A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 93

Улаанбаатар хот

БАРИЛГА ЗАХИАЛАГЧИЙН АЛБАНЫ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, 15.2 дахь хэсгийг үндэслэн, Улсын Их Хурлын 2013 оны 58 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжид захиалагчийн хяналт хийх чиг үүрэг бүхий Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Барилга захиалагчийн алба, товчоог татан буулгаж, тэдгээрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан инженерүүдийг орон тоо, цалингийн сангийн хамт "Барилгын хөгжлийн төв" төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлсүгэй. 2. "Барилгын хөгжлийн төв" төрийн өмчит үйлдвэрийн газрын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж хүрэх зорилтот түвшин, дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд тус тус даалгасугай. 3. Барилга захиалагчийн албад татан буугдсантай холбогдуулан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэрэгжилт, санхүүжилтийг шалгаж, холбогдох баримт бичгийг 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүлээлцэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН