Хэвлэх DOC Татаж авах
ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭ БОЛОН ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮРИЙГ ШИНЭЧЛЭН  ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 15

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭ

БОЛОН ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮРИЙГ ШИНЭЧЛЭН  ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 30 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн албан хаагчийн 200000 (хоёр зуун мянга) хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 27000 (хорин долоон мянга) төгрөгөөр, 600000 (зургаан зуун мянга) хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22000 (хорин хоёр мянга) төгрөгөөр, түүнээс дээш тэтгэврийн хэмжээг  20000 (хорин мянга)  төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгох арга хэмжээ авахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 52-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу  иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ заалтад ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 52-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. Нийгмийн даатгалын сангаас олгох болон Цэргийн албан хаагчийн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 207300 (хоёр зуун долоон мянга гурван зуу) төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 172200 (нэг зуун далан хоёр мянга хоёр зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож, 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 52-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын З дахь заалтыг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил нийгмийн

хамгааллын сайд                                                                   С.ЭРДЭНЭ