www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ГАДААДААС 2015 ОНД  АВАХ  АЖИЛЛАХ  ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 2

ГАДААДААС 2015 ОНД  АВАХ  АЖИЛЛАХ  ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАй

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4, 7.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2015 онд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заагдаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосугай.

3. Аж ахуйн нэгж, байгууллага нь 30-аас доош тооны гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах бол тухай бүр салбарын сайдын хүрээнд, 30-аас дээш бол Засгийн газарт асуудлыг тавьж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөрийн сайд С.Чинзоригт үүрэг болгосугай.

4. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулж байхыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгосугай.

5. Энэ тогтоолын хавсралтад заасан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлан ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд                                                            С.ЧИНЗОРИГ