www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД НОТЛОХ БАРИМТ ҮНЭЛЭХ ШҮҮГЧИЙН АЖИЛЛАГАА


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2008 оны 10 дугаар                                                                                                                                                                                                                                              Улаанбаатар

сарын 10-ны өдөр                                                                                                                                                                                                                                                           хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД

НОТЛОХ БАРИМТ ҮНЭЛЭХ ШҮҮГЧИЙН АЖИЛЛАГАА

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал тул нотлох баримтыг үнэлэх шүүхийн ажиллагааны талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, нотлох баримтыг үнэлэх аргачлал олгох зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4.-т заасныг удирдлага болгон ЗӨВЛӨМЖ БОЛГОХ НЬ:

Нотлох баримтыг үнэлэх ажиллагаа гэж эрх зүйн маргааны оролцогч талуудаас шүүхэд гаргасан баримтын тухайн асуудалд хамааралтай, хуулиар зөвшөөрөгдсөн, үнэн зөв, хоорондын уялдаа холбоотой байдлуудыг тус тус тодорхойлох, үүний үндсэн дээр оновчтой дүгнэлт хийхэд чиглэгдсэн, логик зүй тогтолд үндэслэгдсэн шүүгчийн оюун санааны үйл ажиллагаа юм. Энэхүү оюун санааны ажиллагаа нь зорилт, түүнд хүрэх арга зам, үр дүн гурвыг өөртөө агуулдаг онцлогтой.

Нотлох баримтыг зөв үнэлснээр шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлийг бүрдүүлдэг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн (цаашид хууль гэх) 40 дүгээр зүйлд нотлох баримтыг үнэлэх шүүхийн ажиллагааны зохицуулалтын талаар заажээ. Эдгээр зохицуулалтад байгаа ойлголт тус бүрийг шүүгч мэдэж, өдөр дутмын үйл ажиллагааны хэрэглээний зарчим гэж ухамсарлан биелүүлэх ёстой.

Нэг.Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх заалт.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

1.1.”Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг…”

Хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй билээ.

Хэргийн оролцогч шүүхэд зүгээр нэг баримт гаргаж өгөхийн тулд гаргаж өгч байгаа биш харин тэрээр өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох, өөрийн ашиг сонирхолд нийцсэн баримтыг шүүхэд гаргаж өгдөг. Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар дамжуулан хэргийн оролцогч өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлж байгаа гэсэн үг. Энэ үүднээс авч үзвэл шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаварт хүргэдэг.

Шүүх өөрөө санаачилгаар нотлох баримт бүрдүүлдэггүй явдал нь эрх зүйн маргааныг тасалж, хуулийн дагуу хянан шийдвэрлэдэг байгууллагын хөндлөнгийн, хараат бус байр суурийн хамгийн гол илэрхийлэл юм. Энэ байдлын дараагийн илэрхийлэл нь шүүх талуудын гаргаж өгсөн аливаа тайлбар, үндэслэл, нотлох баримтад эргэлзэх эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй байдаг явдал юм.

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтын дотор хэргийн оролцогчийн гаргаж өгөөгүй нотлох баримт байдаг. Тухайлбал, хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар шүүхийн бүрдүүлсэн баримтууд, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж буй хэргүүдэд хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасны дагуу зохигч биш этгээдийн гаргасан нотлох баримт, шүүх санаачилгаар явуулсан ажиллагааны үр дүнд бий болсон баримтууд (жишээ: хуулийн 138 дугаар зүйл ).

Хуульд эдгээр баримтыг хэрхэн үнэлэх талаар тусгайлсан зохицуулалт хийгээгүй нь энэ баримтыг шүүх огт үнэлэхгүй гэсэн үг биш юм. Шүүх өөрөө хийсэн үзлэг, туршилт, өөр шүүхийн биелүүлсэн даалгавар, шүүхийн үүрэг болгосноор хэргийн оролцогч биш этгээдээс ирүүлсэн баримт зэрэгт хэргийн оролцогчийн ашиг сонирхол байдаггүй тул тэдгээрийг үнэлэхэд хуулийн тусгайлсан зохицуулалт байх шаардлагагүй юм. Эдгээр баримтыг үнэлэхэд шүүхийн баримталдаг үндсэн зарчмууд үйлчилнэ.

1.2.”…тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр…”

Нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэргийн оролцогч хэн алины гаргаж буй үндэслэл, баримтыг анхаарах, нотлох баримтыг аль нэг талын байр сууриас биш харин маргааныг таслах хөндлөнгийн байр сууриас судлаж, үнэлэхийг хэлж байгаа болно. Маргааны эцсийн шийдвэрлэлтэд сонирхолгүй байх явдал нь шүүхэд нотлох баримтыг тал бүрээс үнэлэх боломжийг олгодог.

Нөгөө талаар нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, үнэлнэ гэсэн үг юм. Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Хэрэгт цугларсан нотлох баримт маргааныг хянан шийдвэрлэхэд хангалтгүй гэж үзвэл шүүх нэмэлт баримт гаргуулах талаар зохигчдод санал болгох боломжтой бөгөөд энэ ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Нотлох баримтыг үнэлж буй шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биенээ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг тус тус шалгадаг тул “бодитойгоор харьцуулан үзэх” гэсэн ойлголт нотлох баримтыг тал бүрээс үнэлэх ажиллагааны хэсэг болдог.

Шүүхийн практикаас үзэхэд шүүхүүд зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчих алдаа түгээмэл гаргадаг.

1.3.”…нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”

Мэдлэг чадварын түвшин, ажилд хандах хандлага, дадлага туршлага зэргээс шалтгаалан шүүгч бүрийн эрх зүйн ухамсрыг адил гэж үзэж болохгүй юм. Тийм ч учраас нотлох баримт үнэлэх зарчимд шүүгчийн эрх зүйн ухамсрыг биш харин дотоод итгэлийг оруулдаг байна.

Нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхийн агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой юм. Зөвхөн шүүгч л нотлох баримтын болон тэдгээрт агуулагдаж буй мэдээллийн үнэн зөв, бодит эсэхийг, эрх зүйн дүгнэлт өгөхөд хангалттай эсэхийг тодорхойлно. Энэхүү тодорхойлолт нь зүгээр нэг мэдрэмж, эсхүл санал биш ба харин нотлох баримтуудыг цогцоор нарийвчлан судалж, шинжилсний дүнд гарсан үндэслэл бүхий дүгнэлт билээ.

Шүүгчийн дотоод итгэлийн үндэс нотлох баримтыг үнэлэх зарчмуудаас урган гарч ирдэг. Тухайлбал, ямар ч нотлох баримт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогддоггүй, шүүх нотлох баримт бүрийг бусад нотлох баримтын адил үнэлэх ёстой г.м.

Ямар нотлох баримтыг үнэн зөв гэж үзэх талаар хуульчилсан шаардлага тогтоох боломжгүй юм. Шүүх ямар нотлох баримтыг хэрхэн үнэлэх вэ гэдгийг түүнд хэн ч зааварчлах эрхгүй болно. Шүүх нотлох баримтыг гадны ямар нэг нөлөөгүйгээр, зөвхөн хэрэгт цугларсан цогц байдлаар харьцуулан судалсны үндсэн дээр үнэлэх учиртай. Зөвхөн шүүгч нотлох баримтын үнэн зөв байдлыг тодорхойлж, түүнд агуулагдаж буй мэдээллийг бодит эсэхийг дүгнэж тогтооно. Дотоод итгэл нь өөрийн мэдлэг, шийдвэр, үйл ажиллагаанд хандах шүүгчийн хандлагын илэрхийлэл болдог.

