A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 92

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг.Монгол Улсын Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан Монгол Улсын иргэний журамт үүрэг болох "Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" заалтыг хэрэгжүүлж, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан "иргэдэд эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх" үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай:

1.Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй 18-25 насны, хугацаат цэргийн алба хаагаагүй тус улсын иргэн эрэгтэйчүүдийг оршин суугаа нутаг дэвсгэр, суралцаж буй мэргэжлээс үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаалгахтай холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

Хоёр.Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Засгийн газар (Н.Алтанхуяг)-т чиглэл болгосугай.

Гурав.Зарлигийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 12 дугаар сард багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлэл хийж байхыг Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