A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 117

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-т заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэн батлагдсантай холбогдуулан төрийн бодлого, үйл ажиллагааг үзэл баримтлалын агуулгад нийцүүлэх зорилгоор дараахь арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай.

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах, шинээр боловсруулах шаардлагатай хууль тогтоомжийн жагсаалтыг салбар тус бүрээр гаргаж, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлыг "Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл"-тэй уядуулан төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх;

2.Засгийн газраас гаргах шийдвэр, санаачлах хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын агуулгад нийцүүлэх, үзэл баримтлалын агуулга нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөлд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг санаачилж батлуулсны үндсэн дээр үзэл баримтлалд нийцсэн шийдвэр гаргах.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД