www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 99 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН  99.2 ДАХЬ ХЭСЭГТ “БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ  ТӨР ХАРИУЦНА…” ГЭЖ ЗААСНЫГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2008 оны 5 дугаар                                                                                                                                                                                                                                                 Улаанбаатар

сарын 23-ны өдөр                                                                                                                                                                                                                                                           хот

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 99 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН

99.2 ДАХЬ ХЭСЭГТ “БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ

ТӨР ХАРИУЦНА…” ГЭЖ ЗААСНЫГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт “Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцна…” гэж заасныг нэг мөр ойлгож зөв хэрэглэхэд туслах зорилгоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас ЗӨВЛӨМЖ болгох нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт дурьдсан байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан тодорхой зардлуудаас бүрдэнэ.

2.Зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх, түргэн муудах буюу гэмтэх эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх гэх мэт хойшлуулашгүй тохиолдолд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тус тусын хэрэгжүүлж буй байцаан шийтгэх ажиллагааны чиг үүргийн дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүх өөрсдийн төсвийн хөрөнгөөр хариуцна.

3.Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцсан тохиолдолд гарсан зардлыг гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр эрх бүхий этгээд нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүх энэхүү иргэний нэхэмжлэлийг хэргийн хамт нэг мөр шийдвэрлэж байвал зохино.

4.Дээр дурьдсанаас бусад тохиолдолд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг эрх бүхий этгээдээс гаргасан иргэний нэхэмжлэлийг үндэслэн гэм буруу нь тогтоогдсон шүүгдэгчээр шууд төлүүлэхээр шүүх шийдвэрлэнэ.

5.Шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдсон л бол тэрээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөгдөж байгаа эсэхийг үл харгалзан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг түүгээр нөхөн төлүүлнэ.

6.Хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд тэдний гэм буруу, гэмт хэрэгт оролцсон байдал, хариуцлагын хэр хэмжээг харгалзан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг шүүх ялгамжтай хуваарилан төлүүлнэ.

7.Гэм буруу нь тогтоогдсон насанд хүрээгүй шүүгдэгчид холбогдох байцаан шийтгэх ажиллагааны зардлыг түүний эцэг, эх эсвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс нь нөхөн төлүүлж болно.

8.Харин хэргийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон буюу шүүгдэгчийг цагаатгасан, түүнчлэн шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдсон хэдий ч өөрийн гэсэн эд хөрөнгөгүй бол байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэхгүй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар төлбөрийн чадваргүй иргэний өмгөөлөгчийн хөлсийг төрөөс төлсөн тохиолдолд өмгөөлөгчид төлсөн зардлыг нөхөн төлүүлэх шаардлагагүй.

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