www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ТУХАЙ ЗАРИМ ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2002 оны 3 дугаар                                                                                                                                                                                                                                                 Улаанбаатар

сарын 25-ны өдөр                                                                                                  Дугаар 100                                                                                                                                   хот

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ТУХАЙ ЗАРИМ ХУУЛИЙН

ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Татварын Ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль болон татварын харилцааг зохицуулсан бусад хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх нэгдсэн тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт “Шүүхийн тухай хуулийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 6 дахь заалтыг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн зарим зүйл, заалтыг дор дурьдснаар тайлбарласугай.

1.1.Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Татвар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн Татварын хуулиар зохицуулна” гэдгийг уг хуулийн 3 дугаар зүйлд тодорхойлсон татварын тогтолцоо гэсэн ойлголтод хамаарах албан татвар, хураамж, төлбөрийг бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэхтэй холбогдсон аливаа харилцааг зөвхөн Татварын хуульд зааж зохицуулна гэж ойлгож хэрэглэнэ.

1.2.Хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тогтоосон хугацаа” гэдэгт тухайн татварыг төлж дуусгасан байх талаар хуульд заасан буюу татварын албаны эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тусгайлан тогтоосон хугацаа хамаарна.

1.3.Хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…үл маргах журмаар гаргуулна” гэдэгт татвар төлөгчийн хуульд буюу татварын байгууллагын заасан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгуулийн төлбөрийг түүний банкин дахь мөнгөн хөрөнгөнөөс татварын байгууллагын шийдвэрээр татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр гаргуулан авахыг, хэрэв татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгө нь татвар, алданги, торгуулийг төлөхөд хүрэлцэхгүй байвал уг данснаас гаргах шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансанд орох орлогоос гаргуулан авахыг ойлгоно.

1.4.Хуулийн 10 дугаар зүйлийн 6 дугаар заалтын “бусдад олгосон хөдөлмөрийн хөлс” гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс бэлэн буюу бэлэн бусаар бусад иргэнд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогыг, мөн энэ зүйл, хэсэгт заасан “шилжүүлсэн орлого” гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс зохиогчийн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон бусад гэрээний дагуу бусдад олгохоор бэлэн бусаар шилжүүлсэн татвар ногдох цалин хөлс, төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлогыг тус тус ойлгоно.

1.5.Хуулийн 10 дугаар зүйлийн 8 дахь заалтын “ажлын 3 хоног” гэдгийг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагаас авсан өдөр, цагаас хойш ажлын 3 дахь өдрийн мөн цагт багтаан Татварын албанд мэдэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ гэж ойлгоно.

1.6.Хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10-ын “а” заалтын “…татварын хууль тогтоомж ноцтой зөрчсөн” гэдэгт татварын хууль тогтоомжийг зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн, хуурамч гэрээ хэлцэл, бичиг баримт үйлдэж, татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан, бууруулж мэдээлсэн, түүнчлэн татварын алба, байцаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлэн татварын хууль тогтоомжид заасан бусад үүргээ биелүүлээгүйгээс урьд нь татварын хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авагдсан этгээд дахин энэ төрлийн зөрчил гаргахыг ойлговол зохино.

1.7.Хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “…албан үүргээ гүйцэтгэж байхдаа” гэдэгт ажлын үндсэн байрандаа буюу бусад газарт ажлын буюу илүү цагаар албан томилолт, удирдлагын даалгавраар татварын хууль тогтоомжид заасан албаны үүргээ гүйцэтгэж байсан, түүнчлэн албан ажилдаа ирэх болон ажлаасаа харих хугацаа хамаарна.

2.Монгол улсын Хүн амын орлогын албан татварын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дараахь байдлаар тайлбарласугай.

2.1.Хуулийн 3 дугаар зүйлийн 4-т заасан “Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч” гэдгийг “Монгол Улсад оршин суудаггүй, өөрийн төлөөлөгч буюу хөрөнгөөрөө Монгол Улсаас ашиг олдог этгээд” гэж ойлгоно.

2.2.Хуулийн 5 дугаар зүйлийн 3-ын д/-д заасан “…адилтгах бусад орлого…” гэснийг иргэн өөрийн хөрөнгө, мөнгө, материаллаг зүйлсийг бусдад ашиглуулсны төлөө бусдаас авч байгаа мөнгө, материаллаг зүйл гэж ойлгон.

2.3.Хуулийн 7 дугаар зүйлийн 5-д заасан “…дундын суутгал…” гэдгийг хувь хүн үндсэн ажлын газраас бусад аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл тэтгэмж, нөхөн олговор гэх мэт адилтгах бусад орлого, худалдан авсан бараа, түүхий эдийн үнийн дүнгээс энэ хуулинд заасан хувь хэмжээгээр татвараа урьдчилан суутгуулж, төсөвт шилжүүлснийг ойлгоно.

Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд тухайн иргэний татвар ногдох орлого, суутгасан татварын хэмжээг орлого, татвар тодорхойлох хуудсанд тэмдэглэн мэдээлэх үүрэгтэй бөгөөд санхүүгийн жилийн эцэст иргэд жилийн орлогоо тодорхойлж татварын тооцоо хийнэ.

3.Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дараахь байдлаар тайлбарласугай.

