A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 

      Дугаар  20

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн биелэлтийг хангах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбогдуулан дараах арга хэмжээг 2013 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:

1/Улсын Их Хурлын даргын 2012 оны 103 дугаар захирамжаар байгуулсан барилгын тухай, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон барилгын тухай хууль тогтоомж, стандарт, норм ба дүрэм зөрчсөн, түүнчлэн зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох этгээдийг нийтэд мэдээлэх, тэдгээрт хариуцлага тооцох;

2/барилгын ажил эрхлэх аливаа зөвшөөрөл /техникийн нөхцөл, дүгнэлт зэрэг/, тусгай зөвшөөрөл олгосон байдал, түүнчлэн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, нэгдсэн эмнэлгийн эдэлбэр газарт барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон асуудлыг хууль, хяналтын байгууллагын оролцоотой ажлын хэсэг байгуулан шалгаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах;

3/барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичгийн тоог цөөрүүлж, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх;

4/хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдох хууль тогтоомж, норм, дүрэмд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг шинэчлэх;

5/хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэн болон амь насаа алдсан иргэний гэр бүлд нөхөн төлбөр олгох асуудалтай холбогдох хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

6/аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны ажилтны тоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны тоо, ажлын байран дахь эрсдэлийн түвшнээс хамааруулан тогтоох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл болон мэргэжлийн холбоотой хамтран ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээг авах;

7/хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн улсын байцаагчийн тоог нэмэгдүүлэх;

8/аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын таван хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зардалд зарцуулах чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

9/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, зарцуулах, хянах эрхийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороонд шилжүүлэх, үүнтэй холбогдуулан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм болон бусад холбогдох дүрэм, журмыг шинэчлэх;

10/хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг олон улс, бүс нутгийн түвшинд хүргэж шинэчлэх, санхүүжилтийн асуудлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх;

11/мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг түшиглэн барилга, уул уурхай, эрчим хүч, зам, тээвэр, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажил олгогч, ажилтанд зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулдаг болох, үүнтэй холбогдуулан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн материаллаг баазыг бэхжүүлэх, хүний нөөц, зардлын асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авах;

12/мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх зорилгоор Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, эмч, эрүүл ахуйн ажилтныг бэлтгэх, тэдний чадавхийг дээшлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;

13/хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байран дахь сургалт, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, осолгүй ажилласан аж ахуйн нэгж, байгууллагыг нийтэд мэдээлэх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /З.Баянсэлэнгэ/, Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд тус тус даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД