Хэвлэх DOC Татаж авах
Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг  зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2012 оны 10 дугаар сарын 10                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Дугаар 04

 

Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг

зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

 

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

      танхим 15.00.цаг

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд Н.Жанцан, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Сугар,  Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн С.Оргодол, Б.Баяраа болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нар оролцов.

 

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.11, 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.7, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.10 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн  2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 4, 17 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Оргодол Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"...1.    Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “... нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх,... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг;

2.   Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсгийн “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсгийн ”... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэснийг;

 

3.    Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэснийг;

 

4.    Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд ... эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй.”, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн “Компани өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан тохиолдолд уг хувьцааг зарласан боловч гаргаагүй хувьцаа  гэж тооцно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ”... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.“, Тавдугаар зүйлийн 3 дахь хэсгийн ”Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.“, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” гэснийг;

 

5.    Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийн “... гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.“ гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ”... шударга ёс, ... тэгш байдал, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг;

 

6.    Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн “Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч...”, 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсгийн “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт гаргасан хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь энэ хуулийн 84 дүгээр зүйлд заасан хариуцлагыг эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хүлээнэ.” гэсэн нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ”... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.“ гэснийг зөрчсөн болохыг тус тус тогтоолгох...” гээд өөрийн гаргасан шаардлагын үндэслэл нотолгоог доорх байдлаар гаргасан байна. Үүнд:

 

...Нэг. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай:

 

1.1. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь ... нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй” гэж заасан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” гэсэн зохицуулалтыг зөрчиж байгаа болно. Учир нь энэхүү заалтад тусгагдсан “хуульд заасан үндэслэл” гэдэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан зарчмуудад нийцсэн байх ёстой бөгөөд Компанийн тухай хуулийн 5.2-т заасны дагуу ХХК-д нийтэд санал болгон үнэт цаас гаргах эрх олгохгүй байснаар түүний ашиг олох бололцоог хязгаарлаж улмаар энэ нь шударга ёсны зарчмыг зөрчиж байгаа болно. Өөрөөр хэлбэл, ийнхүү хуульд заасан үндэслэл нь өөрөө шударга ёсны зарчмыг зөрчсөн байх тул Компанийн тухай хуулийн 5.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 болон Тавдугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус зөрчиж байгаа болно.

 

1.2. Тухайн компани нь ХХКомпани байна уу, ХКомпани байна уу гэдгээсээ эс хамаарч хувьцаа эзэмшигч нь иргэн, хуулийн этгээд байгаа. Гэтэл Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгээр ХХКомпанийн хувьцааг эзэмшиж байгаа иргэний компани нийтэд санал болгон үнэт цаас гаргаж болохгүй, ХКомпанийн хувьцааг эзэмшиж байгаа иргэний компани нийтэд санал болгон үнэт цаас гаргаж болохоор хуульчилсан байна.

 

Ингэснээр иргэд шударгаар хөрөнгө олж авах, хөрөнгөжих боломжийг хуулиар хязгаарлаж өгсөн ба энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, ... өмнө эрх тэгш байна, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... хөрөнгө чинээ, ... ялгаварлан гадуурхаж үл болно...” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

1.3. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “...нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

 

... ХХК-ийн нийтэд санал болгон арилжаалах өрийн бичгийн асуудал нь өөрөө дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл буюу хөрөнгийн зах зээлээр дамжуулан худалдах нөхцөлд урт хугацааны хөрөнгө бий болгох процессыг богино хугацааны шинжтэй болгон өөрчилдөг шинж чанараараа ХХК-ийн хувьд эдийн засгийн асар өргөн ач холбогдолтой байдаг.

 

Гэтэл 2011 оны Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь ... нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй.” гэж заасан нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дахь заалтад “нийтэд санал болгох" гэж үнэт цаас гаргагчаас үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан Хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50-иас дээш тооны этгээдэд санал болгож худалдахаа мэдэгдэхийг;” хэлнэ гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд Компанийн тухай хууль болон энэ хуулийн дагуу үнэт цаас гаргаж болно.”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Үнэт цаасыг нийтэд санал болгон арилжихаар, ... гаргаж болно.” гэсэнтэй тус тус зөрчилдөж байгаа төдийгүй дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн хийгээд эдийн засгийн арга хэрэгслийг хориглож, нэг хуулиар олгогдсон байгаа субъектив эрхийг нөгөө хуулийн хүрээнд хориглож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн буюу төр нь эрх зүйн аливаа харилцааг зохицуулах хууль гаргахдаа иргэний материаллаг хуулиар олгогдсон эрхийг хангахуйц эдийн засаг, хууль зүйн баталгааг бүрдүүлэх, иргэн, хуулийн этгээдэд нэгэнт бий болсон буюу байгаа эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улам бүр баталгаажуулах үүргээ зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай:

 

2.1. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсгийн “Хязгаарлагдмал хариуцлагатай  компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсгийн “...Хүний эрх, нэр, төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

 

... Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт “байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад аливаа мэдээллийг авах” хэмээн урьдчилсан нөхцөлийг тодорхой заагаагүй байх тул хувьцаа эзэмшигч нууцад холбоотой болон холбоогүй аль ч мэдээллийг шаардан авах боломжтой байхаар зохицуулсан.

