Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 11 дүгээр                                                                                                                                                                                                         Улаанбаатар
сарын   9-ний  өдөр                                                                                                 Дугаар 370                                                                                              хот

                                                      
 
  НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР
АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн  Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай:

 

     1.1. Хамтын хэлэлцээр байгуулсан яамдын сайдын болон аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлд салбар, тухайн нутаг дэвсгэрийн ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын төлөөллийг оруулж болно;

     1.2. Аймаг, нийслэл, салбарын түвшинд ажил олгогчийн болон ажилтны  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагатай хамтын хэлэлцээр байгуулан, хэрэгжилтийг хангаж ажиллах;

     1.3. Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудын хяналтыг өндөржүүлэх чиглэлээр тухайн шатны мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хэрэгжилтийг зохион байгуулах.

 

2. Эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүн амын бодит орлогыг хамгаалах хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд нийгмийн түншлэлийн оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагатай дараах чиглэлээр хамтран ажиллахыг холбогдох сайд нарт даалгасугай:

     2.1. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөр, арга хэмжээнд  ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын оролцоог хангаж ажиллах;

     2.2. Инфляцийн түвшин, салбарын онцлог, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагатай хамтран хэрэгжүүлэх.

 

3. Нийгмийн түншлэлийн талаар хэрэгжүүлсэн ажил, үр дүнг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх үзүүлэлт болгон тооцож, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт, мөн энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг жил бүр Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт тус тус даалгасугай.
       

 

                                      
       
Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

 

Хөдөлмөрийн сайд                                                               Я.САНЖМЯТАВ