A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 57

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарим газар нутгийг улсын тусгай

хамгаалалтад авах тухай

Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан "Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр"-ийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" Монгол улсын хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Байгаль орчны тэнцэл, унаган төрхийг хадгалан хамгаалахад болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий зарим газар нутгийг дор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоосугай:

1/Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Төв аймгийн Эрдэнэ сумдын зарим хэсгийг Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн заагт хамруулан дархан цаазат газрын ангиллаар;

2/Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших Заг Байдрагийн голын эхэн сав нутаг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэйн голын ай сав нутаг, Хэнтийн аймгийн Мөрөн сумын нутагт орших Өндөрхаан уулыг байгалийн цогцолборт газрын ангиллаар;

3/Говь-Алтай аймгийн Халиун, Цээл сумдын нутгийг дамнан орших Хар Азаргын нурууг, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт орших Хүрээмандал уулыг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан сумдын нутгийг дамнан орших Баянцагааны талыг, Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Дархан уулыг болон мөн аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Хэрлэн Тооно уулыг, Увс аймгийн Хяргас сумын нутагт орших Булганхангай уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;

4/Увс аймгийн Давст сумын нутагт орших Мөнгөт Цахир уулыг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Дарханхаан уулыг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хангал нуурыг, мөн аймгийн Батширээт сумын нутагт орших Биндэръяа хан уулыг байгалийн дурсгалт газрын ангиллаар.

2.Байгалийн бүс, бүслүүрийн хэв шинжийг төлөөлж чадах ховор амьтан, ургамлын байршил, түүх, соёлын дурсгал бүхий нутаг Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их Газрын чулууны байгалийн нөөц газрын талбайн хэмжээг дээрх сумдын зарим газар нутгаар өргөтгөж ангилал дээшлүүлэн Их Газрын чулууны байгалийн цогцолборт газар болгон өөрчилсүгэй.

3.Хан Хэнтийн дархан цаазат газрын шинэчилсэн хилийн заагийг тогтоолын 1 дүгээр, Их Газрын чулууны байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоолын 2 дугаар, Заг Байдрагийн голын эхэн сав нутгийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоолын 3 дугаар, Чигэртэйн голын ай сав нутгийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоолын 4 дүгээр, Өндөрхаан уулын байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоолын 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

4.Энэхүү тогтоолоор газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөх олговрыг тооцож олгохыг Засгийн газарт даалгасугай.

5.Байгалийн нөөц болон байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй газар нутгийн хилийн заагийг холбогдох хуулийн заалтыг үндэслэн тогтоохыг Засгийн газарт даалгасугай.

6.Хан Хэнтийн дархан цаазат газрын талбайн хэмжээг өргөтгөж байгаатай холбогдуулан Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн заагийг баталсан Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 5 дахь хэсгийг болон Их газрын чулууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан Улсын Их Хурлын 2003 оны 30 дугаар тогтоолын 1.2 дахь заалтаас "Дундговь аймгийн Гурвансайхан, Говь-Угтаал сумын хилийн заагт орших Их газрын чулуу орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар" гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