 

Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсэгт “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” хэмээн хуулийн этгээдийн нууцад тооцогдсон мэдээлэл нь задруулж үл болох, хуулиар хамгаалагдсан байх тухай заалтыг илт зөрчиж байна.

 

2.2. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй.” гэж заасан байна. Гэтэл 1995 оны Байгууллагын нууцын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь хянан шалгах бүрэх эрх, чиг үүргийнхээ дагуу байгууллагын нууцтай танилцана” хэмээн заасан байх бөгөөд нэг талаас энэхүү эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтанд ХХК-ийн хувьцаа эзэмшигч агуулгын хувьд хамаарахгүй, нөгөө талаас бүх мэдээлэл гэдэгт байгууллагын нууц мэдээлэл хамаарахаар байгаа нь энэхүү хоёр хуулийн зүйл заалт өөр хоорондоо зөрчилдөхөд хүргэж байгаа бөгөөд улмаар Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан "... хууль дээдлэх ..." зарчмыг зөрчиж байгаа болно.

 

Гурав. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... эзэмших, өмчлөх ... эрхтэй ...” гэснийг тус тус зөрчжээ.

 

Дөрөв. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн ... эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй”, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн “Компани өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан тохиолдолд уг хувьцааг зарласан боловч гаргаагүй хувьцаа гэж тооцно” гэсэн нь ... Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “... эзэмших, өмчлөх ... эрхтэй ...” гэснийг зөрчиж байгаа талаар дараах үндэслэлийг дэвшүүлж байна.

 

1999 оны Компанийн тухай хуулиар хувь нийлүүлсэн хөрөнгө, халаасны хувьцаа зэрэг нэр томъёог хэрэглээгүй, хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийг тодорхой ялган зааглахгүйгээр "өөрийн хөрөнгө" гэсэн нэрийн дор багагүй хугацаанд практикт хэрэглэсээр ирсэн. Хэдийгээр 2011 оны Компанийн тухай хуулийн дагуу дээрх асуудлуудыг ялган заагласан зохицуулалт оруулахдаа компанийн хувь хөрөнгийг дараах байдлаар тодорхойлжээ. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө ...” хэмээн тодорхойлоод мөн хэсэгт “... компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй.” хэмээн хуульчлан тодорхойлсон.

 

Энэ хэсгийн “... эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа нь хувь нийлүүлсэн хөрөнгөд хамаарахгүйн зэрэгцээ Компанийн тухай  хуулийн 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсэгт заасны дагуу “... зарласан боловч гаргаагүй хувьцаа ...” хэмээн тооцогдохоор байгаа нь компанийн эргүүлэн худалдан авсан хувьцаа нь эзэмшигч, өмчлөгчгүй эзэнгүйдэн үлдэж, тэр агуулгаараа тэдгээр хувьцааг эргүүлэн худалдан авсан хувьцаа эзэмшигчдийн өмчлөх эрх зөрчигдөх эрх зүйн сөрөг үр дагавар үүсэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, компани нь нийт гаргасан хувьцааныхаа тодорхой хувийг буцаан эргүүлэн худалдан авсны дараа тэрхүү эргүүлэн худалдан авсан халаасны хувьцаа нь компанийн хувьцаа эзэмшигчдийн өмчлөл /эзэмшил/-д адил тэнцүү хэмжээгээр шилжихгүй, тодруулбал, тэдгээрийн өмчлөлд зохих ёсоор бүртгэгдэх замаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд хамаарахгүйгээр зохицуулсан нь хувьцаа эзэмшигчдийн Үндсэн хуулиар баталгаажин хамгаалагдсан аливаа хөрөнгийг эзэмших, өмчлөх үндсэн эрхийг ноцтой зөрчсөн заалт болсон байна. Мөн нэгэн зэрэг өмчлөх эрхийн гол агуулга болсон тухайн хөрөнгө өмчлөгчид зайлшгүй хамаарагдах, хадгалагдах туйлын эрх зөрчигдөж, компанийн эргүүлэн худалдан авсан халаасны хувьцааг хувь нийлүүлсэн хөрөнгөд тооцохгүй байхаар хуульчилсан нь өмчлөгчийн эрхийг хууль зүйн хангалттай үндэслэлгүйгээр хязгаарласан шинж чанар, үр дагаврыг агуулж байна.

 

Иймд, Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн ... эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй.”, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн “Компани өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан тохиолдолд уг хувьцааг зарласан боловч гаргаагүй хувьцаа гэж тооцно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “... эзэмших, өмчлөх ... эрхтэй ...” гэснийг тус тус зөрчиж байна.

 

4.2. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын ... өмчийн халдашгүй байдал, ... зарчимд үндэслэнэ.", мөн хуулийн өмчийн эрх зүйн хөрөнгө шилжих харилцааг зохицуулсан хэм хэмжээ болох 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр  хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.”, 113 дугаар зүйлийн 113.1-д “Хууль буюу гэрээнд заасан бол эд хөрөнгийг дагалдах баримт бичиг буюу үнэт цаасыг шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэнд тооцно.”, 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзэхэд Иргэний хуульд заасан үндэслэлээр (гэрээний дагуу) худалдан авч төлбөрийг бүрэн төлсөн, тухайн хөрөнгө нь өөрийн өмчлөлд  шилжсэн байхад, худалдаж авсан хөрөнгийг хувь нийлүүлсэн хөрөнгөд хамааруулахгүй байгаа нь Иргэний хууль тогтоомжтой зөрчилдөж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн зарчим алдагдаж байна.

 

Тав. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “... гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-д “... шударга ёс, ... тэгш байдал, ... төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээн заасныг зөрчиж байна ... гээд ... Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийн “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад ... оролцдог этгээдийг..." гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдүүдийн хамт хавтгайруулан эрх бүхий албан тушаалтанд тооцож, албан тушаал (цалин хөлс), шийдвэр гаргах эрх хэмжээг үл харгалзан 84 дүгээр зүйлийн 84.4, 84.5 дахь хэсэг (албан тушаалаасаа өөрчлөгдсөн тохиолдолд 3 жилийн хугацаанд үүрэг хүлээнэ), 84.6 дахь хэсэг, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийн “... гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг ...” гэдгийг компанийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцэл байгуулахад ямарваа нэгэн хэлбэрээр (анхан болон бүх шатны тохиролцоо, санал өгсөн, гэрээ байгуулах ажиллагааг зохион байгуулсан зэрэг) оролцож байгаа бүхий л ажилтнуудыг (энгийн ажилтнууд), тухайн гэрээг байгуулах эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтантай адилтган үзсэн байна. Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Компанийн тухай хуульд зааснаар, төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрхийн хүрээнд гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж, компанийн ажилтнууд гүйцэтгэх удирдлагаас өгсөн үүргийн дагуу (хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр) ажил үүргээ гүйцэтгэдэг. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээнэ. Мөн хохирол учруулбал иргэний хуулийн “гэм хор учруулснаас үүсэх үүрэг хэсэгт” зааснаар хариуцлага хүлээхээр нэгэнт хуульчлагдсан байна.

 

Гэтэл хууль тогтоогч Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д хэтэрхий өргөн хүрээтэй тайлбар өгч энгийн ажилтныг шийдвэр гаргагчтай нэг түвшинд үзэж “эрх бүхий албан тушаалтан” гэх томъёололд хамааруулсан нь удирдлагын шийдвэрийг гүйцэтгэсэн этгээдийн өмчлөх эрхэд халдаж Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-д “... шударга ёс, тэгш байдал, ... төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн зарчмыг алдагдуулсан зохицуулалтыг бүрдүүлсэн байна.

 

Зургаа. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 “Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч ... өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна.”, 84 дүгээр зүйлийн 84.10-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт гаргасан хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь энэ хуулийн 84 дүгээр зүйлд заасан хариуцлагыг эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хүлээнэ.” гэж заасан байна.

 

Гэтэл, уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй.” 9.3-д “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.” хэмээн заасан байх ба энэ нь Компанийн тухай хуулийн дээрх зүйл, хэсгүүд нь хоорондоо илт зөрчилдөж байгаа бөгөөд улмаар Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” зарчмыг зөрчиж байгаа болно... гэжээ.

 

Хоёр. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

“... 1.Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “... нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ”... шударга ёс, ... тэгш байдал, ... хангах ...нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн ”хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ...”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн ”... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн хувийн аж ахуй эрхлэх, энэхүү эрхийнхээ хүрээнд ашгийн төлөө хуулийн этгээд болох компани, нөхөрлөл байгуулах, байгуулсан хуулийн этгээдийн хэлбэрийг өөрөө бие даан тодорхойлох, улмаар, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах өмчлөх эрхтэй.

 

Компани аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд нийтэд санал болгон үнэт цаас гаргах замаар хөрөнгө оруулалт татах, бий болсон хөрөнгө оруулалтаар бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх, ашиг олох, нэмэгдүүлэх, хөрөнгөжих нь үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхийн зэрэгцээ тухайн компанийн зүгээс улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах үндэс болдог.

 

Гэтэл Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компани ... нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй.” гэсэн зохицуулалт оруулсан. Ингэснээр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд нийтэд санал болгон үнэт цаас гаргаж болохгүй,  хэрэв гаргахаар бол компанийн хэлбэрийг өөрчлөх буюу өөрийн аж ахуй эрхэлж байгаа сонголтоосоо татгалзах хуулийн шаардлагыг тулгаж, иргэний Үндсэн хуулиар олгогдсон аж ахуй эрхлэх үндсэн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан байна.

 

Энэхүү хязгаарлалт нь компанийн хэлбэрээр буюу хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үнэт цаас гаргах тухайд үндэслэлгүй алагчилж ялгамжтай хандсан, тэгш бус байдал бий болгосон.

 

Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг захиран зарцуулах эрх нь хууль, дүрмээр хязгаарлагддаг хаалттай байдаг, хувьцаат компанийн хувьд хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагдаж байдгаараа компанийн энэ  хоёр хэлбэрийн үндсэн ялгаа гардаг. Хувьцаат компанийн хувьд хувьцаа эзэмшигч нар чөлөөтэй өөрчлөгдөж байдаг, харьцангуй олон хувьцаа эзэмшигч нартай байдгаас шалтгаалан хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс сэргийлэх зорилгоор үнэт цаасны бүртгэл болон бусад нэмэлт шаардлагатай холбоотой хуулийн зохицуулалт үйлчилдэг. Харин энэхүү компанийн хэлбэрүүд нь нийтэд санал болгон үнэт цаас гаргахад шууд хамааралгүй бөгөөд компани ямар хэлбэртэй байх нь хувьцаа эзэмшигчдийн сонголтоос шалтгаалдаг.

 

Нийтэд санал болгон үнэт цаас гаргах үйл ажиллагааны нөгөө талд тухайн компанийн үнэт цаасыг худалдан авч байгаа этгээд буюу хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах шаардлага үүсдэг бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар нийтэд санал болгосон үнэт цаасыг бүртгэх, хөрөнгө  оруулагч нарт танилцуулах, компанийн мэдээллийг хөрөнгө оруулагчдын хувьд нээлттэй байлгах зэргээр эрсдэлээс хамгаалсан хуулийн зохицуулалт компаниудад адилхан үйлчилдэг билээ.

 

Хувьцаат компанийн эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үнэт цаасыг худалдан авах нь тухайн хөрөнгө оруулагчийн өөрийн сонголтын асуудал юм. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг, хувьцаа эзэмшигч нар нь харьцангуй тогтвортой, цөөн байдагтай холбогдуулан хувьцаа эзэмшигч нарын бизнесийн туршлага, түүх, боломжид тулгуурлан үнэт цаасыг худалдан авах замаар хөрөнгө оруулах тохиолдлууд ч гардаг.

 

Монгол Улсын хувьд дотоодын болон гадаадын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаасны нэг хэлбэр болох өрийн бичиг /бонд/ гаргах замаар хөрөнгө оруулалтыг татаж, амжилттай бизнес эрхэлж байгаа хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын жишээ олон байгаа. Төрийн зүгээс эдгээр бизнес эрхлэгчдийг дэмжиж, хуулийн орчныг сайжруулах ёстой байтал эсрэгээрээ үндэслэл муутай хуулийн дарамт үүсгэж, үнэт цаасны зах зээлд сөргөөр нөлөөлөх, эдийн засгийн өсөлт, өрсөлдөөнийг хязгаарлах, иргэний аж ахуй эрхлэх эрхийг зөрчих байдалд хүргэх зохицуулалтыг Компанийн тухай хуульд тусгасан байна.

 

Улмаар энэхүү үндэслэлгүй хуулийн хязгаарлалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан холбогдох заалтуудыг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ. 

