www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН  ТОГТООЛ
           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар

          зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох

         заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн

         шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.00 цаг

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат /илтгэгч/, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.

Хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” 71 дүгээр тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд:

           “Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулийн 17 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг хуульчлан заасан бөгөөд тус зүйлийн 17.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх энэ хуулийн 17.1-д заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 17.3.1 дэх заалтад "Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;” гэж хуульчилсан байна.

Энэ нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”,Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж заасан ба Улсын дээд шүүхийг төлөөлөх эрхийг шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх иргэн, эрүү, захиргааны хэргийн дагнасан танхим эдлэхгүй байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд нийт шүүгчээс бүрдсэн шүүгчдийн зөвлөгөөн ажиллана гэж заагаад шийдвэрлэх асуудлыг хуульчилсан байна. Энэ заалтаас үзэхэд шүүгчдийн зөвлөгөөн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс бусад асуудлыг шийдвэрлэхээр байна.

Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэсэн заалтыг хэрхэн, яаж хэрэгжүүлэх тухай зохицуулалт Монгол Улсын шүүхийн тухай хуульд орхигдсон байна.

Үндсэн хуульд заасан “... бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэсэн заалт нь шүүхэд зориулагдсан заалт биш харин эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүдэд зориулан заавал биелэх шинжтэй бөгөөд эрх зүйн хэм хэмжээний утга санааг шууд тайлбарлах эрхийг Улсын дээд шүүхэд олгосон байна. Улсын дээд шүүх нь эрх зүйн хэм хэмжээг бүтээх байгууллага биш учир дээрх эрхийг олгоод уг эрхээ эдлэхдээ алдаа гаргавал хэрхэн шийдвэрлэх тухай асуудлыг Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэж заасан байгааг хууль тогтоогч анхаараагүй байна.

Мөн Үндсэн хуульд “... тайлбар гаргах;” гэж заасан нь бие даасан бичгэн баримт үйлдэх гэсэн утга бөгөөд хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолыг хэлэхгүй юм.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин дараах агуулга бүхий тайлбарыг Үндсэн хуулийн цэцйн дунд суудлын хуралдаанд гаргасан байна. Үүнд:

“Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар Үндсэн хуулиас бусад хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг Улсын дээд шүүхээс гаргах нь тодорхой хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн шүүхийн практикийг судлан дүгнэлт хийж, үүний үндсэн дээр бүх шатны шүүхээс хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцдаа хууль ёсны зарчим зөрчихгүй, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэхэд чухал ач холбогдолтойгоос гадна Улсын дээд шүүхээс бусад шүүхэд үзүүлж буй мэргэжил, арга зүйн туслалцааны нэг хэлбэр мөн.

Монгол Улсын шүүхийн тухай 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хууль батлагдаж хүчин төгөлдөр болохоос өмнө хуулийн заалтыг тайлбарлуулах саналаа нэгдүгээрт, иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хуулийг ойлгох, дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, хэрэглэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтын талаар, хоёрдугаарт, бүх шатны шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтын талаар талуудын гаргасан тайлбар, үндэслэлийн хамт Улсын дээд шүүхэд тус тус ирүүлж байв.

Ийнхүү дээр дурдсан журмаар ирүүлсэн саналын дагуу хуулийн тайлбарыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оролцогчдын гуравны хоёрын саналаар батлан шийдвэрлэж байсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага заавал дагаж мөрддөг.

1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал ёсоор Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь Улсын дээд шүүхийн бүрэн эрхийн асуудал мөн. Өөрөөр хэлбэл хуулийн тайлбар бол аливаа хуулийн заалт буюу эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан харилцааг эрх зүйн ухамсар, хууль хэрэглээний үндсэн зарчим, зүй тогтолд тулгуурлан ийнхүү эрх зүйн актыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх зорилгоор түүний агуулгыг тодорхойлох үйл ажиллагаа билээ.

Улсын дээд шүүхээс гаргаж байсан албан ёсны тайлбар нь хэм хэмжээний ба жишгийн буюу казуаль хэлбэрийн аль алинд нь хамаардаг байв.

Улсын Их Хурлаас 2012 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан явдал шүүхийн институтыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгож дэлхий нийтийн жишигт хүргэх зорилтыг шийдвэрлэхэд тус дөхөм болно. Үүний дотор Улсын дээд шүүхээс хуулийн албан ёсны тайлбар гаргадаг асуудлыг илүү оновчтой болгох зорилгыг агуулсан юм. Учир нь хуулийн албан ёсны хэм хэмжээний тайлбар нь эрх зүйн хэм хэмжээний заалтын агуулгыг дэлгэрүүлж, хэм хэмжээний агуулгатай, нийтээр заавал дагаж мөрдөх шинжтэй тул хууль тогтоох ажиллагааг орлох боломжийг бүрдүүлж байна. Энэ асуудал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр яригдаж байв.

Мөн Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “...  хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэсэн зохицуулалт зөрчигдөж болзошгүй хэмээн үзэж Улсын дээд шүүхээс гаргадаг албан ёсны тайлбар жишгийн буюу казуаль шинжтэй байхаар хуульчилсан юм.

Мэдээлэл гаргагч нар Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах”-тай холбогдсон 4 дэх заалтыг хэрхэн яаж хэрэгжүүлэх тухай зохицуулалт орхигдсон, улмаар энэ нь “бие даасан бичгэн баримт үйлдэх” гэсэн утгатай байна гэжээ.

Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтын эрх зүйн үндэс, шүүхийн бүрэн эрхийг тогтоосон материаллаг хууль билээ. Иймд хуулийн албан ёсны тайлбар гаргах үйл ажиллагаатай холбогдсон процессийн шинжтэй зохицуулалтыг дээр дурдсан хуульд тусгаагүй болно. Хуулийн тайлбарыг “Улсын дээд шүүхийн тогтоол” нэршилтэйгээр гаргаж байсан нь өмнө нь тогтоож ирсэн уламжлалтай салшгүй холбоотой билээ.

Харин 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд Улсын дээд шүүхээс аливаа хуулийн зүйл, заалтыг нэг мөр ойлгохоор албан ёсны тайлбар гараагүй байна.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ.

Гурав. Улсын дээд шүүхээс маргаантай холбогдуулан дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн байна. Үүнд:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэж заасны дагуу иргэд, хуулийн этгээдээс хуулийн зүйл, заалтыг тайлбарлуулахаар Улсын дээд шүүхэд хандаж байгаа бөгөөд энэ тохиолдолд шүүхээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтын хүрээнд хариу өгөхөөс өөрөөр шийдвэрлэх боломжгүй юм.

Түүнчлэн Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ... Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт " Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэж тус тус зааснаас үзвэл энэ зүйлийн 17.3.1 дэх заалтыг хэрэглэхэд хүндрэл учирч болзошгүй, тухайлбал маргааны гол нь хяналтын шатны шүүхийн тогтоол /5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй/, эсхүл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын алийг нь албан ёсны тайлбар гэж үзэх асуудлаар ойлгомжгүй байдал үүсч болохоор байна.” гэжээ.

Дөрөв. Үндсэн хуулийн цэц 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хэлэлцэж 03 дугаар дүгнэлт гаргасан байна.

Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

“1. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүх ямар замаар Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлахыг шууд заагаагүй боловч мөн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэж заасан. Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн шийдвэр ба Улсын дээд шүүхийн тайлбар хэмээх ойлголтыг томьёолж, улмаар Улсын дээд шүүхээс хэргийн болон хэм хэмжээний тайлбар гаргах тухай үзэл санааг илэрхийлсэн байна. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад Улсын дээд шүүхээс зөвхөн хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэр шууд хуулийн албан ёсны тайлбар болохоор зохицуулсан нь энэ талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал хийгээд зохицуулалтад үл нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.   

Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн тайлбар нь хуулийн агуулгатай зөрчилдсөн бол тайлбарыг баримтлахгүйгээр зөвхөн хуулийг баримтлахаар заасан бөгөөд тухайн тайлбараар хуулиас давсан хэм хэмжээ бий болгохгүй тул Улсын дээд шүүхээс хуулийн хэм хэмжээний тайлбар гаргах нь хууль тогтоох эрх мэдэлд халдана гэж үзэх үндэслэлгүй юм.

2. Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилсан тохиолдолд Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох тухай Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг Монгол Улсын шүүхийн тухай хуулиар хэрхэн хэрэгжүүлэх талаарх зохицуулалт орхигдсон байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг хэрхэн хуулийн нэг мөр, албан ёсны тайлбар болгох журмыг тусгайлан зохицуулаагүйгээс үүдэн уг хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Улсын дээд шүүхийн аль нэг танхимаас гаргасан шийдвэр бүр хуулийн тайлбар болох нөхцөл бүрдэн, агуулгын хувьд зөрчилдсөн шийдвэр  гарсан  тохиолдолд  хэрхэн  шийдвэрлэх  нь тодорхойгүй болж, Улсын дээд шүүхийн 3-5 шүүгчийн саналаар хуульд тайлбар хийх боломжийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ.

Уг дүгнэлтийн дүгнэлт гаргах хэсэгт:

“1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг зөрчсөн байна.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.” гэжээ.

Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээр дурдсан дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хэлэлцээд “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” 71 дүгээр тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрсүгэй.

3.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” гэжээ.

Зургаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“... Нэг. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1  дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 71 дүгээр тогтоолыг баталсан.

Үндсэн хуулийн үзэл баримтлал ёсоор Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь Улсын дээд шүүхийн бүрэн эрхийн асуудал юм. Хуулийн тайлбар бол аливаа хуулийн заалт буюу эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан харилцааг эрх зүйн ухамсар, хууль хэрэглээний үндсэн зарчим, зүй тогтолд тулгуурлан ийнхүү эрх зүйн актыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх зорилгоор түүний агуулгыг тодорхойлох үйл ажиллагаа юм. Улсын дээд шүүхээс өмнө нь гаргаж байсан албан ёсны тайлбар нь хэм хэмжээний ба жишгийн буюу казуаль хэлбэрийн аль алинд нь хамаардаг байв.

Улсын Их Хурлаас 2012 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан явдал нь шүүхийн институтыг бэхжүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох, дэлхий нийтийн жишигт хүргэсэн алхам болсон. Ингэснээр Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэсэн зохицуулалтыг улам бататгаж Улсын дээд шүүхээс гаргадаг албан ёсны тайлбар нь жишгийн казуаль шинжтэй байхаар хуульчилж өгсөн юм.

Энэ талаар хийгдсэн судалгаанаас авч үзэхэд дэлхийн улс орнуудад дээд шүүх нь абстракт маягийн өөрийн санаачилгаар тайлбар хийдэг улс орон пост коммунист орнууд л байсан ба одоо Казахстан зэрэг цөөхөн улс үлдсэн бөгөөд  бусад орнуудад дээд шүүх нь ингэж тайлбар хийхийг хориглодог байна.

Харин дээд шүүх, Үндсэн хуулийн шүүх хоёр нь нэг байгаа улсуудад бол төрийн болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын хүсэлтээр дээд шүүх нь тайлбар гаргадаг жишиг байдаг бөгөөд манай улсын хувьд 1960 оноос хойш Улсын дээд шүүхийн гаргасан тайлбаруудыг судлахад 80 гаруй хувь нь Улсын дээд шүүх өөрийн санаачлагаар тайлбар гаргасан байна.

