www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 83 ДУГААР ЗҮЙЛИЙН 83.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНА


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 83 ДУГААР ЗҮЙЛИЙН 83.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2008 оны 11 дүгээр сарын 05 Улаанбаатар хот 

Дугаар 09

                                                                                                                                                                              Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
                                                                                                                                                                                              танхим 12.30цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүн П.Очирбат, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар С.Энхтуулыг оролцуулан цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Дархан-уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт оршин суугч, иргэн С.Өмирбек оролцсон ба Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Э.Мөнх-Очир томилогдсон боловч цэцийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөр гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг: Дархан уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн иргэн С.Өмирбек Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөр гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1, Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2-т заасныг тус тус зөрчсөн байна.
Монгол Улсын ард түмэн бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож, үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэхүү Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг.
Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасан нь /цаашид “халдлага” гэх/ Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц…хууль зүйн….баталгааг бүрдүүлэх, …хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасныг зөрчсөн гэх дараахь үндэслэл байна. Үүнд:
- Субъектийн хувьд Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан “…хүний …” гэдэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хамаарах бөгөөд хууль шүүхийн өмнө хэн боловч тэгш эрхтэй. Иймд хүн бүр энэхүү зүйлд заасан “төрийн хамгаалалтад” орох Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрхээ саадгүй эдэлнэ.
- Маргааны хамаарлын хувьд энэхүү өргөдлийн шаардлага нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц… хууль зүйн…баталгааг бүрдүүлэх, …хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасантай шууд хамааралтай бөгөөд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 2-т “Төр…өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэж заасантай шууд бус хамааралтай.
Халдлага нь материаллаг эрх зүйн дараах шаардлагыг хангаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн, албан ёсоор нийтэлсэн хуулийг хэрэглэж, Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай бөгөөд энэ нь эрх зүйт төрийн хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд үндэслэгддэг. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрвээ иргэн, хуулийн этгээд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тусгайлан чиг үүрэг бүхий төрийн байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэж, энэхүү үүргийг төр, түүний байгууллага Үндсэн хуулийн Арван ес дүгээр зүйлийн 1-т заасны дагуу иргэнийхээ өмнө хариуцна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн…баталгааг бүрдүүлэх, …хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн үндэс, журмыг тогтоох зорилт бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хууль тогтоогчоос батлан гаргажээ.
Уг хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т заасан халдлага нь Үндсэн хуулийн “Төрөөс…хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчиж, иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай үндсэн эрхийг хязгаарлаж, “Төр” Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т “иргэнийхээ өмнө хариуцах үүргээс” зайлсхийсэн байна.
“Төр…” гэдэг нь явцуу утгаараа төрийн байгууллагуудын нийлбэр цогц бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний болон эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага юм.
Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулснаас үүсэх “урамшуулал”-ын төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т зааснаар “төлбөр авагч” иргэн, хуулийн этгээдээс гаргуулахаас зохицуулсан нь төр, түүний байгууллага “хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийг иргэнийхээ өмнө хариуцах” үүргийг биелүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн.
Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг бий болгодог бөгөөд тухайлбал иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зохигчдод өмчлөх эрх үүсгэх, бий болгох эрх зүйн үр дагавар бий болгож болно. Энэ тохиолдолд төлбөр авагчид шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цагаас өмчлөх эрх үүссэн байж болох ба төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрийг албадан биелүүлнэ. Гэтэл, энэхүү шийдвэрийг албадан биелүүлэхдээ төлбөр авагчийн шүүхийн шийдвэрийн дагуу бий болсон өмчлөх эрхийг хязгаарлан, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулахаар зохицуулсан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т заасныг зөрчсөнөөс гадна Тавдугаар зүйлийн 2-т “Төр…өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасныг шууд бусаар зөрчжээ. Тодруулбал, хүчин төгөлдөр бүхий Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагчид эрх зүйн үр дагавар үүссэн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулахаар зохицуулсан нь төрд хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ биелүүлэхгүйгээр, хүний өмчлөх эрхийг хязгаарлах, хөндөх боломжийг олгосон байна. Энэ утгаараа маргааны хамаарлын хувьд энэхүү халдлага нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа болно.
Шүүхийн шийдвэрийг хэрвээ иргэн, хуулийн этгээд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан биелүүлэх нь төрийн чиг үүрэг бөгөөд албадан биелүүлсэнтэй холбоотой “урамшууллын” төлбөрийг төр “өөрөө” биш төлбөр авагч иргэн, хуулийн этгээд хариуцах ёсгүй. Учир нь төр хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлсний үндсэн дээр хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэгтэй, энэхүү үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэдгийг дахин тэмдэглэж байна. Энэ нь төр, иргэн хоорондын “гэрээ” бөгөөд төр дээрх халдлагыг бий болгосноор “үүргээсээ” татгалзах эрхгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т заасан халдлагаас үзэхэд энэ заалт нь амьдралд хэрэгжихдээ нэг талаас төлбөр авагч, иргэн хуулийн этгээдтэй “урамшууллын” гэх гэрээг гэрээний чөлөөт байдлын болон талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх зарчмыг зөрчиж, төлбөр авагчаас “заавал” гаргуулах сөрөг үр дагаврыг агуулж байна. Төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна гэж гэрээний үнийн талаар хувь тогтоож хуульчилсан нь хүний өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж буй хэлбэр юм. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т зааснаар төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах ёстой байтал дээрх хуулийн заалтад “урамшууллыг” шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна гэж заасан нь төлбөр авагч иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрхийг хамгаалах бус хязгаарласан байна. Дээрх байдлаар “урамшуулал” –ын гэх гэрээний үнийг хуулиар тогтоосон нь өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болох зарчмыг алдагдуулсан байна.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түргэн шуурхай, иргэдийг чирэгдүүлэхгүйгээр, хуульд заасан үндэслэл, журмын дагуу, зохих ёсоор гүйцэтгэх үүднээс шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах асуудлыг үгүйсгэхгүй. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т зааснаар төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг бөгөөд энэхүү Үндсэн хуулийн үндэслэл тухайн халдлагыг зөвтгөх гол аргумент болно. Гагцхүү ийнхүү “урамшуулан”, төр уг үүргээ биелүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж, хүний эрхийг хязгаарлах, зөрчихөөс татгалзаж, энэхүү “халдлага”-ыг өөр байдлаар зохицуулах ёстой. Жишээ нь, урамшууллыг төр өөрөө хариуцах зохицуулалт хийж болох юм. Нэгэн шийдвэр гүйцэтгэгчээс “урамшууллын” талаар асуухад “хэрвээ урамшуулал байхгүй бол цалин бага учир шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах хүн олдохгүй байх” гэж хариулж байсныг мөн анхаарах хэрэгтэй.
Үндсэн хуулиар хүний зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцахаар зохицуулагдсан учир заавал өөрийн байгууллагаараа дамжуулан энэхүү чиг үүргээ хэрэгжүүлнэ. Тодруулбал, зарим гадаадын орнуудад байдаг шиг шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол Улсын хувьд хувийн эрх зүйн хуулийн этгээд байх боломжгүй юм.
Иймд халдлагыг зөвтгөх үндэслэл байхгүй гэж үзэж байна.
- Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3-т “өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасан нь энэхүү халдлага Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн өмчлөх эрхийг шууд бусаар хязгаарлаж байна гэдгийг зөвтгөх үндэслэл болохгүй учир үндсэн эрхийн хязгаарлалт манай өргөдлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байна. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасна үндэслэлээр хязгаарлаж болох боловч тухайн “хуульд заасан үндэслэл” Үндсэн хуулийг зөрчөөгүй байх бөгөөд 5 дугаар зүйлийн 2-т зааснаар төр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Төр, түүний байгууллага Үндсэн хуулиар иргэнийхээ өмнө хариуцсан үүргээс татгалзах эрхгүй.
Иймд дээрх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “…урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасан нь Үндсэн хуулийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргахыг хүсье” гэжээ.
Хоёр: Улсын Их Хурлын даргын 2008 оны 10дугаар сарын 17-ны өдрийн 111дүгээр заримжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Э.Мөнх-Очир Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“…1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т зааснаар “Монгол Улсын иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1-д заасны дагуу “төр нь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар хуульчилж өгсөн. Иргэнд учирсан эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь гэмт этгээдийг илрүүлж шийтгэхээс дутуугүй чухал асуудал юм. Хохирлыг нөхөн төлүүлэх эрх нь хохирогч бүр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тэгш, үр дүнтэй боломж эдлэх, хохирлоо хурдан шуурхай, бүрэн, дүүрэн, зохистой барагдуулах бололцоогоор хангагдах болон зөрчигдсөн эрхээ сэргээлгэх арга зам, ажиллагааны талаар хангалттай мэдээлэлтэй байх нөхцөл бүрдсэний үндсэн дээр хэрэгжих боломжтой. Хохирлоо нөхөн төлүүлэх эрх хангагдах өөр нэг чухал нөхцөл бол хохирлыг хурдан, шуурхай, бүрэн барагдуулах бололцоотой байх явдал билээ.