Дотоод итгэлд тулгуурлан хийгдсэн үнэлгээ өөрийн баталгаатай байдаг. Эдгээрийг нэрлэвэл: нотлох баримтын үнэлгээ зөвлөлдөх тасалгаанд эцэслэн гардаг бөгөөд зөвлөлдөх тасалгаанд чөлөөтэй илэрхийлсэн шүүгч бүрийн санал нууц байдаг, хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хянан хэлэлцэхэд шүүхээс өгсөн нотлох баримтын үнэлгээг зөв буруу гэж дүгнэх эрхгүй байдаг г.м.

Доод шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан зарчмыг зөрчин байна гэж дээд шатны шүүх дүгнэх боломжтой боловч шүүхийн үнэлгээний үр дүнг буруу гэж үзэх үндэслэлгүй юм.

Дотоод итгэл гэдэг нь шүүгчийн дур зоргын илрэл биш харин цугларсан нотлох баримтыг тал бүрээс, бүрэн дүүрэн, бодитоор, шууд судалсны дүнд бий болдог шүүхийн дүгнэлт билээ.

Аливаа итгэл үнэмшил бүрдэхэд эргэлзээ үгүй болсон байх учиртай. Иймд нотлох баримтыг үнэлэхэд шүүгч юуны өмнө эргэлзэх ёстой. Тухайн нотлох баримтын үнэн зөв байдалд эргэлзэх ямар учир шалтгаан, үндэслэл байгааг тогтоож, энэхүү эргэлзээ бүрэн арилсан тохиолдолд итгэл үнэмшил бий болох учиртай.

Хоёр.Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь заалт

Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

2.1.”…тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой …”

Шүүх зөвхөн тухайн хэрэгт хамааралтай буюу тухайн маргаантай холбоотой үйл баримтыг тогтоох, эсхүл няцаах нотлох баримтыг хянан хэлэлцэх учиртай. Тийм учраас нотлох баримтын хамааралтай байдал гэдэг нь хэрэгт ач холбогдолтой байхыг тодорхойлох ойлголт юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг тогтооход ач холбогдолтой бөгөөд шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлнэ.

Хуульд “хамааралтай”, “ач холбогдолтой” гэж хоёр үгээр бичсэн боловч угтаа ач холбогдолтой гэсэн ойлголт нь “хамааралтай” гэсэн ойлголтын агуулгыг тодорхойлж байна.

Нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай эсэхийг хэрхэн тодорхойлох вэ?

Юуны өмнө тухайн баримт ямар үйл баримтыг нотлож, тогтоож байна вэ гэдэг асуултад хариулах хэрэгтэй. Тухайн үйл баримт өөрөө уг хэрэгт хамааралтай эсэхийг тогтоосны дараа тухайн нотлох баримт энэхүү үйл баримтыг тогтоож чадаж байна уу гэсэн асуултад хариулна.

Нотлох баримтын хамаарлыг тодорхойлохын тулд:

-үйл баримтын хамаарал

-үйл баримтыг тогтоож буй байдал

гэсэн хоёр байдлыг тодорхой болгох шаардлагатай.

а/Материаллаг эрх зүйн хэм хэмжээний диспозиц хэсэгт заасан нөхцөлд тохирсон үйл баримтыг тогтоож, эсхүл үгүйсгэж буй нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай байна.

б/эрх үүсгэх үйл баримтыг нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай байна

в/нэхэмжлэл гаргах шалтгааныг тодорхойлсон үйл баримтыг нотлох баримт мөн хамааралтай байна.

г/нотолгооны ач холбогдолтой үйл баримтыг нотлосон баримт мөн хамааралтай гэж тооцогдоно.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг тодорхойлсон хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4.-т нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд заах шаардлагыг тусгажээ. Энэ нь нотлох баримтыг нэхэмжлэлд хавсаргах тухай заалт биш харин өөрийн шаардлагыг нотлох баримтыг нэхэмжлэлд нэрлэн заах, улмаар нотлох баримтын хамаарлыг заах тухай зохицуулалт юм.

