Хэвлэх DOC Татаж авах
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн    65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын    тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн заалт    Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн    эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Монгол Улсын
Үндсэн хуулийн цэцийн
Дүгнэлт

2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр                                                                                                                                                                  Улаанбаатар хот

Дугаар 03
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн
65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын
тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн заалт
Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн
эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.00 цаг

                                                                                                                              

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа /илтгэгч/, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар  хорооны оршин суугч, иргэн Х.Сэлэнгэ, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Тунгалаг, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

 

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 14, Дөчин наймдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч, иргэн Х.Сэлэнгэ, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан нар Үндсэн хуулийн цэцэд хандаж доорхи агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна:

 

Нэг. “Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “Энэ хуульд зохицуулснаас бусад давж заалдах гомдлыг гаргах, хүлээн авахтай холбогдсон харилцааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна” гэж заасан.  Тус хуульд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаатай нь холбогдуулан мэргэжлийн хариуцлагын хорооноос маргааныг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн гэж үзвэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргаж болох тухай зааж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт  2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж нэмэлт оруулан хуульчилжээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар хуульчийн мэргэжлийн дүрэм, хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуульчдын холбооны хууль ёсны шийдвэр, үүрэг даалгаврыг зөрчсөн болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг хуульчийн мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэнтэй холбогдсон маргааныг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой маргаан гэдэгт хамааруулсан байна.

 

Мөн хуулийн 64 дүгээр зүйлд гомдол гаргах субъектүүдийг тодорхойлсноос харвал маргаанд оролцогч субьект нь өмгөөлөгч, түүний үйлчлүүлэгч, шүүгч, прокурор, Хуульчдын холбоо, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, аймаг, нийслэл, дүүргийн прокурор болон Улсын ерөнхий прокурор, Хуульчдын холбооны өмгөөлөгчдийн хороо байх талаар зааж уг маргааныг Мэргэжлийн хариуцлагын хороо шийдвэрлэхээр заажээ. Тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэж хуульчилсан.

 

Аливаа хүн эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах эрхтэй байх нөхцлийг бүрдүүлэх нь төрөөс иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах эрх, эрх чөлөөний баталгаа байхаас гадна шүүхийн шударга ёсны илэрхийлэл болдог. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ..., шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” гэж зааснаас гадна шүүхийн үндсэн тогтолцоо, дагнасан шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавих, шүүхийн шийдвэр эцсийн байх тохиолдол зэргийг тодорхой зааж хуульчилсан.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, мөн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 2 дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.” гэсэн заалтуудтай зөрчилдөж байна. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар хянан хэлэлцэж, дүгнэлт гаргана уу”.

 

Хоёр. “Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар “Энэ хуулийн 35.1-д заасан магадлалыг маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж нэмж хуульчилсан байна.

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн энэхүү заалт нь шүүгчийн ёс зүйн болон мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрийн талаар маргаанд оролцогч субъектийн эрхээ хамгаалах буюу дээд шатны шүүхэд хандах эрхийг хязгаарлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.” гэсэн заалтуудтай зөрчилдөж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалт нь эрх зүйн этгээд бүрийн эрх, эрх чөлөөг хамгаалах хууль зүйн баталгааг бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх үүргийг төр иргэний өмнө хүлээж байна гэж ойлгогдоно.

 

Шүүхийн байгууллага шударга ёсны үүднээс эрх нь зөрчигдөн хөндөгдсөн хэн бүхний эрхийг шийдвэрлэх үүрэгтэй. Тийм ч учраас шүүн таслах үйл ажиллагааг зохистой, зөв явуулах үүднээс шүүхийн тогтолцоог улс бүрт анхан болон давах, хяналт гэсэн шатаар явуулахын зэрэгцээ эрх зүйн аливаа зөрчлийг шүүхээр шийдвэрлэж байгаа нөхцөлд эцсийн шийдвэрийг дээд шүүх гаргадаг тогтолцоо түгээмэл байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.” гэж заасныг зөрчсөн байх тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.“ гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн талаар хянан хэлэлцэж дүгнэлт гаргана уу” гэжээ.

