A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 3, гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн Зарлиг болгох нь:

Нэг.Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлэх "Том төрөөс ухаалаг төр рүү" төрийн шинэтгэлийн бодлогын хүрээнд төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж иргэдэд ойр, хүртээмжтэй болгох зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай:

1/Нийслэлийн өмчийн Хангарьд ордонг төр түрээслэх нөхцөлтэйгөөр хувьчилж, Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, онцгой байдлын асуудал эрхлэх болон хууль сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий агентлагаас бусад бүх агентлагийг тус ордонд багтаах;

2/Төр хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх нөхцлийг хангасан, олон нийтийн хяналт, судалгаа, мэдээллийн болон дэвшилтэт технологийн нэгдсэн сүлжээтэй байх боломжийг бүрдүүлсэн, төр түрээслэх нөхцөл бүхий хувийн өмчийн барилгыг Төрийн ордны зүүн тал дахь хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр бариулах, уг барилгад Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамнаас бусад бүх яамдыг багтаах.

Хоёр.Энэхүү зарлигийн хэрэгжилтийн талаар Ерөнхийлөгчид болон олон нийтэд улирал тутам мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