Иргэний хэрэг үүсгэх үед шүүгч тухайн нотлох баримтын хамааралтай байдлыг тэр бүр тодорхойлох боломжгүй байж болно. Шүүх хуралдаанд бэлтгэх үе шатанд болон нотлох баримтыг судлан шинжлэх үе шатанд энэ үнэлгээг бүрэн хийх учиртай. Нотлох баримтын хамаарлыг тодорхойлох хүндрэлтэй тохиолдол бүрт зохигчдоос энэ асуудлыг тодруулах шаардлагатай.

Хэрэгт хамааралгүй нотлох баримт бүрийг нотлох баримтаас хасах ажиллагаа хийх шаардлагагүй юм. Ялангуяа зохигч өөр ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, эсхүл тухайн нотлох баримтыг чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа тохиолдолд шүүх нотлох баримтыг хасах биш харин шүүхийн шийдвэрт түүний тухайн хэрэгт хамааралгүй байдлыг дүгнэн тусгах нь зүйтэй.

2.2.”…үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”

Нотолгооны зүйлд багтаж буй нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тодорхой, зөв илэрхийлж чадах нотлох баримтын шинжийг нотлох баримтын үнэн зөв байдал гэнэ.

Бодит байдлын тухай үнэн мэдээлэл агуулж буй нотлох баримт л үнэн зөв байна. Үнэн зөв биш нотлох баримт хэргийн нөхцөл байдлыг тогтоох, эсхүл үгүйсгэх чадваргүй байна. Тийм ч учраас нотлох баримтын үнэн зөв байдал заавал шалгагдах ёстой юм. Тухайлбал, нотлох баримтын үнэн зөв байдал мэдээллийн эх сурвалжийн шинж чанар, цугларсан бүх нотлох баримтын хоорондын уялдаа холбоо, харьцуулсан судалгаа зэргээс шалтгаална.

а/Мэдээллийн эх сурвалжийг шалгах.

Гэрч хэргийн оролцогчидтой ямар харилцаатай болохыг тогтоох нь мэдээллийн эх сурвалжийн чанарыг шалгах нэг арга. Бичмэл нотлох баримтад засвар, тод бус дарагдсан тамга, дугаар, огнооны зөрүү г.м. байдлыг шалгах нь мөн энэ шалгалтад хамаарна.

б/Бусад нотлох баримттай харьцуулах.

Нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байх, бие биенээ үгүйсгэх нь нотлох баримтын үнэн зөв байдалд эргэлзээ төрүүлэх үндэслэл болно. Уг эргэлзээ арилаагүй тохиолдолд нотлох баримтыг үнэн зөв гэж үзэх боломжгүй

в/Бүх нотлох баримтыг шинжлэн судлах.

Хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг тал бүрээс нь судлан шинжилсний дүнд үнэнд нийцэхгүй нотлох баримтыг тодорхойлж болно.

Хуульд “үнэн зөв”, “эргэлзээгүй талаас” гэж хоёр үгээр бичсэн боловч “эргэлзээгүй” гэдэг ойлголт нь “үнэн зөв” гэсэн ойлголтын агуулгыг тодорхойлж байна.

Гурав.Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3. дахь заалт

Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.

3.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй.

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай эсэхийг, ялангуяа үнэн зөв эсэхийг нь шалгах учиртай.

Шүүхийн практикт шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримтаас илүүд үзэх алдаатай хандлага түгээмэл байдаг. Энэ талаар Улсын Дээд шүүхийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.4.дэх заалтад “Шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын бусад төрлийн адил хүчин чадалтай ба шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр түүнийг үнэлнэ. Шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, тэдгээрээр үгүйсгэгдэж байгаа тохиолдолд түүнийг нотолгооны бусад хэрэгслээс илүүд авч үзэх үндэсгүй юм” гэж тодорхой заасан байна.

Дөрөв.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

4.1.”Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон… үйл баримт”

“Шүүхийн шийдвэрийн тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.3. дахь заалтад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэсэн ойлголтыг тодорхой тайлбарласан байна.

-Хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхэд дахин нотлох шаардлагагүй зүйлд хамаарна.

Энэ утгаараа эрүүгийн хэргээс үүдэн гарсан нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн гэм буруугийн асуудлыг шүүх хянан хэлэлцэхгүй ба харин учирсан хохирлын хэмжээний асуудлыг л хэлэлцэнэ.

-Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар өөр хэрэгт маргах эрх нь нээлттэй ба шүүх тухайн хэрэгт цугларсан баримтыг хянан хэлэлцэж, шийдвэр гаргана.

-Арбитрын хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт нотлогдсон үйл баримтыг тухайн этгээдүүдийн оролцоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин нотлохгүй.

Зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримт гэдгийг онцгой анхаарах нь чухал юм. Прокурорын болон цагдаагийн байгууллагын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн зарим баримтыг дахин нотлох шаардлагагүй нотлох баримт гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгодог алдаа шүүхийн практик гардаг. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бий болсон дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой хэдий ч эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй болохыг анхаарах нь зүйтэй.

4.2.”…нийтэд илэрхий үйл баримт”

Нийтэд илэрхий үйл баримт гэсэн ойлголтын шинжийг Улсын дээд шүүх “Шүүхийн шийдвэрийн тухай” 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.3. дахь заалтад “нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Үйл баримт болсон эсэхэд хэн ч эргэлзэхгүй байх нь нийтэд илэрхий байх шинжийг тодорхойлно. Эдгээрт байгалийн үзэгдэл, онцгой үйл явдлууд, нийгэм, улс төрийн амьдралын үйл явдлууд хамаардаг байна.

4.3.”хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой” байх

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон, эсхүл нийтэд илэрхий үйл баримт нь хянан хэлэлцэгдэж буй хэрэгтэй холбоотой байх учиртай. Хуулийн дээрх зохицуулалт нотлох баримтын хамаарлын асуудалтай шууд холбоотой юм.

4.4.”…түүнийг дахин нотлохгүй”

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон, эсхүл нийтэд илэрхий үйл баримт нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болж байгаа бол нэхэмжлэгч, шаардлагыг үгүйсгэж буй тайлбарын үндэслэл болж байгаа бол хариуцагч уг үйл баримтыг нотолгооны аливаа хэрэгслээр нотлох үүргээс чөлөөлөгдөнө.

Дахин нотлохоос чөлөөлөгдөнө гэдэг нь уг үйл баримтыг шаардлага, татгалзлалдаа заахгүй байх гэсэн үг биш юм. Дээрх үйл баримтыг зохигч нь нэхэмжлэл, тайлбартаа тодорхой заахын зэрэгцээ шаардлага, татгалзалтай ямар хамааралтай болохыг тодорхойлсон байх учиртай.

Тав.Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5. дахь заалт.

Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй. Харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах гэж байгаа бол энэ заалт хамаарахгүй.

5.1.”Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд”

Хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө” гэж заасан тул анхан шатны шүүх хуралдаанаас өмнө гаргаагүй нотлох баримтыг анхан шатны шүүх хянан хэлэлцэхгүй гэсэн үг юм. Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримт гэдэг нь анхан шатны шүүх хуралдаанаас өмнө гаргаагүй нотлох баримт гэж ойлгоно.

Давж заалдах болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлыг хянадаг тул анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтад тулгуурлан шийдвэрийг хянах үндэслэлгүй юм.

Өөрийн шаардлага, татгалзлыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогчид шүүх тодорхой тайлбарласан байх учиртай бөгөөд үүргээ ухамсарлан ойлгосон хэргийн оролцогч өөрийн буруугаас нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй явдал түүнд ашиггүй шийдвэр гарах үндэслэл болно.

Хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4.-д “давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заажээ. Хуульд ийнхүү зохицуулсныг давж заалдах гомдол гаргаж буй этгээд биелүүлэхгүйгээр гомдолдоо анхан шатны шүүхэд гаргаагүй шинэ нотлох баримтыг заах, хавсаргах тохиолдол цөөнгүй байдаг.

5.2.”Шүүх түүнийг үнэлэхгүй”

Давж заалдах гомдол гаргаж буй этгээд анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй нотлох баримтыг гомдолдоо заахыг хориглосон хуулийн зохицуулалтыг зөрчиж, ийм нотлох баримтыг заасан, эсхүл гомдолд хавсаргасан тохиолдолд шүүх хэрхэх вэ?

Хуульд “шүүх түүнийг үнэлэхгүй” гэж заасан боловч давж заалдах болон хяналтын шатны шүүх эдгээр баримтад тусгагдсан мэдээллийг огт үзээгүй, уншаагүй мэт байх, хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг тодорхойлсон байгааг үл тоомсорлон хэргийн бодит байдал тогтоогдоогүй байгааг анхаарахгүй байхыг “үнэлэхгүй” гэсэн нэр томьёонд хамааруулан ойлгох нь төдийлөн зөв биш юм.

Шүүх дээрх нотлох баримтыг үнэлэхгүй байна гэдэг нь давж заалдах болон хяналтын шатны шүүх эдгээр баримтыг агуулга, хэлбэрийн хувьд дүгнэх, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болгох боломжгүйг хэлж байна.

Гэхдээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг хэрхэн баримталсан, хэргийн оролцогчдын эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх боломж, нөхцөлөөр хэрхэн хангасан зэрэг байдлаас шалтгаалан дээрх баримтуудыг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгох боломжтой юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу алдаа зөрчилгүй явуулсан тохиолдолд давж заалдах гомдолд заагдсан шинэ нотлох баримт шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Давж заалдах гомдолд шинээр заасан гомдлыг доорх байдлаар зааглан ялгах нь зүйтэй:

-анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд зохигчид мэдэгдэж байсан боловч тэрээр өөрийн буруугаас шүүхэд гаргаж өгөөгүй нотлох баримт,

-давж заалдах гомдол гаргах хугацаанд шинээр бий болсон нотлох баримт,

-анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэж байхад зохигчид мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байсан бөгөөд гомдол гаргах үед хожим илэрсэн нотлох баримт

Дээрх зааг ялгааг давж заалдах шатны шүүх тодорхой гаргасны дүнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсэх асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэнэ.

5.3.”Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах гэж байгаа бол”

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах асуудлыг хуулийн 17 дугаар бүлэг зохицуулдаг.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас зөвхөн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг дахин хянуулах үндэслэлтэй тул хуулийн 17 дугаар бүлгийн зохицуулалт давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй болно.

Харин хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа биш харин өмнө буюу давж заалдах болон хяналтын гомдол гаргах үед, давж заалдах болон хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед илэрсэн бол хэрхэх вэ гэдэг асуудалд хуулийн уг зохицуулалтыг хамааруулан хэрэглэнэ.

Зургаа.Шүүхийн нотолгоо, түүний үе шат, нотлох баримтын үнэлгээний ангилал.

Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар шүүхээс гарч буй эрхийн актын үндэслэлийг тодорхойлно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг бүрдүүлэх шүүхийн нотолгоо нь тодорхой шат дараалалтай хийгддэг:

а/нотлогдвол зохих нөхцөл байдал, үйл баримтын хүрээг тодорхойлох

б/нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх

в/нотлох баримтыг шинжлэн судлах

г/нотлох баримтыг үнэлэх

д/шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны журмаар хянахад шүүхийн нотолгооны үнэн зөв байдлыг шалгах

Иргэний ямар ч хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхийн нотолгоо дээрх шат дарааллаар явагддаг.

Шүүхийн нотолгооны үед нотолгооны зүйл, нотлох үүрэг бүхий этгээд, нотлох баримтын төрөл, нотлох баримтын хамаарал, зөвшөөрөгдсөн байдал зэргийг тухай бүрт тодорхойлж байх нь нотлох баримтыг тал бүрээс, үнэн зөв үнэлэхэд ач холбогдолтой юм.

