www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалт  Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох  заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан  шийдвэрлэсэн тухай


МОНГОЛ УЛСЫН 

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 

ДҮГНЭЛТ

2015 оны 1 дүгээр сарын                                                                                                 Дугаар 01                                                                                                Улаанбаатар хот

28-ны өдөр 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалт

Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох

заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан

шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                                                                                                                       танхим 12.00 цаг

                 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд П.Очирбат, Т.Лхагваа, Ш.Цогтоо /илтгэгч/, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

                 Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн Ц.Чулуунтогтох, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нар оролцлоо.

 Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 хорооны оршин суугч, иргэн Ц.Чулуунтогтох Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд:

55.1 дэх хэсэгт Төлбөр төлөгч-иргэний зайлшгүй хэрэгцээт дараахь эд хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтад “төлбөр төлөгч  болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “...Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;” хэмээснийг зөрчиж байна. ...

Бусдын өмнөөс хариуцлага хүлээх нь Ардчилсан биш нийгмийн тогтолцооны үндэс болно. Боолын, Феодалын, Коммунист нийгэмд тийм зүйлийг хүлээн зөвшөөрдөг байж магадгүй. Иймд энэхүү асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хоёр. Мэдээлэл гаргагч иргэн Ц.Чулуунтогтох Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа:

            “НЭГДҮГЭЭРТ. Төлбөр төлөгчийн талаарх ойлголтыг авч үзье.

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “Төлбөр төлөгч гэж төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.”

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Гүйцэтгэх баримт бичгийн талаар тодорхойлсон байх бөгөөд иргэний ба эрүүгийн болон бусад хэрэг маргааны талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг багтаан ойлгохоор байна.

Дүгнэвэл: Төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өөрийн учруулсан гэм буруугийн төлөө хариуцлага хүлээн, хохирлыг арилган төлбөр төлөх үүрэг хүлээж байгаа иргэн, хуулийн этгээд болно.

ХОЁРДУГААРТ. Гэм буруутны ял зэмлэлийн талаарх ойлголтыг авч үзье.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “...Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно...” хэмээн заасан.

1. Гэм буруутан хэмээх ойлголт нь Эрүүгийн болон Иргэний хуульд аль алинд нь тодорхой заасан байна. Зөвхөн түүнтэй хариуцлага тооцох талаар ч заажээ.

2. Ял хэмээх ойлголтыг Эрүүгийн хуульд зааснаар ойлгох нь тодорхой байна. Гэм буруутай тухайн этгээдэд өөрт нь ногдуулна.

3. Эрүү, Иргэн, Захиргааны хариуцлагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад “зэмлэл” хэмээх ойлголт байхгүй байна. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “шийтгэвэр, буруушаалт, донгодлого, арга хэмжээ” хэмээн тодорхойлжээ. Энэхүү тайлбар хэсгийг хавсаргав.

Дүгнэвэл: “ял зэмлэл” хэмээх ойлголт нь гэм буруутай этгээдэд ногдуулж байгаа албадлагын арга хэмжээг тодорхойлж байна.

            ГУРАВДУГААРТ. Нэгтгэн дүгнэж үзье.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн этгээдийн өмнөөс гэр бүлийн гишүүд, хамаатан саданд нь давхар үүрэг хүлээлгэх нь шударга ёсны зарчимд харшилж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.1.2 дахь заалтыг хэрэгжүүлбэл гэр бүлийн гишүүдийнх нь өмч, хөрөнгө болох хувцасыг буруутны төлбөрт шударга бусаар хураагаад зогсохгүй, өмссөн нэг ээлжийн хувцастай нь үлдээж, гэм буруугүй этгээдийг хэлмэгдүүлэх үйлдэл юм.

Түүхэнд гарч байсан өмч хөрөнгө хураах, нэгдэл коммунд хүчээр нэгтгэсэн зэрэг хэлмэгдлийн шинж чанартай үйл явдлыг дахин давтах бололцоог олгож байна.

Хэлмэгдүүлэлтийн хор уршиг хэзээ ч арилдаггүй, хувь хүн түүний гэр бүлийн амьдралд үеийн үед үл арилах хорт уршиг үлдээдэг билээ. Иймд үүнийг таслан зогсоох шаардлагатай байна.” гэжээ.

Гурав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас 2014 оны 11 дүгээр сарын сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь хэсэгт “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас”-ыг төлбөрт хурааж болохгүй эд хөрөнгө гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчсөн талаар иргэний өргөдөлд дурджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2002 онд шинэчлэн батлагдсанаас хойш 279847 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулан явуулсан.

Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс өнөөг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрт заасан мөнгөн төлбөрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний хувцсыг төлбөрт хураах ажиллагаа явагдаагүй болно.

Учир нь иргэний хэрэглэж байсан хувцас төлбөрийн шаардлага хангахгүй, худалдан борлуулах боломжгүй эд хөрөнгө байдаг бөгөөд төлбөр авагчдын зүгээс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг мөнгөн хэлбэрээр гаргуулах хүсэлтэй, бусдын эдэлж, хэрэглэж байсан эд зүйлийг төлбөрт тооцон авахаас эрс татгалздаг тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн гэр бүлийн гишүүдийн хуулиар олгогдсон эрхийг хөндөх, хязгаарлах үйл ажиллагаа явагдаагүй байна.

Сүүлийн 5 жилд явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд нийт 2.3 тэрбум төгрөгийн 127632 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үүнээс 1.0 тэрбум төгрөгийн 70848 гүйцэтгэх баримт бичгийг биелүүлж, гүйцэтгэлийн хувийн хэргийг хаасан.

  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нийт гүйцэтгэх баримт бичгийн 95.2 хувь нь мөнгөн хэлбэрээр, 0.7 хувь үл хөдлөх эд хөрөнгөөр, 3.1 хувь нь хөдлөх эд хөрөнгө, 1.0 хувь нь мөнгөн төлбөрийн үүрэг ногдуулаагүй шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн байна. ...

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгч, төлбөр авагч, бусад этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан явагддаг, ялангуяа ажиллагааны явцад гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргах, хөндөгдсөн эрхээ сэргээх боломжийг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар олгосон болно.” гэжээ.

  

Дөрөв.  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж. Батзандан 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтад “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас”-ыг төлбөрт хураан авч болохгүй гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар  зүйлийн 14 дэх заалтын “...Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно. ...” гэснийг зөрчөөгүй гэж үзэж дараах үндэслэлийг гаргаж байна:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийн “Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна.”, 53.3 дахь хэсгийн “Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна.”, 53.6 дахь хэсгийн “Энэ хуулийн 53.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна.”, 53.7 дахь хэсгийн “Энэ хуулийн 53.3, 53.6 дахь хэсэгт заасан эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна.” гэснийг  тус  тус үндэслэн төлбөр төлөгч–иргэнээс төлбөрийг гаргуулна. Төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг тооцож гаргуулахдаа Иргэний хуулийг баримтлах юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтуудаас өөр үндэслэлээр төлбөр төлөгч-иргэний болон түүний гэр бүлийн гишүүнээс төлбөр гаргуулахгүй бөгөөд тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас”-ыг төлбөрт хураан авч болохгүй гэсэн нь гэм буруутны ял зэмлэлийг гэр бүлийн гишүүнд халдаан хэрэглэж байгаа асуудал биш юм. Уг заалтад дурдсан асуудлыг эрүүгийн ял гэж үзэхээс илүүтэйгээр төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон хэм, хэмжээ тогтоосон заалт гэж үзэж байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25 дугаар зүйлд “Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй” гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө нь төлбөр төлөгч-иргэний өөрийн болон гэр бүлийн зайлшгүй шаардлагатай, анхдагч хэрэглээг хангасан эд хөрөнгө байх бөгөөд эдгээрийг төлбөрт хураан авч болохгүй гэж заасан нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дээрх заалтад нийцсэн гэж үзэж байна.

Дээр дурдсаныг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас”-ыг төлбөрт хураан авч болохгүй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр уламжилж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зөвхөн “Төлбөр төлөгч-иргэн”-ий зайлшгүй хэрэгцээт дараахь эд хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй гэж хуульчилсан атал уг хэсгийн 55.1.2 дахь заалтад “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас” гэж зааж төлбөр төлөгч-иргэнээс гадна түүний гэр бүлийн гишүүдийн хувцаснаас төлбөр гаргуулахаар тусгасан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;” гэсэнд харшилж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас;” гэж заасны “... болон түүний гэр бүлийн гишүүний ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;” гэснийг зөрчсөн байна.

 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “... болон түүний гэр бүлийн гишүүний ...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

  

                        ДАРГАЛАГЧ                                                Н.ЖАНЦАН

                        ГИШҮҮД                                                       П.ОЧИРБАТ

                                                                                               Т.ЛХАГВАА

                                                                                               Ш.ЦОГТОО

                                                                                               Д.ГАНЗОРИГ