www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН

ХУУЛИЙН ЦЭЦИЙН 

ДҮГНЭЛТ

2015 оны 5 дугаар сарын                                                                                                 Дугаар 08                                                                                                Улаанбаатар хот

27-ны өдөр 

        Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 

       зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 

     холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай 

     маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 

       Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                           танхим 12.00 цаг

          Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Т.Лхагваа, Ш.Цогтоо /илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн А.Базар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:

           “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж заасныг тус тус зөрчиж байна.

          Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд “хууль зүйн асуудлаар аман болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх; хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах; иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохион байгуулах, төлөөлөх; нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх, үйл ажиллагааг явуулах”-ыг мэргэжлийн үйл ажиллагааны төрөл болохыг нь хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлт, шүүхийн шийдвэр, хуулийн төсөл гэх мэт хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулах ажиллагаанд оролцож байгаа Улсын Их Хурлын гишүүн, шүүгч, прокурорын туслахын үйл ажиллагааг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл болохыг хүлээн зөвшөөрсөн боловч субьектынх нь хувьд тэдгээр хүмүүсийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэдэгт хамруулаагүй байна. Эрх зүйч, хуульч нь татварын асуудлаар хуулийн этгээдүүдэд хууль зүйн зөвлөгөө өгдөг, татварын байгууллагад төлөөлөх зэрэг үйл ажиллагааг эрхэлж буй нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нэгэн төрөл болохыг хуулийн 24 дүгээр зүйлээр хуульчилсан боловч, хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу тухайн иргэнийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн бус мэргэжлийн дадлага эрхэлсэн гэх ойлголтод хамруулан хуульчилсан байна.

                Орчин үед хуульч нь иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх ажиллагаа буюу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг өргөнөөр эрхэлж байна. Иймд татвар, банк, даатгал, уул уурхай гэх мэт нарийн төвөгтэй салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хууль зүйн зөвлөгөө өгч байгааг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж үзэхгүй байх үндэслэлгүй бөгөөд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчих юм. Мэргэжлийн үйл ажиллагаа гэх ойлголтыг зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр хязгаарлах бус эдгээр үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах мэргэжлийн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй.

                Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон.

Гэвч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт нь ерөнхий заалт боловч Үндсэн хуулийн зөрчил бүхий, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлан тодорхойлсон нарийвчилсан заалт болох Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг хүчин төгөлдөр байна. Түүнчлэн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг ” гэсэн хэсэг нэмж оруулсан байна.

              Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

            “1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.” гэж зааснаас бусдаар тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тодорхой хугацаатай эрхэлсний дараа “хуульч”-д тооцогдох ямар нэгэн зохицуулалт байхгүй болно. Мэдээлэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ ... гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг зөрчсөн асуудал Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх хэсэгт байхгүй байна.

            2. Хуульч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалан шүүн таслах ажиллагаанд оролцож, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлж, хүний эрхийг хангах баталгаа болохын хувьд түүний мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг тодорхойлох нь төрийн үүрэг юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ...” гэснийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд харин ч ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг баталгаажуулж өгсөн гэж үзэж байна.

             Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэсэн байх ба Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай асуудалд холбогдуулан тайлбар гаргаагүй байна.

Гурав. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

            “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “мэргэжлийн дадлага” гэсэн нэр томьёо хэрэглэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна:” гээд тодорхой ажил, албан тушаалыг нэрлэн зааж, тоочин бичих байдлаар хуульчилсан зэрэг нь хэтэрхий явцуу утгаар ойлгогдож байгаа юм.

Мөн хуулийн 11.2 дахь хэсгийн 11.1 дэх хэсгийг ишилсэн заалт нь хуулийн 9.1 дэх хэсгийн “мэргэжлийн дадлага” гэдэгтэй адил утгаар хэрэглэгдэхээр байна.

          Харин тодорхой ажлыг эрхлэн гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлага, туршлагын цогц нь “мэргэжил” гэдэгт хамаарахаар байх тул  “мэргэжлийн дадлага” гэсэн нэр томьёо хэрэглэсэн нь тохиромжгүй, дээрх хуульд заасантай адилтгах ажил, албан тушаалд ажилласан бусад хуульчдын хувьд эрх зүйн талаасаа ялгамжтай байдлыг бий болгожээ.

Энэ нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох Үндсэн хуулийн холбогдох заалтын агуулгатай нийцэх эсэх нь эргэлзээтэй байна.

       Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, ...” гэж заасан учир эрх зүйч мэргэжил эзэмшин, мэргэжлээрээ хуульд заасан болзлыг хангаж ажилласан хуульчдын эрх зүйн байдлыг нэгдмэл байдлаар авч үзэх нь шударга ёс, тэгш байдлын зарчмыг хангах боломжийг бий болгох юм.

            Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсгийн талаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоол гарч, маргааныг эцэслэн шийдвэрлэснээс гадна Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “ ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн хэсэг нэмж, Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ ... мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг тодотгосон байна.

Гэвч энэ тодотгол Үндсэн хуулийн маргаан бүхий зөрчлийг арилгасан гэж үзэхгүй тухай 2015 оны 02 дугаар тогтоолд тодорхой дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.

Шүүгчийн сонгон шалгаруулалтын үед мэдээлэлд бичигдсэн дээрх хуулийн заалтыг хэрэглэх явцад маргаан их гарсан болно.” гэсэн байна.

Дөрөв. Монголын Хуульчдын холбооноос Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбар ирүүлжээ:

           “ 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх маргаан 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн хянан шийдвэрлэгдэж, 02 дугаар тогтоол гарсан.

                2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд хуульчийн шалгалтад орох эрхтэй холбоотой харилцааг зохицуулсан ба тус зүйлийн нэг дэх хэсэгт хуульчийн шалгалтад орох эрхэд тавигдах шаардлагыг тодорхой заасны нэг нь “хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн” байх шаардлага юм.

             Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тус хуулийн 9 дүгээр зүйлд заасан “хуульчийн мэргэжлийн дадлага”-д хамаарах ажил, албан тушаалыг нэрлэн заасан нь гагцхүү тухайн иргэний хуульчийн шалгалтад орох эрхтэй холбогдсон харилцаанд хамаарах бөгөөд хуулийн энэ зохицуулалт нь иргэний ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, мэргэжлээрээ ажилласан хугацааг тодорхойлоход ямар нэгэн хязгаарлалт хийсэн зохицуулалт биш гэж Хуульчдын холбоо үзэж байгаа.

             Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээр дурдсан шийдвэрийн хүрээнд хуульчийн мэргэжлийн дадлага хийсэн хугацаа болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ авснаас хойш ажилласан хугацааны аль аль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан”-д тооцогдох ёстой гэж хууль хэрэгжүүлэгчийн хувьд үзэж байгаа.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж, хуульчийн шалгалтад тэнцэн гэрчилгээ авсан хуульч нь ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийн дагуу хуульчийн мэргэжлийн дадлагад хамаарах ажил, албан тушаалаа үргэлжлүүлэн хийх, эсхүл төрийн болон нутгийн захиргааны байгууллагад төрийн албан тушаал эрхлэх эрх нь нээлттэй.

Дээрх үндэслэл, тайлбарын дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар гаргасан мэдээлэл нь үндэслэлгүй гэж үзэж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Тав. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбар ирүүлжээ:

            “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан ажил, албан тушаал нь зөвхөн мэргэжлийн дадлага хийсэн иргэнийг хуульд заасан болзол, шаардлагыг хангасан гэж үзэж, хуульчийн сонгон шалгаруулалтад оролцуулах эсэхийг шийдвэрлэхэд хэрэглэгдэх мэргэшлийн бэлтгэлийг үнэлэх, ажилласан байдлыг тогтооход чиглэсэн зохицуулалт юм. Харин хуульчийн гэрчилгээтэй мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй хуульчид хамаарахгүй, уг зохицуулалтад дурдагдсан ажил, албан тушаал эрхэлж буй этгээд өөр ажил мэргэжил сонгох, шүүгчийн албан тушаалд хуульд заасан болзол шаардлагыг хангаж нэрээ дэвшүүлэхийг хязгаарласан утга агуулга байхгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн  Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөөгүй байна.”  гэжээ.

Зургаа. Хуралдаан бэлтгэх явцад Монгол Улсын Ерөнхий прокурорын газар болон Монголын өмгөөлөгчдийн холбооноос тайлбар авсан болно.

ҮНДЭСЛЭЛ:

              1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэж хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн хэсэг нэмж Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг тодотгосон нь Үндсэн хуулийн маргаан бүхий зөрчлийг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж заасан.

           2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн дадлагад хамаарах ажил, албан тушаалыг хуульчилсан нь хуульд заасан тодорхой болзол, шалгуурыг хангасан иргэн хуульчийн шалгалтад орох эрх үүсэхтэй холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ гэж үзэхээр байх тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.” гэснийг, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

                1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

                2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

               3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

           4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ                                                                        Н.ЖАНЦАН

                              

                                      ГИШҮҮД                                                                         Т.ЛХАГВАА

Ш.ЦОГТОО

           

Д.НАРАНЧИМЭГ

Д.ГАНЗОРИГ