 

Гурав. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж 2012 оны 9 дүгээр сарын 20ий өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

 

... Нэг. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн талаар:

 

            “1.Монгол Улсын Үндсэн хуульд иргэний өмчлөх эрхийн талаар зарим нэг хязгаарлалт тогтоохыг зөвшөөрчээ. Тухайлбал, Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ ... бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.” гэж заажээ.

 

            Эдгээр заалтыг үндэслэн Иргэний хууль болон бусад хуулиар өмчлөгчийн эрхэд зарим нэг хязгаарлалт хийжээ. Тухайлбал, эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцааг зохицуулж буй суурь хууль болох Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ...эрхтэй.” гэж хуульчилсан байна. Үндсэн хууль болон Иргэний хуулийн дээрх заалт болон компанийн сайн засаглалын суурь зарчмыг үндэслэн Компанийн тухай хуулийн  3 дугаар зүйлд дэлхийн нийтийн нийтлэг жишгийн дагуу компанийн төрөл, хэлбэрийг нарийвчлан тодорхойлж, тэдгээрийн үнэт цаас гаргах болон хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа захиран зарцуулах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхой заагласан байна.

 

            2. ХХК нь цөөн хувьцаа эзэмшигчтэй, өөрийн хөрөнгийн хэмжээ бага учраас нийтэд үнэт цаас гаргах эрхийг хязгаарласан. Тухайлбал, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу ХХК үнэт цаасыг зөвхөн хаалттай захиалгын үндсэн дээр үүсгэн байгуулагчид, өөрийн хувьцаа эзэмшигчид болон цөөн тооны түншүүдийн хүрээнд гаргаж мөнгөн хөрөнгө татах боломж нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, ХХК нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдад хохирол учруулахгүй, хууль тогтоомж зөрчихгүйгээр Үнэт цаасны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу үнэт цаасаа нийтэд санал болгохгүйгээр хаалттай худалдах боломжтой.

 

            3. Үнэт цаас нийтэд гаргах хувьцаат компани нь олон нийтийн хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулдаг учраас олон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хөнддөг. Иймд тухайн компанийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй хараат бус, байнгын удирдлагатай, төлөөлөн удирдах зөвлөлтэй  байх зэрэг компанийн сайн засаглалын суурь зарчмыг удирдлага болгосон хувьцаат компанийн хэлбэртэй байх үзэл баримтлалын үүднээс компанийн сайн засаглалын зарчмуудыг Компанийн тухай хуульд нарийвчлан тусгаж, компанийн төрөл, хэлбэрээс хамаарч нийтэд үнэт цаас гаргах асуудалд тодорхой хязгаарлалт тогтоосон юм. Хэрвээ ХХК нь нийтэд санал болгон өрийн бичиг гаргахыг зорьж байгаа бол Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.7, 3.8-д заасны дагуу хувьцаат компанийн хэлбэрт шилжиж, компанийн сайн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгох үүрэг хүлээн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу нийтэд үнэт цаас санал болгон арилжих эрх нь нээлттэй.

 

            4.Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг нь алдагдалтай ажиллаж байгаа компани үнэт цаас гаргаж, иргэдээс их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлж, хөрөнгө оруулагчдад хохирол учруулахаас сэргийлэх механизм болсон төдийгүй компани нь ХХК байх уу? хувьцаат компани байх уу? гэдгийг сонгох, нөгөө талаас хөрөнгө оруулагч нь ХХК-ийн үнэт цаасыг авах уу, эсвэл хувьцаат компанийн үнэт цаасыг худалдан авах уу? гэдгийг сонгох боломж бүрдүүлжээ.

 

            5.Компанийн тухай хуулийн дээрх хэсэг нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, ... “ үүргийнхээ дагуу нэг талаас үнэт цаасыг нийтэд санал болгож, хөрөнгө төвлөрүүлэх компанийн ашиг сонирхол, нөгөө талаас ашиг олох зорилгоор уг үнэт цаасыг худалдан авч байгаа хөрөнгө оруулагчийн тэгш эрхийг хангах хууль зүйн баталгааг бий болгосон.

 

            Компанийн тухай хуулийн дээрх зохицуулалт нь компани болон хөрөнгө оруулагчид сонголт хийх боломж олгосон, хөрөнгө оруулагчдийн эрхийг хамгаалсан, дэмжсэн зохицуулалт болсон гэж үзлээ.