 

Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Тунгалаг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Ж.Номин-эрдэнэ нар Үндсэн хуулийн цэцэд хандаж доорхи агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна:

 

Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1-д заасан магадлалыг маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж нэмэлт оруулан хуульчилсан байна.

 

Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой маргаан гэдгийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзсэн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд нь шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр маргаан бүхий асуудлаар ёс зүйн хороонд гомдол гаргана. Ёс зүйн хороо нь гомдлыг шалгаж, сахилгын хэрэг үүсгэх, эсхүл үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гаргах бөгөөд тус шийдвэрийг маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байхаар хуульд тусгажээ.

 

Ёс зүйн хорооноос шүүгчийг огцруулах талаар гаргасан шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь тухайн шүүгчийн /иргэний/ эрх зүйн байдлыг дээрдүүлэх эсэхийг шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр юм. Иймээс эрх ашиг сонирхол, эрх зүйн байдал нь хөндөгдөж байгаа шүүгч /иргэн/ хүсвэл давж заалдах буюу дахин хянуулах /хяналтын журмаар/ боломжтой байх учиртай. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна гэж хуульчилсан нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлгүй гэж үзсэн, мөн шүүхийн шатанд процессын журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн, тухайн шийдвэрийн үндэслэл буруу, шүүхийн шийдвэртэй бусад байдлаар санал нийлээгүй тохиолдолд Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүхийн шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах эрхийг хязгаарласан байна.

 

Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.” гэж заасны дагуу 2002 онд Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаж, нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага, албан тушаалтнаас  гаргасан захиргааны хууль бус актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй Захиргааны хэргийн дагнасан шүүх ажиллаж байна. Гэхдээ дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтанд байх талаар Үндсэн хуульд тодорхой заасан. Түүнчлэн Үндсэн хуульд “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна” гэж хуульчилснаас бус давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эцсийнх байна гэж хуульчлаагүй.

 

Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1-д заасан магадлалыг маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, ... зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад  “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.” гэж заасныг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж өгнө үү” гэжээ.

 

Гурав. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс ирүүлсэн хариу тайлбарт:

 

             Нэг. “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж түүнд дараах үндэслэлийг гаргаж байна.

 

Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн нэмэлтийг оруулан баталсан.

 

Хуульч мэргэжилтэн нь хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг тогтоох, нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулдаг этгээдийнх нь хувьд түүнд тавигдах хуулийн шаардлага, хүлээлгэх хариуцлага өндөр. Хуульч хүн мэргэжлийн алдаа гаргаснаар иргэний эрх зөрчигдөж, нийгэмд шударга ёс алдагддаг.

 

Тиймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг болон түүнд 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт оруулан батлахдаа хуульч мэргэжилтний хувьд түүнд хэд хэдэн хязгаарлалт, зохицуулалтыг бий болгож баталсны дотор хуульч мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдон үүсэх маргаан, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог зохицуулалтыг хуульчлан баталсан. Хуульч нь мэргэжлийн алдаа гаргасан бол Мэргэжлийн хариуцлагын хороо хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрхтэй бөгөөд нөгөө талаас уг шийдвэрийг эс зөвшөөрвөл маргаанд оролцогч этгээдэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхийг хангасан. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн гэж хууль тогтоогчид үзсэн. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдон үүсэх уг маргаан нь хуульд заасан байгууллага, эрх бүхий албан тушаалтны гомдлоор үүсдэг, хуульчийн мэргэжлийн алдаанаас хохирсон иргэний зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилго давхар агуулж байдаг тул иргэний шүүхэд гомдол гаргах, түүнийг шүүхээр хянан шийдвэрлэдэг ажиллагаатай шууд адилтган авч үзэж болохгүй юм. Хуульчдын мэргэжлийн алдааны улмаас эрх нь зөрчигдсөн болоод ирээдүйд зөрчигдөж болзошгүй иргэдийн эрхийн хамгаалалтыг бий болгох, шударга ёсыг бэхжүүлэх, түүнчлэн хуульчдын маргааныг хэт өргөжүүлж, хууль зүйн тогтолцооны нэр хүндийг унагахаас сэргийлдэг олон улсын жишиг хандлагыг харгалзан үзэж мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт дээрх нэмэлтийг оруулж баталсан.

