Хэвлэх DOC Татаж авах
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн

холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг

  хянан шийдвэрлэсэн тухай

 

 Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                                                                                                              танхим 13.15 цаг

 

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ш.Цогтоо, Д.Сугар /илтгэгч/, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

         Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын их хурлын гишүүн Х.Тэмүүжин оролцлоо.

          Хуралдаанаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэсний “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...”, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “... өөрийгөө өмгөөлөх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

           Нэг. Иргэн Ч.Лхагвасүрэн Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө:

          “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд мөн зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн 36.3.16 дахь заалтад яллагдагч “шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхтэй” гэж заасан билээ.

          Шүүгдэгч, яллагдагч нь Монгол Улсын иргэнийхээ хувьд Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтын дагуу шүүхийн шийдвэрт давж заалдах, Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй гэж үзнэ.

          Түүнчлэн Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, ... хуулийг хэрэглэх эрхгүй”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад Үндсэн хуулийг удирдлага болгож, энэ хуулийг баримтална”, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэхгүй” гэж тодорхой заасан байна.

          Гэтэл өнөөдөр бүх шатны шүүх нь 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх заалт, мөн Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалтыг хэрэглэх журмын тухай” 35 дугаар тогтоолын 13 дахь заалтыг баримтлан Үндсэн хуулиар олгогдсон шүүхийн шийдвэрт шүүгдэгч /иргэн/ давж заалдах эрхийг хязгаарлаж байна.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн энэ заалт болон Улсын дээд шүүхийн тогтоол нь шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нар өөрсдөө гомдлоо гаргаж, өөрт холбогдох хэрэг маргааныг хяналтын шатны шүүхээр хянуулж, эцсийн шатны шийдвэр гаргуулах эрхгүй болгож, Үндсэн хуулиар Монгол Улсын иргэнд олгогдсон шүүхийн шийдвэрт давж заалдах, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг зөрчиж, шүүгдэгчийг эрх зүйн байдал, ажил, албан тушаал, боловсролынх нь хувьд ялгаварлаж байна.

             Хэрвээ шүүгдэгчийн хувьд өөрийгөө өмгөөлж байгаа тохиолдолд яах вэ?

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн заалтаар олгогдсон давуу байдлаа ашиглан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдүүд өмгөөлөгчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл гаргах, зүй бус орлого олох нөхцөл байдлыг бий болгож байна.

        Тухайлбал миний бие 2010 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эрүүгийн онц хүнд гэмт хэрэгт холбогдож Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч “Х” өөрийн өмгөөлөгчөөр сонгон мөрдөн байцаалтын болон бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцуулахаар тохиролцон улмаар зохих төлбөрийг төлж ажиллуулсан юм.

           Гэтэл өмгөөлөгч “Х” нь анх надад болон гэр бүлийнхэнд минь амлаж байсан шигээ ажиллаж, анхан болон давж заалдах шатны шүүхэд миний эрх ашгийг бүрэн хамгаалаагүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу мөн хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан хугацаанд хяналтын шатны шүүхэд хянуулахаар гомдол гаргаагүй. Учир нь өмгөөлөгч “Х” нь тухайн үед надаас болон гэр бүлийнхнээс маань 10 сая төгрөг төлөхийг шаардсан. Бидэнд түүний шаардсан мөнгө бэлэн байгаагүй учир мөнгийг төлж чадаагүйгээс надад холбогдох … дугаартай эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүхээр хянуулахаар хуулийн хугацаанд гомдол гаргах боломжийг ашиглаж чадаагүй юм.

         Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчиж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

           Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн ирүүлсэн тайлбарт:

          “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрддэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн өөрт хамааралтай хэрэг, маргаанаа анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсний дараа анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэргийн хүнд хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан гэж үзвэл давж заалдах шатны шүүх буюу аймаг, нийслэлийн шүүхэд хохирогч, шүүгдэгч, түүний гэр бүл, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний давж заалдах эрхийг хангаж байгаа шүүх бол давж заалдах шатны шүүх буюу аймаг, нийслэлийн шүүх юм.

       Харин хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлсэн шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч тухайн хэрэг, маргаанаа хянуулах зорилготойгоор гомдол гаргадаг. Хяналтын шатны шүүх нь эрүүгийн гэмт хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцлийг тогтоохгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх, шүүн таслах үйл ажиллагааг хуулийн дагуу зөв явуулж байгаа эсэхийг л хянадаг. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн...”, “... шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэж хуульчилсан.

