www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН

ХУУЛИЙН ЦЭЦИЙН 

ТОГТООЛ

2015 оны 11 дүгээр сарын                                                                                                   Дугаар 10                                                                                                Улаанбаатар хот

           27-ны өдөр 

           Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 

           хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг 

          Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 

         эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн

        шийдвэрлэсэн тухай

                        Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                               танхим 11.30 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд Н.Жанцан, Т.Лхагваа /илтгэгч/, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

  Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Ч.Өлзийсайхан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

          Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэв. Мөн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12  дугаар  дүгнэлтийн  тухай”  Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 84 дүгээр тогтоолыг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Өлзийсайхан Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөл, гомдолдоо:

            “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэснийг зөрчиж байна.

            Улсын Их Хурлын Тамгын газрын судалгаа шинжилгээний хэлтсээс 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гаргасан лавлагаанаас харвал Монгол Улсад 162769 төрийн албан хаагчид байна. Эдгээрээс төрийн улс төрийн албан тушаалд 2798, төрийн захиргааны албан тушаалд 16179, төрийн тусгай албан хаагчид 28773, төрийн үйлчилгээний албан тушаалд 115019 хүн ажиллаж байна. Энэ хууль батлагдан гарахаас өмнө төрийн улс төрийн албан тушаал эсвэл төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан хүмүүс албан тушаалаа ашиглан, төрийн оролцоотой хийж бүтээсэн ажлыг өөрийн хийж бүтээсэн зүйл мэтээр өөрийгөө сурталчилж, сонгуулийн өмнө сурталчилгаа хийх болсонтой холбоотойгоор энэ байдлыг залруулах зорилготой хуулийн зохицуулалт хийсэн байдаг. Гэтэл энэхүү хууль батлагдсанаар төрийн оролцоотой бүтээн байгуулалтыг өөрийн хийсэн зүйл мэтээр сурталчлах ямар ч боломжгүй төрийн байгууллагад ажиллаж байдаг олон мянган иргэд Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ хязгаарлуулсан билээ. ...

          Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн энэхүү заалт нь “эрхэлсэн ажил, байдал”-аараа, өөрөөр хэлбэл, яг адилхан төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа боловч төрөөс цалинг нь олгодог байгууллагад ажилладаг “байдлаараа” л ганцхан ялгагдаж байгаа хүмүүс өөр өөр эрх эдэлж, ялгаварлан гадуурхагдахад хүргэсэн байна. Энэ нь төрийн өмчит байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн өмчит байгууллагад ажиллаж байгаа ижил төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээс өөрөөр хандаж тэгш бус хандсан гэж үзэж байна.  Сонгуулийн хуулийн энэхүү заалт нь төрийн улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны албан тушаалтан, төрийн тусгай албан хаагчдад тавигдах шалгуурыг зохицуулах гэсэн зорилгоосоо гажиж “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно.” гэсэн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчин батлагдсан байдаг.

           Хэрвээ төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ажил төрөл, үйл ажиллагаа нь сонгуулийн үйл явцад мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхээр хор уршигтай байдаг бол яг ийм төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшилд ажиллагсдад ч энэ шаардлага тавигдах ёстой билээ.

            Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.11 дэх хэсэгт “Энэ хуулийн 26.6-д зааснаар төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэн төрийн албанд эргэж ороход Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмыг баримтална.” гэж заажээ. Тэгвэл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.”, 17.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог, шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина.” гэж заажээ.

          Төрийн албаны тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн хүн Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдэлсний улмаас ажлаасаа халагдахаас өөр аргагүй болж байгаа бөгөөд хэрэв сонгуульд ялагдал хүлээсэн тохиолдолд ямар ч ажилгүй, цалин хөлсгүй ч болж мэдэхээр болж байна. ... Төрийн үйлчилгээний албан хаагчдыг ажлаасаа гарч тухайн оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн ажилгүй ч байж болох нөхцөл байдал руу албадан оруулж байгаагаараа иргэн сонгуульд оролцоход нь “албадан нөлөөлж, саад учруулж байгаа хэрэг болно. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан иргэний баталгаатай эдлэх ёстой эрх болох сонгох, сонгогдох тэгш эрхийг хөндсөн байна.

Улсын Их Хурлаар баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн заалт нь мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... шударга ёс, ...  үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн байна.

“Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг биелүүлж яг адилхан хөдөлмөр эрхэлж байгаа бусад хүмүүсээсээ ялгаатай байгаа 115019 иргэнийхээ эрхийг сэргээж, Үндсэн хуулиа чандлан сахиулсан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн А.Бакей Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй талаар:

            Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт төрийн албан хаагч нь улс төрийн сонгуульд оролцож өрсөлдөхөөр бол төрийн алба болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг бий болгосон нь улс төрийн сонгуульд нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлд, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, төрийн алба улс төрөөс ангид байх зарчмыг хэрэгжүүлэх хууль ёсны зорилгод тулгуурласан. Нөгөө талаас төрийн алба мэргэшсэн, тасралтгүй, тогтвортой байх нөхцөлийг төр бүрдүүлэх ёстойг харгалзан үзсэн.

            Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан шаардлага нь агуулгаараа сонгогдох эрхийн хязгаарлалт биш юм. Төрийн албан хаагч нь улс төрийн сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцохоор бол Үндсэн хуулийн суурь зарчим, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хууль ёсны зорилгыг ханган биелүүлэхтэй уялдан тухайн нэр дэвшигчид тавигдаж байгаа нэмэлт болзол, шаардлага юм.

            Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй талаар:

            Төрийн албан хаагчид нь төрөөс цалинждаг гэсэн агуулгаараа ялгаварлан гадуурхагдаж, Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ хязгаарлуулсан, хувийн болон төрийн өмчит байгууллагад ажиллаж байгаа ижил төрлийн хөдөлмөр эрхлэгчдэд сонгогдох эрхээ эдлэхэд тэгш бус хандсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж мэдээлэл гаргагч үзжээ.

            Сонгуулийг бодитой, шударгаар явуулахад нэр дэвшигчид тавигдах хуулийн шаардлага, болзол нөхцөл бий. Түүнийг өмчийн аль хэлбэрт ажиллаж байгаагаас үл хамааран тухайн этгээд биелүүлсэн байх ёстой. Харин төрийн албан хаагчийн хувьд төрийн албанаас чөлөөлөгдсөн байх нэмэлт шаардлагыг тогтоосон. Төрийн албан хаагч сонгуульд ороцоход төрийн албаны нэр хүндийг буруугаар ашиглах, төсвийн хөрөнгийг зарцуулах, төрийн албан хаагчийн хувьд үзүүлсэн үйлчилгээ, бүтээсэн зүйлийг өөрийн нэрийн өмнөөс сурталчлах, таниулах байдлаар бусад нэр дэвшигчдээс илүү, давуутай байдлыг бий болгохоос урьдчилан сэргийлэх, хууль бус аливаа үйлдлээс бусад нэр дэвшигчийг хамгаалах, эрх зүйн ижил гарааны нөхцөл бүрдүүлэх, сонгогчийн сонгуульд саналаа өгөх, жинхэнэ хүсэл зоригоо бодитой илэрхийлэх боломжийг баталгаажуулахын ач холбогдлыг хууль тогтоогч тооцон үзсэн. Харин хувийн хэвшлээс нэр дэвшсэн этгээдэд энэ заалтыг халдаан хэрэглэх агуулга, ач холбогдол байхгүйн зэрэгцээ хувийн өмчит этгээдийн хөдөлмөрийн дотоод үйл ажиллагаанд төрөөс хутгалдан оролцох нь харин Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй байх болно.

            Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчөөгүй талаар:

            Хуулийн заалтаар иргэний тэр дундаа төрийн албан хаагчийн Улсын Их Хурлын сонгуульд сонгогдох эрхийг хязгаарласан шууд болон шууд бус ямарваа хориг, хязгаарыг бий болгоогүй. Төрийн жинхэнэ албанаас улс төрийн салбарт шилжин ажиллах сонголт нь хувь хүний Үндсэн хуулиар олгогдсон ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийнхээ дагуу хийж байгаа ухамсарт үйлдэл мөн бөгөөд түүнд нөлөөлөх, эсхүл түүнийг ямарваа хэлбэрээр хязгаарлан хуульчлах нь өөрөө Үндсэн хуулийн суурь зарчим, үнэт зүйлсээс ухарсан алхам болох билээ.

            Харин сонгуульд оролцож ялагдсан төрийн албан хаагчийн хувьд түүнийг төрийн албанд буцаан авах нөхцөл, журмыг тогтоосон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байж болохыг тэмдэглэж байна.

            Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ.

            Гурав. Уг маргаанд холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн тайлбарт:

“Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага бөгөөд сонгуулийн тухай хууль, хуулийн заалттай холбогдуулан тайлбар гаргах эрх тус Хороонд хуулиар олгогдоогүй байна.” гэсэн байна.

Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 12 дугаар дүгнэлт гаргасан байна.

                                                                                                                                       Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт:

“1. Төрийн жинхэнэ буюу мэргэшсэн алба хаагчдыг ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийг харгалзан улс төрийн үйл ажиллагаанаас ангид байлгах, төвийг сахисан байр суурийг хадгалахад чиглэсэн тусгай шаардлага, шалгуурыг тэдэнд тавьж холбогдох хуулиар зохицуулах нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал юм. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт энэ талаар тухайлан зохицуулсан байна.

2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталсан Байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд хууль тогтоогч төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн зохицуулалтыг тогтоосон байна.

Гэтэл эл зохицуулалтад төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамааруулан “бусад төрийн албан хаагч” хэмээн зааж хуульчилсан нь хууль тогтоогчийн анхны зорилгод нийцээгүй, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших тохиолдолд хэт өргөн хүрээнд шаардлага тавьсан байна.

Дээрхээс үзэхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж хуульчлан төрийн үйлчилгээний албан хаагчдыг төрийн жинхэнэ алба хаагчтай адилтган нэгэн адил шаардлага, шалгуурыг тавьж, улмаар тэдгээртэй эрх зүйн байдал болон гүйцэтгэж буй чиг үүргийн хувьд ижил ажил эрхэлж байгаа хувийн хэвшлийн ажилтантай харьцуулахад тэгш бус нөхцөл, хязгаарыг тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

          

3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ...үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гээд

                                                                                                                          Уг дүгнэлтийн дүгнэлт гаргах хэсэгт:

“1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр  зүйлийн  2  дахь  хэсгийн  “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн байна.

 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэсэн заалтыг  тус тус зөрчөөгүй байна.

 3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 9 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.” гэсэн болно.

Тав. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн тухай” 84 дүгээр тогтоолд:

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ.

 Зургаа. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Монгол Улсын Их Хурал 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, 2015 оны 84 дүгээр тогтоолыг гаргасан билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалт нь төрийн албаны тухайлсан албан тушаалтны хувьд сонгуульд өрсөлдөхөд хязгаарлалт тогтоож болно, зарим төрийн албан хаагчдад болохгүй гэсэн санааг агуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтэд дурдсанчлан төрийн албан хаагчдыг “улс төрийн үйл ажиллагаанаас ангид байлгах, төвийг сахисан байр суурийг хадгалахад чиглэсэн тусгай шаардлага, шалгуурыг тавьж холбогдох хуулиар зохицуулах нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал” юм.

Монгол Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.

Уг хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж өөрчилсөн бөгөөд энэхүү өөрчлөлт нь Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргагч иргэний шаардлага болон Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулгад нийцэж байгаа бөгөөд нөгөө талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн хуулийн заалт өөрчлөгдсөнөөр шинэ нөхцөл байдал үүсгэж байгаа болохыг уламжилж байна.” гэжээ.

                                                                                                                                             ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч,” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөн баталсан байна.

Уг өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт хэт өргөн хүрээнд тавьсан шаардлагыг тодорхой болгосноороо уг зохицуулалтыг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн агуулгад нийцүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад өргөдөл гаргагч, иргэн Ч.Өлзийсайхан Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол  Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь  хэсэгт оруулсан өөрчлөлт нь түүний өргөдлийн шаардлагыг бүрэн хангасан байна гэж хэлснийг дурдах нь зүйтэй.

             Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон

                                                                                                  МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

  1. Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс  төрийн  албан  хаагчаас  бусад  төрийн  албан  хаагч,” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчилж Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн үндэслэлийн агуулгад нийцүүлсэн байгааг дурдсугай.

 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 84 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

 3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

                                        ДАРГАЛАГЧ                                                                        Ж.АМАРСАНАА      

                                               ГИШҮҮД                                                                        Н.ЖАНЦАН

                                        Т.ЛХАГВАА

                        Ш.ЦОГТОО 

                        Д.СУГАР

                                        Д.НАРАНЧИМЭГ

                                        Д.СОЛОНГО  

                                                                                                                                                                        Д.ГАНЗОРИГ