3.1.Хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “…бусад аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд…” гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-6-д знэр заагдаагүй боловч аж ахуйн үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа гадаад улсын болон манай улсын хуулийн этгээд байхыг ойлгоно. Тухайлбал:

3.2.Хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан “…аж ахуйн үйл ажиллагаа…” гэдэгт Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалд заасан аль нэг салбар болон хэд хэдэн салбарт өөртөө орлого олох зорилгоор, хуулиар хориглосноос бусад үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэн явуулахыг хамааруулан ойлгоно. Үүнд: Аж ахуйг удирдах, зохион байгуулах, бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө үйлдвэрлэх, барьж байгуулах, худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэх, зуучлал, аялал жуулчлал, хонжворт сугалаа, таавар, тоглоом, түрээслэх, түрээслүүлэх зээлийн болон валютын арилжаа зохион байгуулах, явуулах, эрхлэх болон бусад үйл ажиллагаа байж болно.

3.3.Хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “…Үндсэн …үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний орлого…” гэдэгт татвар төлөгч хэд хэдэн чиглэл, үйл ажиллагаагаар орлого олж байгаа тохиолдолд анх улсын бүртгэлд Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны ангилалд аль салбарын ям ар үйлдвэрлэл, ажил, үйлчилгээг эрхлэхээр бүртгүүлсэн, түүнээсээ олсон орлогыг “үндсэн” гэж тооцно. Дүрмийн сангийн бүрдүүлэлт болон улсын бүртгэлд заасан салбарын ангилалаар ялгах боломжгүй тохиолдолд бүх орлого дотроос хувь хэмжээний байдлаараа зонхилж байгаа үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний орлогыг ойлгоно.

3.4.Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 15-д заасан “…гадаад валютын арилжаанаас олох орлого…” гэдэгт гадаад валют арилжаалах эрх бүхий худалдах, худалдан авах /аж ахуйн нэгж, байгууллагын валютын арилжаа бүрийн тухайн үеийн ханшны өөрчлөлт /зөрүү/-гээс олж байгаа орлогыг ойлгоно. Энэ нь зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагад хамраагдана.

3.5.Хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “…жигнэсэн дундаж үнэ…” гэдэгт хэрэглэх болон худалдахад бэлэн байгаа материал үнэ бүхий зүйлийн бүртгэлийн үнийн нийлбэрийг тэдгээрийн нийт тоо хэмжээнд хувааж, нэгжийн жигнэсэн дундаж үнийг тодорхойлон, уг үнээр тухайн тайлангийн хугацаанд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар зарцуулсан материал үнэ бүхий зүйлийн тоо хэмжээгээр үржүүлж гаргасан дүнг зардалд тооцохыг ойлгоно. Жигнэсэн дундаж үнийг бараа, материал, үнэ бүхий зүйлийн нэр төрөл тус бүрээр тодорхойлно.

3.6.Мөн хэсэгт заасан”…шулуун шугамын арга…” гэдэгт үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэлийн тооцохдоо, ашиглах хугацааны дотор үндсэн хөрөнгийн бүртгэлийн үнийг адил тэнцүү хэмжээгээр өртөгт хуваарилахыг ойлгоно. Энэ аргыг зөвхөн татварын тооцоо хийхэд ашиглана.

3.7.Хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан “…эрхийн шимтгэлийн орлого…” гэдэгт уран зохиол нийтлэх, урлаг, уран сайхан, кино, үзвэр болон шинжлэх ухааны техникийн нээлт, бүтээлийн патент, барааны тэмдэг, дизайн, загвар, зураг, төсөл, нууц томъёолол буюу процессийг ашиглах, үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухааны багаж хэрэгсэл болон туршлагатай холбогдсон мэдээлэл зэрэг оюуны бүтээл эзэмших, эрх эдлэхийг тодорхой эрх эзэмших гэх бөгөөд эрхийг эдлэгч эзэмшсэн эрхээ бусдад ашиглуулсны төлөө авч буй төлбөрийг хамааруулна.

3.8.Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 14-д заасан “…банкнаас авсан хүүгийн орлогод…” аж ахуйн нэгж, байгууллага, харилцах дансныхаа тогтвортой үлдэгдэлд болон сул чөлөөтэй мөнгөн хөрөнгө хадгалуулсны төлөө банкны байгууллагаас авч буй хүүгийн орлогыг ойлгох бөгөөд хувь хүний нэр дээрх хувийн хадгаламжийн хүү хамаарахгүй.

3.9.Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан “Анхдагч түүхий эд-мах, сүү, үр тариа, түүнчлэн гурилын үйлдвэрлэлээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлөх татвар төлөгчид гэрээ, дүрэмдээ заасны дагуу мах, сүү, үр тариа болон гурилын үйлдвэрлэл тогтмол эрхлэн, хүнсний анхдагч байдлаар нь зах зээлд борлуулж байгаа хүнс, хөдөө аж ахуйн нөхөрлөл, компани, хоршоо зэрэг хуулийн этгээдийн эрхтэй аж ахуйн нэгж, байгууллагыг хамааруулан ойлгохыг тайлбарласугай. Харин дээр дурдсан хүнсний анхдагч түүхий эдийг боловсруулж бэлэн болон хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж орлого олж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг энэ заалтад хамааруулж татварыг нь хөнгөлөхгүйг заасугай.

4.Монгол Улсын Үл хөдлөх хөрөнгийн татварын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн “…бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгө” гэдэгт Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх журмыг хуулиар тодорхойлох хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын болон төрийн бүх байгууллагын ашиглал, эзэмшил, өмчлөлд байгаа газар, газрын хэвлийн хэсэг, эдэлбэр ус, ой, олон наст ургамал зэрэг нь татвар ногдуулах хөрөнгөд үл хамаарна гэж тайлбарласугай.