Дээд шүүх яагаад ийм абстракт тайлбар гаргаж болдоггүй вэ гэвэл нэгдүгээрт, шүүх нь иргэний буюу эрх ашиг нь хөндөгдсөн хэн нэгэн хүний гомдлоор шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг болохоос шүүх өөрийн идэвх санаачлагаар ийм шийдвэр гаргахыг хориглодог. Учир нь шүүх гэдэг утгаа алдахад хүрнэ. Хоёрдугаарт, Дээд шүүхийн хууль тайлбарлаж байгаа нь эрх зүйн маргаан байдаг учраас дээд шүүх хяналтаа хэрэгжүүлэхдээ эрх зүйн маргааныг шийдвэрлэх явцдаа тайлбар гаргадаг чиг үүргээсээ тусдаа хууль тайлбарлах гэдэг байдлаар чиг үүрэг авч болохгүй гэж үздэг байна. Гуравдугаарт, Дээд шүүх хэрэв абстракт тайлбар гаргаж байгаа тохиолдолд хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэсэн асуудал тавигддаг.

Дээд шүүх нь шүүхийн нэгдсэн практик тогтоох зорилготойгоор тайлбар гаргах ёстой. Түүнээс хууль тогтоогч шиг бүх субъектэд үйлчлэх хэм хэмжээг тайлбарлах ёсгүй юм. Хууль хэрэглэх, хууль хэрэгжүүлэх, хууль тогтоох гэдэг бол хоорондоо зааг ялгаатай хуваарилагдсан ойлголт учир Улсын дээд шүүхээс Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэх замаар гаргаж байгаа нь Үндсэн хуулийг зөрчөөгүй болно.

Хууль тогтоогчид нь хуулиа илүү тодорхой, нарийвчилсан байдлаар гаргаж, Дээд шүүх нь уг хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгон хэрэглэхэд чиглэсэн тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэх замаар гаргах нь Үндсэн хуулийн уг үзэл санааг зөв ойлгон хэрэгжүүлэхэд бүрнээ нийцэж байгаа тул Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс энэ асуудлыг анхааран үзэж шийдвэрлэхийг хүсэж байна” гэжээ.

                                                                                                                                          ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг хууль тогтоогч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад хуульчлахдаа Улсын дээд шүүх зөвхөн тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргана гэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхэд хуулийг нэг мөр, зөв хэрэглэхтэй холбоотой асуудлаар гарсан саналыг үндэслэн тайлбар гаргах Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг явцууруулан хязгаарласан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тайлбар гэсэн ойлголтыг тусад нь томьёолон хуульчилсан байх тул Улсын дээд шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргасан шийдвэр нь шууд хуулийн албан ёсны тайлбар болохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан нь Үндсэн хуулийн үзэл баримтлал болон зохицуулалтад харшилж байна.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг хэрхэн албан ёсны тайлбар болгох журмыг тусгайлан зохицуулаагүйгээс үүдэн уг хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Улсын дээд шүүхийн аль нэг танхимаас гаргасан шийдвэр бүр хуулийн тайлбар болох нөхцөл бүрдэн, агуулгын хувьд зөрчилдсөн шийдвэр гарсан  тохиолдолд  хэрхэн  шийдвэрлэх  нь тодорхойгүй болж, Улсын дээд шүүхийн 3-5 шүүгчийн саналаар хуульд тайлбар хийх боломжийг бүрдүүлсэн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

3. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 71 дүгээр тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ заагаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

                                                                                                         МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН

                                                                                                                                ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

 2. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” 71 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгосугай.

3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

                                                                           ДАРГАЛАГЧ                                                                     Н.ЖАНЦАН

                                                                                  ГИШҮҮД                                                                    П.ОЧИРБАТ

                                                                                                                                                                      Т.ЛХАГВАА

                                                                                                                                                                      Д.СУГАР 

                                                                                                                                                                      Д.НАРАНЧИМЭГ

                                                                                                                                                                      Д.СОЛОНГО         

                                                                                                                                                                      Д.ГАНЗОРИГ