуулийн 5.6, Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.1-ийг тус тус үндэслэн, Монгол, Японы стратегийн түншлэлийн 2013-2017 оны дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эмнэлэг байгуулах ажлыг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

2. Шинээр баригдах эмнэлгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, хүчин чадлыг тооцож, барилгын ажлын зураг, төсөв боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт тус тус даалгасугай.

3. Эмнэлгийн барилга барих газрыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эзэмшилд шилжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасугай.

4. Эмнэлгийн барилга барихад монголын талын хариуцах санхүүжилтийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны төсвийн багцаас гаргаж, цаашид 2015, 2016 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР