www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг удирдах, зохион байгуулах, зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Үндэсний төлбөрийн системийн тухай хууль тогтоомж

2.1.Үндэсний төлбөрийн системийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд үндэсний төлбөрийн системийн тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь Монгол Улсын үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд үйлчилнэ.

3.2.Хязгаарлагдмал хүрээнд үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа энэ хуульд хамаарна.

4 дүгээр зүйл.Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд баримтлах зарчим

4.1.Монгол Улсын үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

4.1.1.үндэсний төлбөрийн системийн нэгдмэл байдлыг хангах;

4.1.2.үндэсний төлбөрийн системийн тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай байдлыг хангах;

4.1.3.төлбөр тооцоог үл саатуулах;

4.1.4.төлбөрийн эцэслэлт, төлбөрийн үл буцаагдах байдлыг хангах;

4.1.5.үндэсний төлбөрийн системийн эрсдэлийг зохистой удирдах;

4.1.6.хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах;

4.1.7.оролцогчдын тэгш, тэнцвэртэй оролцоог хангах;

4.1.8.үндэсний төлбөрийн системийн нууцлал, аюулгүй байдлыг хангах.

5 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1.“үндэсний төлбөрийн систем” гэж төгрөг, гадаад валютаар хийгдэх шилжүүлэг болон төлбөрийн даалгаврын боловсруулалт хийх, илгээх, дамжуулах, хүлээн авахтай холбогдох үйлчилгээ, төлбөрийн хэрэгсэл гаргах үйл ажиллагаа, төлбөрийн, клирингийн болон төлбөр тооцооны систем, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэсэгчлэн болон бүхэлд нь үйл ажиллагаа эрхэлж байгаа системийн оператор, оролцогч, тэдгээрийн нэрийн өмнөөс төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээд, тэдгээрийн цогц нэгдлийг;

5.1.2.“төлбөрийн систем” гэж оролцогч хооронд мөнгөн хөрөнгийн шилжүүлэг хийх, түүнтэй холбогдсон журам, дүрэм, техник технологи, программ хангамж, төлбөрийн хэрэгсэл бүхий цогц бүтцийг;

5.1.3.“төлбөр тооцооны систем” гэж оролцогч хоорондын мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны төлбөрийн, Монголбанкны зөвшөөрөл бүхий системийн, клирингийн системээс тодорхойлсон үр дүнгийн тооцооллын төлбөрийн үүргийг гүйцэтгэх зорилгоор Монголбанкнаас үүсгэн байгуулж, ажиллуулж байгаа дэд бүтцийг;

5.1.4.“клирингийн систем” гэж нэг оролцогчоос нөгөө оролцогчид мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас шилжүүлэхтэй холбогдох мэдээллийг клирингийн төвөөр дамжуулан солилцох, оролцогчдын төлбөр тооцооны үр дүнг тооцоолох үйл ажиллагаа, техник технологи, программ хангамжийн шийдэл бүхий дэд бүтцийг;

5.1.5.“систем” гэж төлбөрийн, клирингийн болон төлбөр тооцооны системийг;

5.1.6.“оператор” гэж Монголбанк, систем ажиллуулах Монголбанкны зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

5.1.7.“оролцогч” гэж клирингийн, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх, системд шууд болон шууд бусаар төлбөр илгээх, хүлээн авах эрхтэй этгээдийг;

5.1.8.“шууд оролцогч” гэж харилцагчийн болон өөрийн, гэрээний үндсэн дээр шууд бус оролцогчийн төлбөр тооцоог хариуцан гүйцэтгэж байгаа оролцогчийг;

5.1.9.“шууд бус оролцогч” гэж төлбөр тооцоог гэрээний үндсэн дээр шууд оролцогчоор дамжуулан гүйцэтгэж байгаа оролцогчийг;

5.1.10.“хэрэглэгч” гэж төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авч байгаа аливаа этгээдийг;

5.1.11.“арилжааны төлбөр тооцоог төвлөрүүлэн гүйцэтгэх эрх бүхий этгээд” гэж үнэт цаас болон санхүүгийн хэрэгслийн худалдагч бүрийн хувьд худалдан авагч, худалдан авагч бүрийн хувьд худалдагчийн үүргийг хүлээж, төлбөр тооцоог төвлөрүүлэн гүйцэтгэх төлбөр тооцооны системийн оролцогч хуулийн этгээд бөгөөд үүнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэгч этгээд хамаарна;

5.1.12.“клирингийн төв” гэж Монголбанк, клирингийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл бүхий, оролцогчийн дансыг өөр дээрээ байршуулдаггүй хуулийн этгээдийг;

5.1.13.“төлбөр тооцооны төлөөлөгч” гэж оролцогч хоорондын төлбөр тооцоог хийх зорилгоор тэдгээрийн төлбөр тооцооны дансыг өөр дээрээ байршуулсан Монголбанкны зөвшөөрөл бүхий шууд оролцогчийг;

5.1.14.“төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч” гэж төлбөрийн үйлчилгээ үзүүлэх Монголбанкны зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

5.1.15.“гэрээт төлөөлөгч” гэж төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг;

5.1.16.“төлбөрийн үйлчилгээ” гэж бэлэн мөнгөний орлого, зарлага, шилжүүлэг хийх, төлбөр шилжүүлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах, хүлээн авах, мөнгөн гуйвуулга хийх, цахим мөнгө гаргах, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх болон Монголбанкнаас тодорхойлсон мөнгөн хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон бусад үйлчилгээг;

5.1.17.“төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа” гэж төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид техник технологи, мэргэжлийн боловсон хүчний болон Монголбанкнаас тодорхойлох бусад дэмжлэг үзүүлэх, Монголбанкны зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг;

5.1.18.“шилжүүлэг” гэж аливаа этгээдээс төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан мөнгөн хөрөнгө шилжүүлэх үйл ажиллагааг;

5.1.19.“кредит шилжүүлэг” гэж төлбөр шилжүүлэгчийн даалгаврын дагуу төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан төлбөр хүлээн авагчийн дансанд мөнгөн хөрөнгө шилжүүлэх үйл ажиллагааг;

5.1.20.“дебит шилжүүлэг” гэж төлбөр хариуцагчаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид олгосон зөвшөөрөлд үндэслэн төлбөр хүлээн авагчийн нэхэмжлэлийн дагуу эхлүүлж байгаа мөнгөн хөрөнгө шилжүүлэх үйл ажиллагааг;

5.1.21.“мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг” гэж харилцагчаас цахим төхөөрөмжийн тусламжтайгаар төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид хандаж эхлүүлсэн мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг;

5.1.22.“мөнгөн гуйвуулга” гэж төлбөр шилжүүлэгч, төлбөр хүлээн авагчийн нэр дээр данс үүсгэлгүйгээр төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан мөнгөн хөрөнгө шилжүүлэх Монголбанкны зөвшөөрөлтэй эрхлэх үйлчилгээг;

5.1.23.“төлбөрийн хэрэгсэл” гэж бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх зориулалттай төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг Монголбанкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг;

5.1.24.“төлбөрийн карт" гэж олон улсад зөвшөөрөгдсөн картын байгууллагын стандарт болон Монголбанкны шаардлагыг нэгэн зэрэг, эсхүл аль нэгийг нь хангасан карт эзэмшигчид төлбөр хийх боломж олгодог төлбөрийн хэрэгслийг;

5.1.25.“цахим мөнгө” гэж Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг;

5.1.26.“төлбөр тооцоо” гэж хоёр ба түүнээс дээш талын хооронд хийгдсэн мөнгөн хөрөнгө, үнэт цаасны төлбөрийг дансанд тусгах ажиллагааг;

5.1.27.“төлбөр тооцооны данс” гэж оролцогч хооронд төлбөр тооцоо хийхэд ашиглах Монголбанк, арилжааны төлбөр тооцоог төвлөрүүлэн гүйцэтгэх эрх бүхий этгээд, эсхүл төлбөр тооцооны төлөөлөгч дээр байршиж байгаа оролцогчийн дансыг;

5.1.28.“клиринг” гэж төлбөр тооцоо хийхээс өмнө мөнгөн хөрөнгийн, эсхүл үнэт цаасны шилжүүлгийн даалгаврыг дамжуулах, тохируулах, баталгаажуулах үйл явц бөгөөд үүнд шилжүүлгийн үр дүнгийн тооцоолол, төлбөр тооцооны эцсийн дүнг тодорхойлох ажиллагаа багтана;

5.1.29.“үр дүнгийн тооцоолол” гэж хоёр ба түүнээс дээш оролцогчийн харилцан хүлээсэн төлбөрийн үүргийн цэвэр дүн болох үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг тодорхойлох үйл ажиллагааг;

5.1.30.“үр дүнгийн тооцооллын хаалтын дүн” гэж төлбөр тооцооны дүрмийн дагуу оролцогч хоорондын өглөг, авлагын дүнг цэвэршүүлж, нэг цэвэр авлага, эсхүл өглөг болгох үйл ажиллагааны үр дүнд бий болсон төлбөр тооцооны дүнг;

5.1.31.“үр дүнгийн төлбөр тооцоо” гэж тухайн өдөр оролцогч хооронд хийгдсэн шилжүүлгийн үр дүнгийн тооцооллыг нэг ба түүнээс дээш удаа тогтоосон хугацаанд холбогдох дансанд тусгах ажиллагааг;

5.1.32.“үүрэг дуусгавар болох үеийн үр дүнгийн тооцоолол” гэж үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон оролцогчийн төлбөр тооцоог хийж дуусгах зорилгоор операторын гүйцэтгэх үр дүнгийн тооцооллын онцгой хэлбэрийн үйл ажиллагааг;

5.1.33.”үүрэг шилжих үеийн үр дүнгийн тооцоолол” гэж талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болж, харилцан тооцох, шинэ үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэх замаар гүйцэтгэх үр дүнгийн тооцооллын үйл ажиллагааг;

5.1.34.“олон талын үр дүнгийн тооцоолол” гэж гурав ба түүнээс дээш талын хооронд үүсэх үүргийн үр дүнг тооцоолох үйл ажиллагааг;

5.1.35.“төлбөрийн эцэслэлт” гэж аливаа нөхцөлд үл буцаагдах төлбөр тооцоог;

5.1.36.“төлбөр тооцооны дүрэм” гэж төлбөрийн үүргийг тооцох, үр дүнгийн тооцоолол хийх, төлбөр тооцоог гүйцэтгэх суурь зарчмыг тодорхойлсон Монголбанкнаас баталсан дүрмийг.



ХОЁРДУГААР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМ ДЭХ МОНГОЛБАНКНЫ БҮРЭН ЭРХ, ОРОЛЦОО

6 дугаар зүйл.Монголбанкны бүрэн эрх

6.1.Монголбанк үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зохицуулж, хяналт тавина.

6.2.Монголбанк энэ хуулийн 6.1-д заасны дагуу үндэсний төлбөрийн системийг бүхэлд нь болон түүний бүрэлдэхүүн хэсгийг зохицуулж, хяналт тавихдаа нийтийн болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, төлбөрийн үйлчилгээний зах зээл дэх өрсөлдөөнийг дэмжинэ.

6.3.Монголбанк үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зохицуулахтай холбогдсон дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.3.1.үндэсний төлбөрийн системийн бодлогыг тодорхойлох;

6.3.2.энэ хуулийн 10.1-д заасан зөвшөөрөл олгох;

6.3.3.үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг зохицуулах, шинээр төлбөрийн хэрэгсэл гаргах, төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлэхтэй холбогдсон дүрэм, журам батлах, шийдвэр гаргах;

6.3.4.зөвшөөрөл авсан этгээд, түүний төлбөрийн системд хамаарах үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага, тэдгээрт холбогдох дүрэм, журам, заавар батлах, шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих;

6.3.5.төлбөрийн, клирингийн болон төлбөр тооцооны систем, төлбөрийн хэрэгсэл гаргахтай холбогдох бусад үйл ажиллагааг гүйцэтгэх.

7 дугаар зүйл.Монголбанкны оролцоо

7.1.Монголбанк төлбөрийн системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор систем, системийн оператор болон оролцогчийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж болно.

7.2.Монголбанк энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг бүрдүүлэх тохиолдолд дараахь хэлбэрээр оролцоно:

7.2.1.системийг үүсгэн байгуулах, эзэмших, хамтран эзэмших, ажиллуулах, эсхүл системд оролцох;

7.2.2.Монголбанкны нээлттэй зах зээлийн үйл ажиллагаатай холбоотойгоор арилжааны төлбөр тооцоог төвлөрүүлэн гүйцэтгэх эрх бүхий этгээдийн үүрэг гүйцэтгэх;

7.2.3.оператор, оролцогчоос системд илгээсэн дебит, кредит шилжүүлгийн клирингийн болон төлбөр тооцооны дансыг өөр дээрээ байршуулах;

7.2.4.системийн үйл ажиллагаанд ашиглах үнэт цаасыг барьцаалах;

7.2.5.Монголбанкны үнэт цаасны хувьд дараахь үйл ажиллагааг гүйцэтгэнэ:

7.2.5.а.биет хэлбэртэй үнэт цаас эзэмшигчийн нэрийн шилжүүлгийг цахимжуулах, үнэт цаасыг биет бус хэлбэрт шилжүүлэх, биет бус хэлбэрээр гаргах боломжийг бүрдүүлэх;

7.2.5.б.үнэт цаасны гүйлгээний бүртгэл хөтлөх;

7.2.5.в.үнэт цаасны кастодианы үйлчилгээ үзүүлэх;

7.2.5.г.үнэт цаасыг цахим, эсхүл биет хэлбэрээр өөр дээрээ байршуулах.

7.3.Монголбанк барьцаа хөрөнгөд үндэслэн оролцогчид өдрийн зээл олгож болно.

8 дугаар зүйл.Хамтын ажиллагаа

8.1.Монголбанк энэ хуулийн хүрээнд дараахь байгууллагатай хамтран ажиллаж болно:

8.1.1.төлбөрийн үйлчилгээ, түүний үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцогч этгээд;

8.1.2.төлбөрийн системийн бодлого тодорхойлох, хяналт тавих үүрэг бүхий гадаад улсын төв банк болон олон улсын бусад байгууллага.

8.2.Монголбанк энэ хуулийн 8.1-д заасан этгээдтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж болно.

9 дүгээр зүйл.Үндэсний төлбөрийн системийн зөвлөл

9.1.Монголбанк үндэсний төлбөрийн системийн зөвлөлийг байгуулна.

9.2.Үндэсний төлбөрийн системийн зөвлөл нь системийн үйл ажиллагааны болон техникийн стандартыг тогтоох, төлбөрийн болон үнэт цаасны клиринг, төлбөр тооцоо, төлбөрийн үйлчилгээнд нөлөөлж болзошгүй бусад асуудлыг зохицуулах, хянах талаар зөвлөмж гаргана.

9.3.Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, дүрмийг Монголбанк батална.

9.4.Энэ хуулийн 9.3-т заасан зөвлөлийн бүрэлдэхүүнд оролцогчийн төлөөллийг оруулж болох бөгөөд Монголбанк, санхүүгийн байгууллагыг хянан зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулсан байна.



ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗӨВШӨӨРӨЛ

10 дугаар зүйл.Монголбанкнаас олгох зөвшөөрөл

10.1.Монголбанк дараахь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгоно:

10.1.1.төлбөрийн үйлчилгээ;

10.1.2.төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа;

10.1.3.систем ажиллуулах;

10.1.4.төлбөрийн хэрэгсэл гаргах;

10.1.5.төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх;

10.1.6.гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх;

10.1.7.аутсорсингийн үйлчилгээ авах;

10.1.8.мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх;

10.1.9.мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх;

10.1.10.цахим мөнгө гаргах;

10.1.11.Монголбанкнаас тодорхойлсон бусад.

10.2.Энэ хуулийн 10.1.1-д заасан зөвшөөрөл бүхий этгээдэд 10.1.4-10.1.11-д заасан үйл ажиллагааны зөвшөөрлийг, энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан зөвшөөрөл бүхий этгээдэд 10.1.7-д заасан зөвшөөрлийг олгоно.

10.3.Оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд аудит хийх, Монголбанкны тавьсан нөхцөл, шаардлагыг хангасан аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн бүртгэлийг Монголбанк хөтөлнө.

11 дүгээр зүйл.Зөвшөөрөл авах хүсэлт гаргах

11.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргагч дараахь баримт бичгийг Монголбанканд ирүүлнэ:

11.1.1.улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл;

11.1.2.үзүүлэх төлбөрийн үйлчилгээний талаархи танилцуулга, холбогдох баримт бичиг;

11.1.3.төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэхэд ашиглах хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичиг;

11.1.4.төлбөрийн үйлчилгээг зохистой, найдвартай, тогтвортой үзүүлэхэд шаардлагатай систем, нөөцтэй, тэдгээрийг ашиглах чадвартайг нотолсон баримт бичиг, төлбөрийн үйлчилгээ үзүүлэх эхний таван жилийн бизнес төлөвлөгөө, дүрэм, журам;

11.1.5.хэрэглэгчийн мөнгөн хөрөнгийг хамгаалахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай баримт бичиг;

11.1.6.зохистой засаглал, эрсдэлийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн аргачлал бүхий удирдлага зохион байгуулалт, дотоод хяналт зэргийг зохицуулсан баримт бичиг;

11.1.7.мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын тогтолцоо бүрдүүлснийг нотлох баримт бичиг;

11.1.8.байгууллагын бүтэц, зохион байгуулалт, шаардлагатай тохиолдолд гэрээт төлөөлөгч, аутсорсингийн үйлчилгээ авах тухай шийдвэр, үндэсний, эсхүл олон улсын төлбөрийн системд оролцохтой холбогдох баримт бичиг;

11.1.9.хүсэлт гаргагчтай холбогдох этгээдийн мэдээлэл;

11.1.10.удирдлагын болон төлбөрийн үйлчилгээг хариуцах нэгжийн удирдах ажилтны мэдээлэл;

11.1.11.үйлчилгээний хөлс төлсөн баримт;

11.1.12.Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.

11.2.Төлбөрийн хэрэгсэл гаргах зөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь Монголбанкнаас баталсан журамд заасан баримт бичгийг бүрдүүлж, Монголбанканд ирүүлнэ.

11.3.Систем ажиллуулах зөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь дараахь баримт бичгийг Монголбанканд ирүүлнэ:

11.3.1.улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл;

11.3.2.ажиллуулах системийн танилцуулга, дүрэм;

11.3.3.систем ажилуулахад ашиглах хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичиг;

11.3.4.систем ажиллуулах эхний таван жилийн бизнес төлөвлөгөө;

11.3.5.зохистой засаглал, эрсдэлийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн аргачлал бүхий удирдлага зохион байгуулалт, дотоод хяналт зэргийг зохицуулсан баримт бичиг;

11.3.6.байгууллагын бүтэц, зохион байгуулалт, шаардлагатай тохиолдолд аутсорсингийн үйлчилгээ авах тухай шийдвэр, үндэсний болон олон улсын төлбөрийн системд оролцохтой холбогдсон баримт бичиг;

11.3.7.мэдээллийн технологийн систем болон техникийн тодорхойлолт, түүнд холбогдох дараахь баримт бичиг:

11.3.7.а.системийн бүтэц, ажиллагаа;

11.3.7.б.үндсэн системийн үйл ажиллагаа доголдсон нөхцөлд авч хэрэгжүүлэх онцгой байдлын болон тасралтгүй, найдвартай ажиллагааны төлөвлөгөө;

11.3.7.в.системд гүйлгээний мэдээллийг боловсруулах болон хадгалах явцад мэдээллийг задруулах, буруугаар ашиглах, устгах, өөрчлөх, хулгайлах, мэдээлэл алдагдах зэрэг аливаа хохирлоос хамгаалах арга хэмжээ.

11.3.8.оролцогч төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй, эсхүл төлбөрийн чадваргүй болсны улмаас системд учруулах эрсдэлийг хязгаарлах, удирдах арга хэмжээ, эрсдэлийн дүн шинжилгээ;

11.3.9.хүсэлт гаргагчтай холбогдох этгээдийн мэдээлэл;

11.3.10.удирдлагын болон системийг хариуцах нэгжийн удирдах ажилтны мэдээлэл;

11.3.11.үйлчилгээний хөлс төлсөн баримт;

11.3.12.Монголбанкнаас шаардсан бусад мэдээлэл.

11.4.Энэ хуулийн 11.1, 11.2, 11.3-т заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Монголбанк нэмэлт баримт бичиг шаардах эрхтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний үйл ажиллагаа, эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно.

12 дугаар зүйл.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагчид тавих шаардлага

12.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагч дараахь шаардлагыг хангасан байна:

12.1.1.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан;

12.1.2.Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгө, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангасан;

12.1.3.дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын зохистой тогтолцоо бүхий төлбөрийн үйлчилгээ үзүүлэх шаардлагыг хангахуйц техникийн болон зохион байгуулалтын чадвартай;

12.1.4.хэрэглэгчээс, эсхүл бусад төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээс төлбөр гүйцэтгэхийн тулд хүлээж авсан мөнгөн хөрөнгийг өөр зорилгоор ашиглах, гуравдагч этгээдийн мөнгөн хөрөнгөтэй нийлүүлэх зэргээс хамгаалсан, төлбөрийн чадваргүй болсон үед үйлчилгээ үзүүлэгчийн бусад үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлээс тусгаарлах боломж бүхий тогтолцоотой;

12.1.5.таван жилийн стратеги болон бизнес төлөвлөгөөтэй;

12.1.6.төлбөрийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, туршлага, мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвар бүхий хүний нөөцтэй;

12.1.7.тухайн системд зөвшөөрөгдсөн гүйлгээний төлбөр тооцоог гүйцэтгэхэд шаардлагатай төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг баталгаажуулах, зээлийн эрсдэлээс хамгаалсан;

12.1.8.Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөлийг хангах.

12.2.Монголбанк энэ хуулийн 12.1.2-т заасан өөрийн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг доор дурдсан хүчин зүйлсийг харгалзан үзэж тогтоох ба зөвшөөрөл авч байгаа этгээдийн зөвшөөрлийн нөхцөлд тодорхой тусгана:

12.2.1.үзүүлэх төлбөрийн үйлчилгээний төрөл;

12.2.2.төлбөрийн дундаж дүн;

12.2.3.холбогдох бусад хүчин зүйлс.

12.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд тавих нэмэлт шаардлагыг Монголбанкнаас баталсан журмаар тогтооно.

13 дугаар зүйл.Төлбөрийн хэрэгсэл гаргах хүсэлт гаргагчид тавих шаардлага

13.1.Төлбөрийн хэрэгсэл гаргах хүсэлт гаргагчид тавих шаардлагыг Монголбанк батална.

14 дүгээр зүйл.Систем ажиллуулах хүсэлт гаргагчид тавих шаардлага

14.1.Систем ажиллуулах хүсэлт гаргагч дараахь шаардлагыг хангасан байна:

14.1.1.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан;

14.1.2.Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгө, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангасан;

14.1.3.дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын зохистой арга хэрэгсэл бүхий систем ажиллуулахад шаардлага хангахуйц техникийн болон зохион байгуулалтын ур чадвартай;

14.1.4.үндэсний төлбөрийн системийн нэгдмэл байдал, системийн тасралтгүй, найдвартай, үр ашигтай ажиллагааг хангах;

14.1.5.төлбөр тооцоог үл саатуулах, төлбөр тооцоог эцэслэх, төлбөрийн үл буцаагдах байдлыг хангах чадвартай;

14.1.6.систем ажиллуулахад шаардлагатай мэдлэг, туршлага, мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвар бүхий хүний нөөцтэй;

14.1.7.өөрийн системийн оролцогчид эрх тэгш оролцох боломжийг хангасан;

14.1.8.зээлийн, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын, төлбөр тооцооны эрсдэлийг хянах эрсдэлийн удирдлагын тогтолцоотой;

14.1.9.үндсэн системийн үйл ажиллагаа доголдсон нөхцөлд авч хэрэгжүүлэх онцгой байдлын болон тасралтгүй, найдвартай ажиллагааны төлөвлөгөөтэй;

14.1.10.Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөлийг хангах.

14.2.Монголбанк энэ хуулийн 14.1.2-т заасан өөрийн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг доор дурдсан хүчин зүйлсийг харгалзан үзэж тогтоох ба зөвшөөрөл авч байгаа этгээдийн зөвшөөрлийн нөхцөлд тодорхой тусгана:

14.2.1.ажиллуулах системийн төрөл;

14.2.2.тус системээр боловсруулах төлбөрийн тоо ба дүнгийн урьдчилсан тооцоо;

14.2.3.холбогдох бусад хүчин зүйлс.

15 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох

15.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах болон систем ажиллуулах зөвшөөрөл авах хүсэлт гаргагч энэ хуулийн 12, 13, 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд Монголбанк зөвшөөрөл олгоно.

15.2.Зөвшөөрөл авах хүсэлт гаргагч энэ хуульд заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж ирүүлснээс хойш зөвшөөрөл олгох эсэх асуудлыг 60 хоногийн дотор шийдвэрлэж, шийдвэр гарснаас хойш хүсэлт гаргагчид гурав хоногийн дотор мэдэгдэнэ.

15.3.Энэ хуулийн 15.1-д заасан зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх нийт хугацаа зөвшөөрөл авах хүсэлтийг анх хүлээн авсан өдрөөс хойш 180 хоногоос хэтрэхгүй байна.

15.4.Энэ хуулийн 15.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох нь санхүүгийн тогтвортой байдал, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгод нийцсэн байна.

16 дугаар зүйл.Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг хориглох

16.1.Аливаа этгээд Монголбанкны зөвшөөрөлгүйгээр төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах, энэ хуулийн 5.1.5-д заасан систем ажиллуулахыг хориглоно.

17 дугаар зүйл.Зөвшөөрлийг бусдад шилжүүлэх

17.1.Монголбанк зөвшөөрснөөс бусад тохиолдолд энэ хуулийн дагуу олгогдсон зөвшөөрөл, эсхүл аливаа эрхийг бүхэлд нь буюу хэсэгчлэн бусдад шилжүүлэхийг хориглоно. Энэ хуулийг зөрчиж, бусдад шилжүүлсэн зөвшөөрлийг хүчингүйд тооцно.

17.2.Энэ хуулийн дагуу олгосон зөвшөөрлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлж авах тухай хүсэлт гаргагчид энэ хуулийн 12, 13, 14 дүгээр зүйл нэгэн адил хамаарна.

18 дугаар зүйл.Зөвшөөрлийн нөхцөл, зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага

18.1.Монголбанк энэ хуулийн 10.1-д заасан зөвшөөрлийн нөхцөлийг тогтооно.

18.2.Зөвшөөрөл эзэмшигчийн удирдах албан тушаалтан, ажилтан, зөвшөөрөл эзэмшигчийн гэрээт төлөөлөгч, аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд тухайн албан тушаал, үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай мэдлэг, туршлага, мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвартай байх нөхцөлийг хангаж ажиллана.

18.3.Зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 12, 13, 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг тогтмол хангаж ажиллана.

18.4.Зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр гүйцэтгэх баталгааг хангах зорилго бүхий сан байгуулж, ажиллуулна.

18.5.Энэ хуулийн 18.4-т заасан санг байгуулах, удирдахтай холбогдсон харилцааг Монголбанкны баталсан журмаар зохицуулна.

19 дүгээр зүйл.Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

19.1.Монголбанк зөвшөөрлийг тухайн зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны онцлог, зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь үндэслэлээр түдгэлзүүлнэ:

19.1.1.зөвшөөрлийн нөхцөлд заасан өөрийн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг 80 хүртэл хувиар хангаагүй;

19.1.2.энэ хуульд заасан бусад шаардлагыг хангаж ажиллаагүй.

19.2.Монголбанк зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгож, нийтэд зарлана:

19.2.1.зөвшөөрөл эзэмшигчийг дампуурсан буюу төлбөрийн чадваргүй болсныг зарласан, эсхүл татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;

19.2.2.зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь зөвшөөрөл авснаас хойш илэрсэн;

19.2.3.Монголбанкнаас зөвшөөрөл авснаас хойш зургаан сараас дээш хугацаанд зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг эрхэлж эхлээгүй;

19.2.4.зөвшөөрлийн нөхцөлд заасан өөрийн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг 80-аас дээш хувиар хангаагүй;

19.2.5.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн.

19.3.Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох тухай Монголбанкны шийдвэрийн талаар зөвшөөрөл эзэмшигч 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдол гаргасан нь Монголбанкны шийдвэрийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.



ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АУТСОРСИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ, ГЭРЭЭТ ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ДАМЖУУЛАН ТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ

20 дугаар зүйл.Аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх этгээд болон гэрээт төлөөлөгчид тавих шаардлага, хариуцлага

20.1.Оператор нь үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх /цаашид “аутсорсингийн үйлчилгээ авах” гэх/ тохиолдолд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулна.

20.2.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь төлбөрийн үйлчилгээний тодорхой хэсэгт аутсорсингийн үйлчилгээ авах бол энэ хуулийн 12 дугаар зүйлд, гэрээт төлөөлөгчөөр дамжуулан үзүүлэх бол Монголбанкнаас баталсан журамд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулна.

