Хэвлэх DOC Татаж авах
АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 11 дүгээр                                                                                                                                                                                                       Улаанбаатар
сарын  9-ний  өдөр                                                                                                  Дугаар 367                                                                                            хот


                                                       
АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

 

Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоол, 2013 оны 51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг байгуулсугай.

 

2. Хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааны стратеги хөтөлбөрийг баталж мөрдүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

 

3. 2013 оны Хөрөнгө оруулалтын газрын төсвийг Эдийн засгийн хөгжлийн сайдын батлагдсан төсвөөс шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

 

4. Дор дурдсан арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай:

     4.1. Хөрөнгө оруулалтын тухай хууль шинээр батлагдан яамдын зарим чиг, үүрэгт өөрчлөлт орж байгаатай холбогдон ажил хүлээлцэх комиссыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу томилон ажиллуулж, хэрэгжүүлэх;

     4.2. Мэдээ, баримт бичиг, төрийн өмчийн хадгалалт, хамгаалалтыг хариуцан, холбогдох яам, эрх бүхий байгууллагад шилжүүлэх, холбогдох эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, хаалтын тайлан тэнцэл гаргах;

     4.3. Нийгмийн даатгалын болон татварын байгууллагатай тооцоо хийж дуусгах;

     4.4. Хөрөнгө оруулалтын газрыг үйл ажиллагаа явуулах ажлын байраар хангах.

 

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын “Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал” гэсэн хэсгийн “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд” гэсний дараа “Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд” гэж, "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсэгт "18. Хөрөнгө оруулалтын газар" гэж тус тус нэмсүгэй.

 

 

       
Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

 

Эдийн засгийн хөгжлийн сайд                                             Н.БАТБАЯР