A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 2

Улаанбаатар хот

ӨНДӨРЛӨГ БАЙРШИЛД СПОРТЫН БЭЛТГЭЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот орчимд далайн төвшнөөс 1450 метрээс дээш, аймаг, орон нутагт 1500-2200 метрийн өндөрлөг байршилд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар спортын бэлтгэлийн төв байгуулахыг дэмжсүгэй.

2. Спортын бэлтгэлийн төв байгуулах тохиромжтой байршлуудыг орон нутгийн хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусган газар олгож, дэмжин ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Завхан аймгийн Отгон суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спортын бэлтгэлийн төв байгуулах талаар санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаарах байршилд хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