Иргэн С.Өмирбек өргөдөлдөө “…Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулснаас үүсэх “урамшуулал”-ын төлбөрийг …”төлбөр авагч” иргэн хуулийн этгээдээс гаргуулахаар зохицуулсан нь төр, түүний байгууллага “хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийг иргэнийхээ өмнө хариуцах” үүргийг биелүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэсний тухайд:
1. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль энэ асуудалд анхаарал хандуулж Герман зэрэг эх газрын эрх зүйн тогтолцоот бусад орнуудын жишгээр хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хохирогч, шийдвэр гүйцэтгэгч харилцан тохиролцож байгуулсан Иргэний гэрээний үндсэн дээр урьдчилан санхүүжүүлэхээр зохицуулсан нь шүүхийн шийдвэрийн түргэтгэх, хохирсон этгээдийн “хөндөгдсөн эрх”-ийг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн ажиллагаа болсон гэж үзэж байна.
2. Шүүхийн үйл ажиллагааны зарим зардлыг зохигчоор нөхөн төлүүлэх зарчмыг баримталдгийг мөрдөж байгаа хуулиудаас харж болно. Тухайлбал:
1/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд:
- шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс,
- гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс
- үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан зардал
- эд мөрийн баримт хадгалах зардал
- гэрчийн мэдүүлгийг очиж авсан зэрэг үйл ажиллагааны төсвөөс гарсан зардлыг зохигчдоор
2/. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100, 101 дүгээр зүйлд:
- хохирогч, түүний төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, мэргэжилтэн, шинжээч, орчуулагч, хэлмэрчид олгох тээвэр, байр, хоолны зардал, мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдсан хугацаанд хохирогч, шинжээч гэрч, хөндлөнгийн гэрчийн хохирсон хөдөлмөрийн хөлс,
- мэргэжилтэн, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлс,
- хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан зардал
- сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх, түүнчлэн шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх хуралдааныг хойшлуулахтай холбогдон гарсан зардлыг гэм буруутай этгээдээр тус тус нөхөн төлүүлэхээр тогтоожээ.
Энэ зарчмыг Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд баримталсан учраас шүүхийн шийдвэр биелүүлэгчид олгосон урамшууллыг мөнгө, эд хөрөнгө хүлээн авагчаас гаргуулсан хэмжээгээр гэм буруутай этгээдээс гаргуулах юм.
Хуульд шийдвэр гүйцэтгэх байгууллагын зардлыг улсын төвлөрсөн төсвөөс, харин шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллаас санхүүжүүлэхээр тусгасан. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зайлшгүй гарах зардлыг төлбөр авагчаас тухай бүр гаргуулж шийдвэр гүйцэтгэгдсэний дараа төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулах юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарим зардлыг шүүхийн зардлын нэгэн адил зарчмаар гэм буруутай этгээдээс гаргуулахаар хуулийн үзэл баримтлалд тодорхойлж тухайн хуулийн 83.2, 83.3 дахь хэсэг энэ санаагаар томъёологдсон болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 208 дугаар тушаалаар зохицуулж байгаа учраас дээрхи хууль, эрх зүйн актыг цогц байдлаар авч үзэх шаардлагатай. Энэхүү журамд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарим зардлыг төлбөр авагчаас урьдчилан гаргуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулахаар заасан байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83.2 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн дурдсан заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөр гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь заалтын төлбөр авагчтай шийдвэр гүйцэтгэгч урамшууллын гэрээ байгуулахаар заасан зохицуулалт нь Үндсэн хуулийн зөрчил биш боловч хуулийг боловсронгуй болгох тухай асуудал байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөр гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т”...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 2-т “Төр...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван есдүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц...хууль зүйн...баталгааг бүрдүүлэх, ...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.
2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногт багтаан хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Ц.САРАНТУЯА
Д.МӨНХГЭРЭЛ
Б.ПҮРЭВНЯМ