Нотлох баримтын үнэлгээг шүүхээс гадна зохигчид хийдэг ба тэдгээр нь нотлох баримтыг өөрийн байр сууриас үнэлдэг бол шүүх хэн алины үнэлгээг урьдчилан тооцож, харьцуулан судалж, хөндлөнгийн байр сууриас үнэлдэг болно.

Нотлох баримтын үнэлгээ нь завсрын болон эцсийн гэж ангилагдана. Завсрын үнэлгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгддэг бол эцсийн үнэлгээ шүүхийн шийдвэр гаргах үед хийгддэг. Завсрын үнэлгээг цаг тухайд нь үнэн зөв, шаардлагын түвшинд хийснээс эцсийн үнэлгээний бодит байдал шууд хамаарна.

Долоо. Зарим төрлийн хэрэгт нотлох баримтыг үнэлэх онцлог.

Гэр бүлийн эрх зүйн маргаан -гэрчийн мэдүүлэг

-бичмэл нотлох баримт

-зохигчдын тайлбар

  -шинжээчийн дүгнэлт

1.Гэр бүлийн эрх зүйн маргаанд гэрчээр оролцож буй этгээд гэрлэгчдийн хэнтэй нь ямар харилцаатай болохыг тодорхой тогтоож, түүний мэдүүлгийг үнэлэх шаардлагатай. Насанд хүрээгүй гэрчид оновчтой асуулт тавихыг анхаарах нь чухал. Гэр бүлийн гишүүдээс гэрчийн мэдүүлэг авахдаа зөвшөөрөл авахыг анхаарах.

2.Гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг тогтоосон захиргааны акт, үрчлэлтийн гэрчилгээ, эрхийн акт, байгууллага, иргэдийн тодорхойлолт зэргийг үнэлэхдээ нотлох баримтын зөвшөөрөгдсөн байдлыг анхаарах нь чухал.

3.Гэрлэгчид шүүхэд гаргаж буй шаардлага, татгалзал, тайлбартаа эрх зүйн асуудлаас илүү сэтгэл зүйн асуудлыг тусгадаг тул тэдгээрийг зааглан ялгах асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай. 4.Хүүхдийн эцэг тогтоолгох маргаанд хийгдэж буй шинжээчийн дүгнэлтийг ямар шинжилгээгээр гаргасныг анхаарах. ДНК-ийн шинжилгээний магадлал 98% байдаг тул эцэг мөн биш гэх дүгнэлтийг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй юм. Харин цусны бүлэг, бүтцээр хийгдсэн шинжилгээний дүнд эцэг мөн байх боломжтой гэж гарсан дүгнэлт бусад нотлох баримтаар давхар нотлогдох зайлшгүй шаардлагатай. Харин биш гэсэн дүгнэлтийг шууд нотлох баримт гэж үзэх боломжтой юм.

Хөдөлмөрийн эрх зүйн маргаан -бичмэл нотлох баримт

-гэрчийн мэдүүлэг

-зохигчдын тайлбар

  -шинжээчийн дүгнэлт

1.Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд ажил олгогчоос гаргаж буй нотлох баримтын үнэн зөв байдлыг тал бүрээс нь шалгаж үзсэний үндсэн дээр үнэлэх учиртай. Захирах захирагдах харилцааны оролцогч талууд нотлох баримт бүрдүүлэх боломжоор тэгш хангагдаагүй байдгийн анхаарах. Ажил олгогчийн гаргаж өгч буй нотлох баримт маргаантай харилцаа үүсэх үед байсан үйл баримтыг нотлож байгаа эсхүл шинээр бий болсон баримт гэдгийг давхар шалгаж байх

2.Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд оролцож буй гэрч хэргийн оролцогчидтой ямар харилцаатай болохоос шалтгаалж, түүний мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийн үнэн зөв байдлыг тодорхойлох боломжтой.

