A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 373

Улаанбаатар хот

ӨВӨЛЖИЛТИЙН БОЛЗОШГҮЙ ХҮНДРЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өвөлжилт, хаваржилтын байдлын талаар аймаг, сумаас мэдээлэл авах, нэгтгэх, хяналт тавих, орон нутгаас тавьсан санал, хүсэлтийг судалж, шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон аймгийн Засаг даргын харьяа холбогдох агентлагийн дэргэд ажиллуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

2. Цас орж зам, даваа хаагдахаас өмнө орон нутгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг шаардлагатай байршил, цэгүүдэд татаж нөөцлөн, дотоод нөөц боломжоо дайчлан өвөлжилтийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах арга хэмжээг авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй орон нутгийн иргэд, өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжиж байгаа малчдад эрүүл мэндийн түргэн тусламжийн болон нийгмийн үйлчилгээний бэлэн байдлыг ханган, үйлчилгээг тасралтгүй шуурхай үзүүлэх зорилгоор шатахуун, машин техник, эм бэлдмэлийн нөөцийг бүрдүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Зам даваа хаагдсан үед улсын болон орон нутгийн чанартай авто замыг бэлэн байлгахад шаардагдах нэмэлт зардал бүгд 421.6 (дөрвөн зуун хорин нэгэн сая зургаан зуун мянган) сая төгрөгийг хавсралтаар баталж, Засгийн газрын нөөц сангаас 2013, 2014 онд хуваан гаргаж аймгийн Засаг дарга нарт олгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

5. Энэ тогтоолын хавсралтад заасан зардлаар зориулалтын техникийг түрээслэн авч, улсын болон орон нутгийн чанартай авто зам цасанд хаагдаж, боогдсон тухай бүрт нь нээх арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Зам, тээврийн сайд А.Гансүх, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

6. Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэн үед малчдад өвс, тэжээл, эм, эмчилгээний хэрэгсэл, өргөн хэрэглээний болон хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хүргэхэд шаардлагатай машин механизм, туулах чадвар сайтай автомашиныг цэргийн анги нэгтгэлүүдээс дайчлахтай холбогдсон бэлэн байдлыг хангаж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгасугай.

7. Сум, багийн харилцаа холбооны техник хэрэгслийн найдвартай ажиллагааг хангаж ажиллахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд, малчдад тогтмол хүргэж байхыг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА