Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 101

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

                                                                                                                                            

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.3, 9.1, Хилийн боомтын тухай хуулийн 14.2.1, Төсвийн тухай хуулийн 15.3, Улсын Их Хурлын 2013 оны 76 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын эрхлэх асуудалд Хил хамгаалах ерөнхий газрын хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг шилжүүлж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон өөрчлөгдөж байгаатай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасугай:

     1.1. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэх;

     1.2. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагад Хил хамгаалах байгууллагын Хилийн шалган нэвтрүүлэх албанаас шилжин ирэх алба хаагчдын албан тушаалын цалин болон бусад нэмэгдлийг бууруулахгүйгээр Хууль зүйн сайдын багцын хүрээнд шийдвэрлэх.

            2. “Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай” Засгийн газрын        2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтад дараах нэмэлт оруулсугай:

Төсвийн төвлөрүүлэн захирагч Харьяалах төсөв
 

20.  

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон орон нутагт байрлах харьяа газрын төсвийн
 

3. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар болон Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үндсэн болон эргэлтийн хөрөнгө, барилга байгууламж, техник хэрэгслийг холбогдох хууль, журмын дагуу Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шилжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд тус тус даалгасугай.

4. “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоолын хавсралт болон “Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай” 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 43 дугаар тогтоолд дурдсан “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар” гэснийг “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар” гэж тус тус өөрчилсүгэй.

                        Монгол Улсын Ерөнхий сайд                                        Н.АЛТАНХУЯГ

               

                          Хууль зүйн сайд                                                                  Х.ТЭМҮҮЖИН