 

Хоёр. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсгийн талаар:

 

            1.Хувьцаа эзэмшигч нь компанийн өмчлөгчдийн нэг болохын хувьд, оруулсан хувьцаагаараа хариуцлага хүлээдгийнхээ хувьд компанийн үйл ажиллагаа, санхүүгийн талаарх бүхий л мэдээлэлтэй танилцах эрхийг Компанийн тухай хуулийн дээрх заалтаар олгосон юм. Ийнхүү компани дотооддоо мэдээллийг ил тод болгосноор хувьцаа эзэмшигчид, компанийн эрх бүхий албан тушаалтан бусад ажилтнуудыг бүгдийг хамарсан хариуцлагын тогтолцоог компанийн хэмжээнд бий болгох,  хувьцаа эзэмшигчид болон компанийн удирдлагын ашиг сонирхлын нэгдлийг бий болгох, шийдвэр гаргах процесс илүү үр дүнтэй болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж үзэж байна.

 

            2.Хувьцаа эзэмшигч өмчлөгчдийн нэг болохын хувьд, компанийн мэдээлэлтэй танилцах явцад олж мэдсэн компанийн нууцыг Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хадгалах үүрэгтэй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу уг нууцыг зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглах бөгөөд бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Хувьцаа эзэмшигч энэ үүргээ зөрчсөн тохиолдолд Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль болон бусад хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

 

            3.Компанийн дотоод мэдээллийг хувьцаа эзэмшигч нарт нээлттэй болгосноор компанийн удирдлагуудаас нэгдмэл сонирхолтой этгээдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж, компанийн эд хөрөнгийг хувьдаа завших, ашиглах, компанийг алдагдалд оруулах, ногдол ашиг хуваарилахгүй чирэгдүүлэх, сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл хийх журмыг зөрчих зэргээр компани болон хувьцаа эзэмшигчдэд хохирол учруулахыг хязгаарлаж, эрсдлийг бууруулах төдийгүй хувьцаа эзэмшигчдийн зүгээс компанийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, боломж бүрдүүлсэн, хувьцаа эзэмшигч болон компанийг өөрийг нь хамгаалсан зохицуулалт болсон.

 

            Харин компанийн хувьцаа эзэмшигч биш хөндлөнгийн этгээд компанийн бүх мэдээллийг авахыг шаардах тохиолдолд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсгийн заалт хөндөгдөнө гэж үзэж байна.

 

Гурав. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн талаар:

 

            9.5.”Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэсэн заалтыг задалбал:

 

А.компанид оруулсан хөрөнгөө өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тусдаа заагласан байх.

 

Б.хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийг, түүний хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тусгаарласанаар Компанийн тухай хуулийн 9.3-т заасны дагуу зөвхөн өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээх хүрээ, хязгаар тодорхой болно.

 

В.хувьцаа эзэмшигчийн компани оруулсан хувь хөрөнгө нь түүний хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхтэй хамтатгагдаж, хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлага нь зааглагдаагүй тохиолдолд гарах эрсдлийг компани болон тухайн хувьцаа эзэмшигч дээрх хөрөнгөөр давхар хариуцлага хүлээх үүрэгтэй гэж ойлгогдож байна.

 

Дээрх зохицуулалт нь компанийн хэн нэгэн хувьцаа эзэмшигч компанийн хөрөнгийг өөрийн хөрөнгө мэт дураараа захиран зарцуулж, үрэгдүүлж, компани болон бусад хувьцаа эзэмшигчдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлсэн зохицуулалт болсон юм.

 

2. Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу компани нь хуулийн этгээд болохынхоо хувьд өөрийн мэдэлд захиран зарцуулах тусгайлсан хөрөнгөтэй, тэрхүү хөрөнгөөрөө хариуцлага хүлээх учиртай. Энэхүү шаардлагыг хангахын тулд Компанийн тухай хуулийн 9.3-т хувьцаа эзэмшигчийн хүлээх хязгаарлагдмал хариуцлагыг, 9.5-д бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг ялгаж хуульчилсан нь Иргэний хууль болон Компанийн тухай хуулийг практикт зөв хэрэглэхэд чухал хөшүүрэг болсон гэж үзэж байна.

 

            “Компанийн тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолын 14 дэх хэсэгт “Мөн зүйлийн 9.5-д заасан “компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэдэг нь компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно.” гэж тайлбарласан байна.

 

            Дөрөв. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн талаар:

 

            1.Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлд компанийн өөрийн хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн зааг ялгааг тодруулж, хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах арга хэлбэрийг тодорхойлж, уг асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэж байхаар хуульчилсан байна.

            Компанийн тухай хуулийн 47.2-т заасны дагуу компани хувьцаагаа эргүүлэн худалдан авахдаа тодорхой хэмжээний мөнгө зарцуулж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ багасна. Гэхдээ хувь нийлүүлсэн хөрөнгийг шууд багасган бүртгэхгүй, харин олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу халаасны хувьцаа гэсэн нэртэйгээр, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэсэгт хасах тэмдэгтэйгээр, нэрлэсэн үнээр нь бүртгэнэ. Харин халаасны хувьцааг дахин гаргаж худалдах уу, эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлаар хүчингүй болгох уу гэдэг асуудлыг шийдэх хүртэл уг хувьцаа компанийн хөрөнгөд бүртгэгдэн хадгалагдаж байдаг.

 

            2.Компани нь анх гаргасан хувьцаагаа эргүүлэн авч зарласан хувьцаа хэлбэрээр анхны байдалд оруулж байгаа учраас хувьцаа эзэмшигчийн хувьд тухайн хувьцааг өмчлөх эрх нь дуусгавар болно. Харин уг халаасны хувьцаа хэн нэг хувьцаа эзэмшигчийн өмчлөлд ороогүй учраас уг хувьцаанд ногдол ашиг хуваарилагдахгүй, саналын эрхгүй байна. Халаасны хувьцаанд ногдол ашиг хуваарилагдахгүй учраас хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцааны ногдол ашиг нэмэгдэх учраас  хэн нэг хувьцаа эзэмшигчийн эрх хязгаарлагдахгүй.

 

            3.Харин эргүүлэн худалдан авсан хувьцааг хүчингүй болгох уу? эсхүл зах зээлд дахин гаргах үед хувьцаа эзэмшигчид худалдан авч, хувьцааны тоогоо нэмэгдүүлэх үү? гэдгийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх боломжтой, энэ бол нээлттэй асуудал юм.

 

            Тав. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.5, 84.10 дахь хэсгийн талаар:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасан бол хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

            Хуулийн энхүү заалтыг үндэслэн Компанийн тухай хуулийн 84.1-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарыг нэрлэн зааж, мөн зүйлийн 84.6, 84.9-д заасны дагуу тэдэнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан юм.

 

            Харин Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т заасны дагуу компани өөрийн онцлогтоо тохируулан “гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээд”-ийн жагсаалтыг дүрэмд хуульчилан заах боломж нь нээлттэй.

 

            Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Компанийн дүрэмд Иргэний хууль болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй зүйлийг тусгаж болно.” гэж заажээ. Иймээс дүрэмд урьдчилан заасан “гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээд”-ийн жагсаалт нь Иргэний хууль болон бусад хуулийг зөрчсөн бол хүчин төгөлдөр бус болно.

 

            2.Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т эрх бүхий албан тушаалтан нь компаний эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж, сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэхийг үүрэг болгосон байна. Иймд тодорхой асуудлаар эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж, шийдвэр гаргасан, эсхүл түүний оролцоотойгоор гаргасан шийдвэрийн улмаас компанид хохирол учирсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ. Харин шийдвэр гаргахад оролцдоггүй шийдвэр гаргахад нөлөөлдөггүй хөдөлмөрийн гэрээт ажилтан компанид хохирол учруулсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 133, 135 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага хүлээнэ.

 

            3.Хувьцаа эзэмшигчийн хуралд эзэмшиж буй хувьцааныхаа тоогоор санал өгдөг. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, мөн хуулийн 84.10-т заасан хувьцаат компанийн хувьцааны 10 хувь, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааны 20 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд ялгаагүй хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт нөлөөлдөг тул уг шийдвэрийн улмаас компанид хохирол учирвал эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хариуцлага хүлээх юм. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн хуралд компаний хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшдэг хэд хэдэн хувьцаа эзэмшигчид хуйвалдан санал өгснөөс компанид хохирол учруулж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх хөндөж болзошгүй юм.

 

            Иймээс хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрт нөлөөлөх хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, бусад эрх бүхий албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компани, хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх хүрээ, хязгаарыг Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан байна. Хэрвээ компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн буруугаас компанид хохирол учруулсан бол Компанийн тухай хуулийн 85.4-т заасны дагуу өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ.

 

            4.Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд 84.5-т заасны дагуу Компанийн эрх бүхий албан тушаалтан компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол албан тушаалаасаа өөрчлөгдсөнөөс хойш гурван жилийн туршид компанийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байх үүргийг хуулиар хүлээлгэсэн. Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу компанийн эрх бүхий албан тушаалтан нь албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн компанийн нууцыг чанд хадгалах, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу уг нууцыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Иймд компани нь хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор нууц хадгалах хугацааг өөрөө тогтоож, хөдөлмөрийн гэрээнд тусгах, хэрвээ компани энэ хугацааг тусгайлан тогтоогоогүй бол нууц хадгалах хугацаа 3 жил байхаар тогтоосон.

