www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 90 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН НОТЛОХ БАРИМТЫН ЭХ СУРВАЛЖИЙГ ЗӨВ ОЙЛГОЖ, ХЭРЭГЛЭХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ЗӨВЛӨМЖ

2007 оны 6 дугаар                                                                                                                                                                                                                                                 Улаанбаатар

сарын 21-ний өдөр                                                                                                                                                                                                                                                         хот

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 90 ДҮГЭЭР

ЗҮЙЛД ЗААСАН НОТЛОХ БАРИМТЫН ЭХ СУРВАЛЖИЙГ

ЗӨВ ОЙЛГОЖ, ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 90 дүгээр зүйлд заасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг хэрхэн үнэлж байгаа талаарх шүүхийн практикийг судлан үзээд Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимаас ЗӨВЛӨМЖ болгох нь:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 90 дүгээр зүйлд заасанчлан аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, иргэний баталсан ба бичсэн баримт бичиг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой байвал тэр нь нотлох баримтын эх сурвалж болно.

Баталсан баримт бичиг гэдэг нь хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлуудыг албан ёсоор тодорхой журмын дагуу гэрчлэн тодорхойлж байгаа баримт бичгүүд юм. Тухайлбал, ийм баримт бичигт нотариатаар гэрчлэгдсэн баримт бичиг, ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийтгэх ба цагаатгах тогтоолын хуулбар, иргэний үнэмлэх, гавьяа шагнал, мэргэжлийн цол зэрэг олгосон тухай үнэмлэх зэргийг багтаан авч үзнэ.

Баталсан баримт бичгийг ихэвчлэн төрийн байгууллагууд, тэдгээрийн албан тушаалтан гаргаж өгнө.

Мөн зарим үед иргэд баталсан баримт бичгийг гаргаж өгөх тохиолдол байдгийг анхаарах нь зүйтэй. Жишээ нь: зохих хууль тогтоомжийн дагуу бичгээр үйлдэгдсэн иргэд хоорондын гэрээ, хэлцэл нь ийм төрлийн баримт бичиг болдог.

Баталсан баримт бичгийг шалгахдаа эдгээр нь хаана үйлдэгдсэн, ямар байгууллага, албан тушаалтан олгосон, тогтоогдсон журамд нийцүүлж олгогдсон болон түүнийг эзэмших хүн мөн эсэхийг тодруулсан байвал зохино.

Бичсэн баримт бичиг. Энэ нь аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс хэрэгт ач холбогдол бүхий байдал буюу бусад үйл явдлыг тоочиж, мэдээлсэн баримт бичиг юм. Үүнд ажил байдлын тодорхойлолт, хамт олны хурлын тэмдэглэл, гэмт хэргийн талаар иргэдээс бичгийн хэлбэрээр гаргасан өргөдөл, сэжигтэн, яллагдагчийг гэмт хэрэг үйлдэх үед барьж, холбогдох газарт хүргэсэн цагдаагийн ажилтны илтгэх хуудас, тусгай сургуулилттай нохой тодорхой үнэр авч сонгосон тухай нохой сургагчийн бичсэн тодорхойлолт зэрэг хамаарна.

Бичсэн баримт бичгийг шалгахын тулд юуны өмнө эх хувьтай нь тулгах, эдгээрийг үйлдэж, бичсэн албан тушаалтан, иргэдийг гэрчээр байцааж болох юм.

Дээр дурдсан бусад баримт бичгийг эд мөрийн баримт болж байгаа баримт бичгээс ялгаж ойлгох нь чухал.

Хэрэв бусад баримт бичиг нь гэмт хэрэг үйлдэхэд шууд ашиглагдсан, гэмт хэргийн ул мөрийг өөртөө хадгалж үлдсэн, түүнчлэн гэмт хэргийн объект болсон ба түүнд гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдал болон сэжигтэн, яллагдагчийн гэм буруутай эсэхийг тогтоох, эсвэл гэмт хэргийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх байдлуудыг тодруулахад ач холбогдолтой мэдээлэл агуулагдаж байвал эд мөрийн баримт болно.

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