           Олон улсын жишгээс үзэхэд хяналтын журмаар гомдол гаргасны дагуу үүсэх маргаан нь иргэний маргаан биш зөвхөн хуульчдын хооронд өрнөдөг эрх зүйн маргаан юм. Зарим орны эрх зүйн практикт давж заалдах шатны шүүхэд хүртэл иргэн зөвхөн өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргахаар хуульчилсан байдаг.

         Дээр дурдсан дэлхийн эрүүгийн эрх зүйн тогтолцооны нийтлэг зарчим, хандлагыг харгалзан Улсын Их Хурал 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.

           Улсын дээд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим, зүйл, заалтыг хэрэглэх журам”-ын тухай 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоолоороо “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч...” гэдэгт шүүгдэгчийн, цагаатгагдсан этгээдийн, хохирогчийн өмгөөлөгч тус тус хамаарна гэж тайлбарласан нь дээрх зарчмыг баримталж, шүүхэд нэгдсэн нэг стандарт тогтоосон тайлбар бөгөөд энэ нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөөгүй гэж үзэж байна.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг нь иргэний шүүхийн шийдвэрт давж заалдах эрхийг хязгаарлаагүй бөгөөд хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаагүй, зөвхөн хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн эсэх, хууль зөрчсөн эсэхтэй холбогдсон эрх зүйн маргааныг л хянан шийдвэрлэдэг шүүх тул иргэн хяналтын журмаар гомдол гаргахдаа өмгөөлөгчөөрөө дамжуулах нь зүйтэй гэсэн санааг агуулж байгаа юм.

        Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа үүгээр уламжилж байна.” гэжээ.

            Гурав. Иргэн Ч.Лхагвасүрэнгийн өргөдөлтэй холбогдуулан Монгол Улсын дээд шүүхээс ирүүлсэн тайлбарт:

        “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэжээ.

          Хуулийн энэ заалтыг үндэслэж Улсын дээд шүүх 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоол буюу “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалтыг хэрэглэх журам”-д  “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч...” гэдэгт шүүгдэгчийн, цагаатгагдсан этгээдийн, хохирогчийн өмгөөлөгч хамаарна гэж тайлбарласан болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөрөө дамжуулж хяналтын шатны шүүхэд гомдол гаргах болсон байна.

          Учир нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх зүйл, хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр л хяналтын шатны шүүхэд гомдол гаргана гэж тодорхой заасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчих гэсэн ойлголтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1 - 320.1.7 дахь заалтад, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэсэн ойлголтыг мөн хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1-321.1.3 дахь заалтад тус тус тодорхойлсон бөгөөд гомдол гаргагч нь дээрх хуулийг ноцтой зөрчих, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэсэн үндэслэлд үл хамаарах асуудлаар гомдол гаргахыг хуулиар хориглосон болно.

            Өөрөөр хэлбэл хяналтын шатны шүүх хуралдаанаар зөвхөн хууль хэрэглээний асуудал хэлцэгддэг учраас мэргэжлийн өмгөөлөгч нь хууль зөрчсөн, буруу хэрэглэсэн эсэх асуудлаар гомдол саналаа тавьж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хууль тогтоогч үзсэн байх тул шүүх хуулийн дээрх заалтыг баримтлан хэрэглэж байгааг тайлбарлая.” гэжээ.

              ҮНДЭСЛЭЛ:

           1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “... Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрт давж заалдах ...” эрхийг Монгол Улсын иргэнд олгохдоо ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй ба шүүхийн шийдвэрт давж заалдах иргэний эрхийг зөвхөн давж заалдах шатны шүүхэд хандах эрхээр хязгаарлахгүйгээр аливаа шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээр нь хянуулах эрх гэж Монгол Улсын нэгдсэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 5-д зааснаар ойлгохоор байна.   

              2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч,  эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж зааж шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөр уламжлан Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхээр хуульчилсан нь иргэний өөрийгөө өмгөөлөх эрх болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна.

           3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

            1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч,  цагаатгагдсан этгээд,  хохирогчийн өмгөөлөгч  гомдол гаргах, улсын яллагч,  эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж заасны "... шүүгдэгч,  цагаатгагдсан этгээд,  хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах ... эрхтэй." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.” гэснийг зөрчсөн байна.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч  гомдол гаргах, улсын яллагч,  эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж заасны "... шүүгдэгч,  цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах ... эрхтэй." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

            3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч,  цагаатгагдсан этгээд,  хохирогчийн өмгөөлөгч  гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.“ гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

             4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

                       ДАРГАЛАГЧ                                                Ж.АМАРСАНАА

          ГИШҮҮД                                                      П.ОЧИРБАТ

                                                                             Ш.ЦОГТОО

                                                                             Д.СУГАР

                                                                                          Д.НАРАНЧИМЭГ