3.Ажил олгогч төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог тул уг төлөөлөгч тухайн асуудлын талаар ямар мэдлэгтэй болохыг анхаарах нь чухал. Ажлаас халагдсан этгээдийн шаардлага гомдлоор үүсэх хэргийн үндэслэл болдог тул түүний гомдлын шаардлага тус бүр тодорхой байгаа, нотлогдож байгааг тус тус анхаарах. 4.Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд тусгайлсан шинжээч томилох шаардлага төдийлөн гардаггүй. Криминалистикийн болон санхүү, нягтлан бодох, тооцоо бүртгэлийн асуудлаар шинжээч томилогдох тохиолдол байдаг.

Гэрээний эрх зүйн маргаан -гэрчийн мэдүүлэг

-бичмэл нотлох баримт

   

1.Гэрчийн мэдүүлгийг үнэлэхэд Иргэний хуулийн 42.11.-д заасан зохицуулалтыг анхаарах шаардлагатай. Гэрчээр нотлох эрхээ алдсан асуудалд гэрчийн мэдүүлэг нотолгооны ач холбогдолгүй байх тул гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангахаас татгалзах боломжтой.

2.Гэрээний эрх зүйн харилцаанд гэрээ хамгийн гол бичмэл нотлох баримт болох тул хэрэгт нотлох баримтаар авагдаж буй гэрээг үнэлэх ажиллагаанд онцгой анхаарах нь чухал. Гэрээг зөв үнэлэх нь гэрээг зөв тайлбарлах үндэслэл болно. Гэрээний дүнг хэлэлцсэн, тооцоо нийлсэн баримт, өрийг хүлээн зөвшөөрсөн баримт зэргийг гэрээнд өөрчлөлт оруулсан гэрээнээс зааглан ялгаж үнэлэх шаардлагатай.

Гэм хор учруулснаас үүсэх үүргийн маргаан -гэрчийн мэдүүлэг

-бичмэл нотлох баримт

  -шинжээчийн дүгнэлт

1.Гэм хор учруулсан байдлыг шууд гэрчлэх этгээдийн мэдүүлгийг онцгой анхаарах нь чухал юм.

2.Гэм хор учирсан байдлыг болон учирсан гэм хорын хэмжээг тодорхойлох нотлох баримтуудын зааг ялгаа, тогтоогдож /үгүйсгэгдэж / буй үйл баримтын ач холбогдлыг тодорхой болгох байдалд онцгой анхаарах. 3.Автоосол, үйлдвэрлэлийн осол зэрэг үйл баримт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарсан тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин нотлогдохгүй.

Өв залгамжлалын маргаан -гэрчийн мэдүүлэг

-бичмэл нотлох баримт

-зохигчдын тайлбар

  -шинжээчийн дүгнэлт

1.Гэрээслэл хүчин төгөлдөр байх шаардлага хуульд тусгайлан заагдсан тул гэрчийн мэдүүлэг гэрээслэлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх үндэслэлгүй.

2.Гэрээслэлийн хэлбэрт тавигдах шаардлага Иргэний хуулийн 523 дугаар зүйлд заагдсан тул хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээслэл хүчин төгөлдөр бус байна. Гэрээслэл гэх баримтыг хэрхэн үнэлснээс түүний хүчин төгөлдөр байдал шалтгаална.

3.Өв залгамжлалын асуудлаар зохигчдын гаргаж буй тайлбараас тухайн хэрэгт маргаж буй талуудаас өөр шаардах эрхтэй этгээд байгаа эсэхийг тогтоож болохыг анхаарах. 4.Нас барсан хүний гарын үсэг, бичгийн хэвд криминалистикийн шинжилгээ хийлгэхэд загвар бичилт хангалттай байх, эдгээр бичилтийг нас барсан этгээд өөрөө хийсэн гэдгийг давхар шалгах шаардлагатай

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