 

            Ийнхүү хугацаа тогтоосон нь тухайн компанид ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтныг үндэслэлгүйгээр, насан туршид нь байгууллагын нууц задруулсан гэсэн үндэслэлээр маргаан үүсгэж чирэгдүүлэх боломжийг хааж, тухайн этгээдийн эрхийг хамгаалж байгаа юм. Үүнээс гадна тухайн компанийн нууц тодорхой хугацааны дараа нууц биш болж, нийтэд ил тод болдогтой холбон тайлбарласан болно.

 

Эцэст нь хэлэхэд Компанийн тухай хуулийн дээр дурдсан зүйл, заалтууд нь компанийн сайн засаглалын зарчмуудыг баталгаажуулж, компанийг болон хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, дэмжсэн, хууль зүйн баталгааг бий болгосон бөгөөд Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр уламжилж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

           

            Компанийн тухай хуульд компанийн хэлбэрээс хамааран нийтэд санал болгосон үнэт цаас гаргах асуудал нэг талаас компанид хөрөнгө оруулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор тодорхой хязгаарлалт тогтоож, хувьцаа эзэмшигчийн хувьцаагаа захиран зарцуулах эрх хэмжээг ялгамжтай зохицуулсан, нөгөө талаас аж ахуй эрхлэгч этгээд аж ахуйн үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч үйл ажиллагааны хэлбэрээ чөлөөтэй сонгох боломжийг нээлттэй үлдээсэн нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал байна.

 

            Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэг нь хязгаарлагдмал хариуцлагатай компаний хувьцаа эзэмшигч компанийн өмчлөгчийн нэг болохын хувьд өөрийнхөө эрх, ашиг сонирхлыг хамгаалах, компанийг болон өөрийгөө эрсдлээс сэргийлэх үүднээс компаний бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгож байгаа  зохицуулалт гэж үзэх үндэстэй байна.

 

            Компани нь хуулийн этгээд хэмээх бие даасан нэгэн субъект болохын хувьд тусгайлан эзэмшсэн хөрөнгөтэй байх ёстой. Хувьцаа эзэмшигч хувь хүн компанид оруулсан хөрөнгөө зааглан тусгаарлах хуулийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд эрсдэлээ өөрөө хүлээж өөрийнхөө бүхий л хөрөнгөөр хариуцлага хүлээхээр зохицуулсан байна.

 

            Компанийн эргүүлэн худалдаж авсан, халаасны хувьцаа нь тодорхой хувьцаа эзэмшигчийн өмчлөлд ороогүй учир дахин хуваарилагдах эсвэл зах зээлд борлогдох хүртэл тусгай дансанд бүртгэгдэж компаний эзэмшилд байх бөгөөд хувь нийлүүлэгчдийн хөрөнгөнд хамааруулаагүй нь түүнийг эзэнгүйдүүлж өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.

 

            “Гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээд” гэдэгт ямар ажилтнуудыг хамааруулахыг компанийн дүрэмдээ хязгаарлан заахыг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зохицуулсан байна. Иймээс Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийн зохицуулалтаар эрх бүхий албан тушаалтны хамрах хүрээг хэт өргөжүүлсэн гэх үндэслэлгүй байна.

 

            Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсэгт заасан этгээд нь шийдвэр гаргахад нөлөө бүхий этгээд учраас өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учруулсан эд хөрөнгийн хохирлыг өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцахаар зохицуулсныг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

           

            Иймд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.11, 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.7, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.10 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон 

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

            1. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “... нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй.”, 5.11 дэх хэсгийн “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй.”, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн “Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч...”, 9.5 дахь хэсгийн "Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.”, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд ... эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй.”, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн “Компани өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан тохиолдолд уг хувьцааг зарласан боловч гаргаагүй хувьцаа  гэж тооцно.”, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэг “... гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.“, 84.10 дахь хэсгийн “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт гаргасан хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь энэ хуулийн 84 дүгээр зүйлд заасан хариуцлагыг эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хүлээнэ.” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн  2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, ...-ийн өмнө эрх тэгш байна.”,  мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... хөрөнгө чинээ, ...-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно...”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...”, мөн зүйлийн 4 дэх заалтын “... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй...”,  мөн зүйлийн 17 дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...  үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

 

            2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                            Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД                                                            Н.ЖАНЦАН

                                                                                          Д.НАРАНЧИМЭГ  

                                                                         Д.СУГАР

                                                                                   Б.ПҮРЭВНЯМ