www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ”ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 38

“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хот болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг хавсралтад заасны дагуу төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсүгэй.

2. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн 929 айлын орон сууцны барилгыг барихад зарцуулсан зээлийн төлбөрт шаардагдах 52,058,944,500.00 (тавин хоёр тэрбум, тавин найман сая есөн зуун дөчин дөрвөн мянга таван зуун) төгрөгийг хянаж тодотгосны үндсэн дээр 2017, 2018, 2019 оны улсын төсвийн төсөлд үе шаттайгаар тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болор, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрийг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн 929 айлын орон сууцны түрээсийн төлбөрөөс бүрдүүлэхийг Сангийн сайд Б.Болор, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал А.Гантулга нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                  Ч.САЙХАНБИЛЭГ

Барилга, хот байгуулалтын сайд                                           З.БАЯНСЭЛЭНГЭ