Хэвлэх DOC Татаж авах
АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 4

                                                       

АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН БҮТЭЦ,

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ

ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Төсвийн тухай хуулийн 14.4, 65.1.3-т заасныг тус тус үндэслэн  Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Улаанбаатар авто замын засвар арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийг хуваах замаар машин механизм, тоног төхөөрөмжийг түшиглүүлэн Төв аймгийн Баянчандмань суманд “Баянчандмань-АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт “Налайх-АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани байгуулахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарт зөвшөөрсүгэй.

2. Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Баян-Өлгий аймгууд болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд авто замын засвар, арчлалт хийх компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Улсын чанартай авто замын засвар, арчлалтын ажилд зам, тээврийн сайдын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтыг чиглэл бүрээр батлагдсан төлөвлөгөөний дагуу Засаг дарга нартай гэрээ байгуулан шилжүүлж, хяналт тавин ажиллахыг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгасугай.

4. Хуваарилагдсан хөрөнгө оруулалтаар тухайн аймгийн авто замын засвар, арчлалтын компаниудтай гэрээ байгуулан зөвхөн улсын чанартай замын өдөр тутмын засвар арчлалтын ажлыг зохион байгуулж, хяналт тавин, хөдөлгөөний байнгын бэлэн байдлыг ханган ажиллахыг аймгуудын Засаг дарга нарт даалгасугай.

5. 2014 оноос орон нутгийн авто замд хийгдсэн тэмдэг, хаягжуулалтын ажлуудыг хүлээн авч ашиглалт, хамгаалалтыг байнга хариуцан ажиллаж байхыг Засаг дарга нарт даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Авто замын засвар, арчлалтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын тухай” Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 173 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “а”-д заасан   “Улаанбаатар-АЗЗА”  ХК гэснийг,  “2010  онд  хувьчлах,  өөрчлөн  байгуулах  төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 86 дугаар тогтоолын хавсралтын 9 дэх заалтын “Улаанбаатар АЗЗА” ХК-д дараах бүтцийн өөрчлөлтийг хийж, нийт хувьцааны 51 хувийг төрийн мэдэлд үлдээж, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж нэмэлт хөрөнгө оруулалт хийх зэрэг нөхцөлтэйгээр 49 хувийг хувьчлах, концессын гэрээгээр ажиллуулах” гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 

Монгол Улсын Ерөнхий сайд                                          Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд                                                          А.ГАНСҮХ