 

Тиймээс Хуульчийн эрх  зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд харин ч Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “... шударга шүүхээр шүүлгэх ...”, Арван ёсдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтын үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн гэж үзэж байна.

 

Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй ... байна.”.

 

            Хоёр. “Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт  “Энэ хуулийн 35.1-д заасан магадлалыг маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалтыг нэмэлтээр оруулж баталсан.

 

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтад “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх байна.” гэж заасан нь маргаанд оролцогч субъектүүдийн эрхээ хамгаалах боломжийг хязгаарлаж, дээд шатны шүүхэд хандах эрхийг хориглосон байна гэж үзжээ.

 

            Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд нэмэлт оруулж, шүүгчдийн ёс зүйн зөрчлийг Ёс зүйн хорооноос эцэслэн шийдвэрлэдэг байсныг өөрчилж, Ёс зүйн хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй байхаар өөрчлөлт оруулснаар харин шүүгчдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн өөрчлөлт болсон юм.

 

            Шүүгч мэргэжлийн болоод ёс зүйн алдаа гаргахад иргэний эрх зөрчигдөж, нийгэмд шударга ёс алдагддаг. Үүнтэй холбогдуулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд 2 дахь хэсгийн нэмэлтээр шүүгчийн ажил, мэргэжлийн онцлогтой холбогдуулан зарим хязгаарлалтыг тогтоосон. Шүүгчид тавьсан хязгаарлалт нь нэгдүгээрт хуулиар тогтоогдсон, хоёрдугаарт хууль ёсны зорилгод захирагдсан болно.

 

Шүүгчийн мэргэжлийн болоод ёс зүйн алдааны цаана хүний эрхийн зөрчил, хохирол давхар агуулагдаж байдаг тул түүнийг иргэний маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд адилтган үзэж болохгүй юм. Хууль тогтоогчид шүүгчийн мэргэжлийн болон ёс зүйн алдааг засаж, хариуцлага тооцох, түүнд гомдол гаргах тусгай журам тогтоохдоо эрх нь зөрчигдсөн этгээдийн эрхийг сэргээн тогтооход чиглэгдсэн шүүх, хуулийн салбарт шударга ёсыг тогтоох, ёс зүйтэй төрийн үйлчилгээг бий болгох гэсэн хууль ёсны зорилгод захирагдсан. Энэ агуулгаараа шүүхийн шийдвэрээр эрх нь хөндөгдсөн аливаа этгээдийн хувьд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “ ...шударга шүүхээр шүүлгэх...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн Үндсэн хуулийн зорилгод нийцсэн гэж үзэж байна.

 

            Хүний эрхийг хамгаалах олон улсын эрх зүйн суурь баримт бичиг болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 12 дугаар зүйлийн 3-т “Хуульд заасан бөгөөд үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун буюу бусдын эрх, эрх чөлөө болон энэхүү Пактад хүлээн зөвшөөрсөн бусад эрхийг хамгаалахад шаардлагатай хязгаарлалтаас бусдаар дээр дурдсан эрхийг хязгаарлаж болохгүй” гэж зааснаар нийтийн эрх ашгийг үндэс болгон тодорхой хэмжээнд хязгаарлалт байж болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг.” гэжээ.

 

 

Дөрөв. Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригоос ирүүлсэн тайлбарт:

 

Нэг. “Мэдээлэл, түүнд тусгагдсан үйл баримт, эрх зүйн үндэслэл нь зарим талаар тодорхойгүй байх тул байр сууриа илэрхийлэхэд хүндрэлтэй байна. Тухайлбал, Үндсэн хуулийн зөрчилтэй гэх зохицуулалт нь мөн хуульд тусгагдсан иргэний үндсэн эрхийг хязгаарлаж байна уу? Эсвэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч тодорхой албан тушаалтнуудын эрхийг хязгаарлахад чиглэгдсэн үү? гэдэг нь тодорхой бус, мэдээлэл гаргасан иргэд нь маргааны зүйлээ дээрх байдлаар тодорхой нэрлэн заагаагүйгээс төөрөгдөл үүсгэж болзошгүй юм.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэг нь мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт хамааралтай байна.

 

Дээрх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт хуульч нь мэргэжлийн үйл ажиллагааг буюу тодорхой албан тушаалтнууд мэргэжлийн чиг үүргээ “хэрхэн хэрэгжүүлсэн”-д холбогдох маргаан байхад Үндсэн хуулийн иргэний үндсэн эрхийн холбогдох заалтыг зөрчсөн гэж мэдээлэл гаргаж буй нь ойлгомжгүй байна.

 

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын Хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй.” байх нь уг хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.” гэх зохион байгуулалт, хууль хэрэглээний эрх зүйн зохицуулалтын уг сурвалж нь болдгийг дурдах нь зүйтэй. Энэ зохицуулалттай холбоотой маргаан одоогоор шүүхэд ирээгүй байна.” гэжээ.

 

            Хоёр. “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 35.1-д заасан магадлалыг маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн “Энэ хуульд зохицуулснаас бусад давж заалдах гомдлыг гаргах, хүлээн авахтай холбогдсон харилцааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн зохицуулалттай адил эрх зүйн үр дагаврыг үүсгэхээр байна.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалттай холбогдсон тайлбар, мэдээллийг 2014 оны 1-246 дугаар албан бичгээр хүргүүлсэн учир Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасантай холбогдуулан гаргах нэмэлт тайлбаргүй, уг заалтын талаар гомдол, мэдээлэл тус шүүхэд ирээгүй болно.” гэжээ.

 

Тав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоос ирүүлсэн мэдээлэлд:

 

Нэг. “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасны дагуу хуульч энэ хууль болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн эсэх болон Хуульчийн мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн тухай маргааныг гомдлын дагуу хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх чиг үүрэгтэй Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл маргааны оролцогч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Уг шүүхийн шийдвэр нь эцсийн байна гэж хуульчилсан.

 

Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7-д “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж хуульчилсан нь нэр томъёоны хувьд ижил байгаа бөгөөд  энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй гэсэн утгыг илэрхийлнэ гэж үзэж болохоор байна.

 

Энэ нь шүүхийн нэгдмэл тогтолцоотой манай улсын хувьд дагнасан шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох зарчмыг зөрчсөн эсэх маргааныг дагуулж байна. Шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмын үүднээс авч үзвэл энэ нь уг зарчимд харшлах боловч хуульчдад мэргэжлийн хариуцлага хүлээлгэх процедур нь шүүхийн тусгай харьяалал үүсгэдэг эсэх талаар дараах харьцуулсан судалгааг хийж үзлээ.

 

... Хуульчдад сахилгын хариуцлага хүлээлгэсэн Баарын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг мэргэжлийн шүүгчдээс бүрдсэн хөндлөнгийн шүүхийн байгууллага /review by the court, or adjudicative authority/ болох шүүх эсвэл тусгай трибунал хянадаг нийтлэг зарчим харагдаж байна. Харин шүүх буюу тусгай трибуналаас хянахдаа шууд дээд шүүх хянадаг, эсвэл давж заалдах болон дээд шүүх хянах 2 шатлал бүхий тогтолцоо гадаад улсуудад байна.

 

Манай улсын хувьд шүүхийн хяналтыг хийхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх эцсийн шийдвэрийг гаргах 1 шатлалт тогтолцоог төрийн бодлогын түвшинд сонгон авсан байна. Ийнхүү 1 шатлалт тогтолцоог хэрэглэх нь дэлхийн ихэнх улсад түгээмэл байгаа нь дээрх харьцуулсан мэдээллээс харагдаж байна. Энэ нь хүн амын тоо цөөн, төрийн том тогтолцооноос ухаалаг тогтолцоо руу шилжиж байгаа манай улсын хувьд зөв сонголт байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн Улсын дээд шүүхэд хуульчийн мэргэжлийн хариуцлагын маргаан бүрийг эцэслэн шийдвэрлэх нь уг шүүхийн ачааллыг ихэсгэх сөрөг үр дагаврыг дагуулах магадлалтай.

