A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн гишүүн Д.Наранчимэг даргалж, гишүүн П.Очирбат, Д.Сугар, Ц.Сарантуяа, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Хуралдаанд өргөдөл гаргагч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн О.Баясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Хуралдааны явцад мэдээлэл гаргагч иргэн О.Баясгалан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан болно.

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн О.Баясгалан Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:

"... Улсын Их Хурал нь 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан байх бөгөөд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хэрэг, эрх зүйн маргаан /цаашид "хэрэг, маргаан" гэх/-ыг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна." мөн зүйлийн 3.3.1 дэх заалт "маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;" мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна." гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй." гэсэн заалтыг зөрчсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна." гэж заасан болохоос иргэдийн төлөөлөгчөөр хэргийг хянан шийдвэрлүүлэн Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдэлд халдах, шүүгчийн хараат бус байдлыг үгүйсгэх тухай зохицуулалт биш юм.

Монгол хэлний "оролцогч" гэдэг нь аливаа нэгэн үйл ажиллагаанд "оролцож байгаа этгээд" гэх утга илэрхийлэх боловч эрх мэдэлтэй гэсэн үг биш бөгөөд "хянан шийдвэрлэх" эрх бүхий этгээд гэсэн утга илэрхийлэхгүй билээ.

Аливаа хэрэг маргааны ажиллагаанд оролцогчдын тухай ойлголт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчдын бүрэлдэхүүний тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн гуравдугаар бүлгийн 2 дахь хэсэгт тодорхойлон заасан этгээдүүдийг хэлэх билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй юм." гээд

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй." гэсэн заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн байна.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

"... Монгол Улсын Үндсэн хуульд хуулийн засаглал болон үндсэн хуульт ардчиллын суурь зарчмууд тусгалаа олсон билээ. Энэ хоёр зарчим хоорондоо зөрчилдөхгүйгээр орших боломжтой.

Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна." гэжээ. Эндээс бид Үндсэн хууль иргэдийн төлөөлөгчдийг хэрхэн оролцуулахыг тогтоохыг хууль тогтоочдод үлдээжээ гэдгийг харж болно. Гэхдээ иргэдийн төлөөлөгчийн оролцооны хэм хэмжээ, хэлбэрийг хууль тогтоогчид ямар байдлаар тогтоох нь энэхүү маргааны асуудал болж байна.

Иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээ, холбогдох бусад харилцааг Шүүхийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тус тус зохицуулсан байдаг. Гэсэн хэдий ч практик судалгаагаар энэ нь хэлбэрийн төдий болох нь батлагдсан.

Үндсэн хууль мэдээж ийм хэлбэрийн төдий оролцох ач холбогдолгүй оролцоог зарчим болгож суулгаагүй. Энэ нь зөвхөн өмнөх хууль хэрэгжүүлэлтийн алдаа төдий биш, анхнаасаа энэ нь үр нөлөөгүй хэлбэрийн зохицуулалт байна гэдгийг харуулж байгаа юм.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээ, оролцох механизм, зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулсан нь иргэдийн оролцоог баталгаажуулж, Үндсэн хуулийн үзэл санааг бодит утгаар хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл билээ.

Мэдээж энэ хууль нь Үндсэн хуультай тэр дундаа өргөдөл гаргагчийн дурдсан Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгтэй зөрчилдөх ёсгүй. Дараах шалтгааны улмаас Шүүгчийн хараат бус байдлыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Харьцуулсан эрх зүй судлал бусад улс оронд нийтлэгээр шүүх ажиллагаан дахь иргэдийн оролцооны "jury" буюу тангарагтны шүүгчид, "lay judge" буюу мэргэжлийн бус шүүгч гэсэн хоёр загвар байгаа гэж үздэг. Тангарагтны шүүх нь тодорхой тооны иргэд шүүгчийн оролцоогүй хэргийг үйл баримт буюу гэм буруугийн хувьд шийдвэрлэдэг бол мэргэжлийн бус шүүгч нь мэргэжлийн шүүгч нартай хамтран гэм буруугийн болон бусад асуудлаар шийдвэр гаргахад оролцдог ялгаатай.

Иргэдийн төлөөлөгчийн оролцоо мөн мэргэжлийн боловсролгүй энгийн иргэд ч тухайн нийгэмдээ зөв буруу, шударга, шударга бусыг таньж ойлгох чадавхтай болохыг илэрхийлдэг.

Ийнхүү иргэдийн төлөөлөгчдийг шүүн таслах ажиллагаанд шийдвэр гаргах бүрэлдэхүүнд оролцуулдаг нь эдгээр улсуудын үндсэн хуулийн зарчмууд болох шүүгчийн бие даасан байдал, шүүхийн хараат бус байдалтай зөрчилдөөгүй гэж үзсэн байдгийг илэрхийлж байна.

1990-ээд оноос өмнө манай улсад бүх шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ нэг шүүгч, хоёр ардын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байв. Өөрөөр хэлбэл, ардын төлөөлөгч нь мэргэжлийн шүүгчийн адил "таслах эрх" эдэлж байсан болно.

Нөгөө талаар шүүхийн үйл ажиллагааны зарчмууд нь Монгол Улсын иргэний үндсэн эрх болох шударга шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг хангах үндсэн зорилготой учир бид Үндсэн хуулийн дээрх хоёр зарчмыг энэ эрхийг илүү хангах талаас нь тайлбарлах нь зохистой.

Хууль ёсны (хуулиар байгуулагдсан, гагцхүү хуульд захирагддаг), шударга шүүхээр (иргэнд ойлгомжтой, төвийг сахисан, ил тод үйл ажиллагаатай) шүүлгэх иргэний үндсэн эрхийг хангахын тулд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус зарчим яригддаг.

Үндсэн хуулийн онолоор шүүх, шүүгч нь өөрөө анхдагч эх үүсвэр биш бөгөөд хүний жам ёсны эрхтэй өрсөлдөх зүйл биш. Тиймээс шүүгчийг жам ёсны мэт үнэлж, шүүгчийн хараат бус байдлыг иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхтэй сөргөлдүүлэх болон давуулж үнэлэх боломжгүй.

Тиймээс шүүхийн шүүгчийн хараат бус байдлаар хамгаалагдсан шүүгчид гагцхүү хуульд захирагдан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ханган ажиллаж буйг ил тод харуулан иргэдийн итгэлийг бэхжүүлэх, нөгөө талаар шүүн таслах ажиллагааг хариуцлагажуулахад чухал ач холбогдолтой шударга ёсонд нийцсэн механизм бол иргэдийн төлөөлөгчийн шүүх бүрэлдэхүүн дэх оролцоо юм.

Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэдийн төлөөлөгчийн оролцоог энэ түвшинд ойлгож байж үндсэн хуулийн суурь зарчим, зорилго болох иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах бөгөөд энэ нь шүүгчийн хараат бус байдлын зарчимтай зөрчилдөхгүй юм. Ингэснээр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд нөлөөлүүлэх гэсэн биш харин иргэдэд энэ эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцох боломж буюу Үндсэн хуульт ардчиллын зарчим хуулийн засаглалын зарчимтай хослон хэрэгжиж буйн илрэл болно.

Иймд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн, мөн зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн иргэдийн төлөөлөгч оролцуулах болон шударга шүүхээр шүүлгэх эрхтэй нийцэж байгаа бөгөөд шүүгчийн хараат бус байдлын зарчимтай зөрчилдөхгүй гэж үзэж байна." гэжээ.

Гурав. Монгол Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Тухайн асуудлыг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүнээр хянан хэлэлцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд шинэчлэгдэн гараагүй нөхцөлд маргаантай холбоотой ойлголтод Улсын Дээд шүүхийн тайлбар, байр суурийг тодорхойлох боломжгүй юм.

Иймээс шүүх бүрэлдэхүүн, түүнд иргэдийн төлөөлөгчдийг оролцуулах тухай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн хуулийн эрх зүйн онол, үндсэн зарчим хууль хэрэглээний арга зүйн талаас хянан үзэж маргааныг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзнэ." гэжээ.

Дөрөв. Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй." гэж, харин Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна." гэж тус тус заасан.

Бидний үзэж буйгаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулга нь шүүгчийн хараат бус байдлыг тунхаглан хамгаалсан хэм хэмжээ бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийг шүүгчид хөндлөнгөөс нөлөөлж байгаа иргэн

гэж үзэх боломжгүй, шүүгчтэй хамтран шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд оролцогч иргэн гэж үзэх үндэстэй юм. Иргэдийн төлөөлөгчийн энэ эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлд "Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна." гэж зааснаар үүсэх бөгөөд Үндсэн хуулийн хэм хэмжээнээс үзвэл иргэдийн төлөөлөгч нь хэрэг, маргааныг хянан хэлэлцэх, шийдвэрлэх бүх шатанд оролцохоор заасан байгаа нь уг зүйлийн "хамтран шийдвэрлэхдээ" гэж зааснаас тодорхой харагдаж байна." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Бүх шатны шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ." гэж зааснаас үзэхэд шүүхийг зөвхөн шүүгч бүрдүүлэхээр байна.

2. Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ." гэсэн нь шүүх бүрэлдэхүүнд хамааралтай байна.

3. Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна." гэснийг иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар заасан гэж үзэхээргүй байна.

Иймд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:

1.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад "маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна." гэж тус тус заасны "...шүүх бүрэлдэхүүнд..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй." гэсэн заалтыг зөрчсөн байна.

2.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтын "... шүүх бүрэлдэхүүнд ...", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "...шүүх бүрэлдэхүүнд..." гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авсанаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ: Д.НАРАНЧИМЭГ

ГИШҮҮД: П.ОЧИРБАТ

Д.СУГАР

Ц.САРАНТУЯА

Б.ПҮРЭВНЯМ