A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 29

Улаанбаатар хот

ЗАРИМ АЙМГИЙН ДУЛААН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 72 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төв, суурин газрын дулаан хангамжийг сайжруулах зорилтыг богино хугацаанд шийдвэрлэх, төрийн хөрөнгө оруулалтыг багасгах, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Архангай, Дундговь, Хэнтий, Говь-Алтай, Төв, Говьсүмбэр аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам барих төсөл, арга хэмжээ, сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай. /ЗГ-ын 2014-2-14-ний 42-р тогтоолоор нэмэлт орсон/

2. Аймгийн төвүүдэд шинээр баригдах дулааны станцын зуухны сонголтыг орон нутгийн нүүрсний шинж чанар, онцлогт тохируулан байгальд ээлтэй технологийг сонгон, станцын цаашдын найдвартай ажиллагааг хангах үүргийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээнд тусган хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгасугай.

3. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж эхлүүлэх, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан холбогдох зардлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээнд тусгасан нөхцөлөөр санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4. Орон нутгийн дулаан хангамжийн системүүдийг үр ашигтай ажиллуулах, тэдгээрийн ашиглалт, засвар үйлчилгээний талаар болон боловсон хүчин, цалин хөлс, үнэ тарифын нэгдсэн бодлогоор хангаж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хороо (С.Отгонбаяр), аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