 

Энд мөн хуульчдад мэргэжлийн хариуцлага хүлээлгэх эсэх маргаан нь иргэд хоорондын эрүү, иргэн, захиргааны маргаанаас зарчмын хувьд том ялгаатай гэдгийг онцлон тэмдэглэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хуульчдад мэргэжлийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлэх, тэдний ур чадварыг хуульчдын өөрөө удирдах ёсны нийгэмлэгээс хянах нь иргэний эрх гэхээсээ мэргэжлийн хяналтын тогтолцоо гэж үзэх нь илүү ач холбогдолтой. Түүнчлэн Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 30 гишүүн нь нэр хүндтэй хуульчдаас бүрдэх бөгөөд бүрэлдэхүүнд нь 18 шүүгч гишүүн байдаг онцлогтой. Эндээс үзвэл чадварлаг мэргэшсэн хуульчид өөрсдийн мэргэжлийн тогтолцоонд хариуцлага, хяналтыг хэрэгжүүлж байгаа нь эргээд шүүхийн үндсэн тогтолцоонд 2 шатлалаар уг маргааныг шийдвэрлүүлэх шаардлага байхгүй гэдгийг харуулж байна.

 

Нөгөө талаас дэлхийн улсуудад хуульчдад мэргэжлийн хариуцлага хүлээлгэх маргааныг шийдвэрлэсэн Баарын холбооны шийдвэрт шүүхийн хяналт тавихдаа дагнасан шүүх буюу трибуналыг тусгай журмаар шүүгчдээс бүрдүүлэн байгуулж ажиллуулдаг туршлага бий. Манай улсын хувьд тусгай шүүх байгуулах боломж эдийн засаг, хүний нөөцийн хувьд хомс бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мэргэшсэн шүүгчдийг уг хяналтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн уг шүүхэд энэхүү онцгой харьяаллыг олгосныг шүүхийн үндсэн тогтолцоогоор шийдвэрлүүлдэг бусад маргаантай харьцуулан авч үзэх нь тохиромжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэсэн заалттай зөрчилдөхөөргүй байна гэж үзэж болох юм.”.

 

            Хоёр. “... Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтын холбогдох хэсэг нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгтэй үзэл баримтлалын хувьд адил эрх зүйн зохицуулалттай байна.

 

Манай байгууллагад иргэдийн зүгээс энэхүү зохицуулалтын хүрээнд санал, гомдол ирүүлээгүй байна.” гэжээ.

 

Үндэслэл:

 

1.   Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрт давж заалдах ...” эрхийг олгохдоо ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй ба шүүхийн шийдвэрт давж заалдах иргэний эрхийг зөвхөн давж заалдах шатны шүүхэд хандах эрхээр хязгаарлахгүйгээр аливаа шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээр нь хянуулах эрх гэж Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 5-д зааснаар ойлгохоор байна.

 

2.   Хуульчийн Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг давж заалдах асуудлыг журамлан зохицуулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлд маргааны оролцогч тэдгээрийн төлөөлөгч мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохоор зааж, мөн зүйлийн 65.7 дахь хэсэгт “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн сахилгын хэргийг шийдвэрлэх асуудлыг журамлан тогтоосон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж хуульчилсан нь Монгол Улсад шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий шүүхийн дээд байгууллага болох Улсын дээд шүүхийн доод шатны шүүхийн шийдвэрийг хянах бүрэн эрхийг хязгаарлаж, дагнасан шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байхаар зохицуулсан нь Үндсэн хуулийн  зөрчлийн шинжийг агуулсан байна.

 

             Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

             1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... - аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн  байна.

 

            2.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

            3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Н.ЖАНЦАН

 

                        ГИШҮҮД                                                        Т.ЛХАГВАА

 

                                                                                                 Ш.ЦОГТОО

 

                                                                                            Д.СУГАР

 

           Д.НАРАНЧИМЭГ