20.3.Оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд болон гэрээт төлөөлөгчийн төлбөрийн системд холбогдох үйл ажиллагааны хариуцлагыг хүлээнэ.

21 дүгээр зүйл.Аутсорсингийн үйлчилгээ авах

21.1.Оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь Монголбанкны зөвшөөрлөөр аутсорсингийн үйлчилгээ авна. Аутсорсингийн үйлчилгээ авах зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа Монголбанкнаас шаардсан тухайн үйлчилгээнд хамаарах мэдээллийг гаргаж өгнө.

21.2.Монголбанк энэ хуулийн 21.1-д заасан хүсэлт, мэдээллийг хянаж, дараахь үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аутсорсингийн үйлчилгээ авах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ:

21.2.1.оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн дотоод хяналт;

21.2.2.оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд энэ хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхэд тавих Монголбанкны хяналт;

21.2.3.хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдал.

21.3.Оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь онцгой ач холбогдол бүхий үйл ажиллагааны аутсорсингийн үйлчилгээ авах тохиолдолд Монголбанк дараахь шаардлагыг тавина:

21.3.1.аутсорсингийн үйлчилгээ авснаар удирдлагын үүрэг, хариуцлага шилжихгүй байх;

21.3.2.хэрэглэгчийн өмнө хүлээсэн төлбөрийн хэрэгсэл гаргагчийн үүрэг, хариуцлага, тэдгээрийн хоорондын харилцаанд нөлөөлөхгүй байх;

21.3.3.оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд энэ хуульд заасан шаардлагыг тогтмол хангаж ажиллах;

21.3.4.төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах болон систем ажилуулах зөвшөөрөл олгосон үндэслэл, нөхцөлийг өөрчлөхгүй байх.

21.4.Доголдол, саатал нь оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн нөхцөл, санхүүгийн үзүүлэлт, үйлчилгээний тасралтгүй, найдвартай байдалд тавигдах шалгуур үзүүлэлтэд үлэмж хэмжээгээр нөлөөлөхөөр бол тухайн үйл ажиллагааг онцгой ач холбогдол бүхий гэж тооцно.

22 дугаар зүйл.Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх

22.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь гэрээт төлөөлөгчөөр дамжуулан хэрэглэгчид төлбөрийн үйлчилгээ үзүүлэх бол шаардагдах баримт бичгийг үйлчилгээний хөлс төлсөн баримтын хамт Монголбанканд ирүүлнэ.

22.2.Монголбанк энэ хуулийн 22.1-д заасан баримт бичгийг хянаж, гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

22.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь гэрээт төлөөлөгчийг Монголбанканд бүртгүүлнэ. Монголбанк гэрээт төлөөлөгчийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.

22.4.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь Монголбанкны зөвшөөрөлгүйгээр гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

22.5.Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан үзүүлсэн төлбөрийн үйлчилгээний хариуцлагыг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хүлээнэ.

22.6.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь тухайн гэрээт төлөөлөгч түүний өмнөөс үйлчилгээ үзүүлж байгааг хэрэглэгчид мэдээлэх үүрэгтэй.



ТАВДУГААР БҮЛЭГ
СИСТЕМИЙН ДҮРЭМ

23 дугаар зүйл.Системийн дүрмийг тогтоох

23.1.Оператор нь системийн зохистой засаглал, удирдлага, үйл ажиллагааны дүрэмтэй байна. Дүрэмд дараахь зүйлийг тусгана:

23.1.1.төлбөр түргэн гүйцэтгэх чадварын, зээлийн болон төлбөр тооцооны эрсдэлийн удирдлага;

23.1.2.төлбөрийн даалгавар, төлбөр тооцоог эцсийн гэж тооцох нөхцөл, хугацаа;

23.1.3.оролцогч, операторын эрх, үүрэг, системийн үйл ажиллагааны эрсдэл, компанийн зохистой засаглал, системд оролцох болон учирч болзошгүй нөхцөл байдлын үед авах арга хэмжээний зохицуулалт.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан дүрэм нь энэ хуульд заасан шаардлага, системийн зохистой засаглал, удирдлага, үйл ажиллагаатай холбогдуулан Монголбанкнаас баталсан зөвлөмж, аргачлал, журам, дүрэмтэй нийцсэн байна.

23.3.Оператор энэ хуулийн 23.1-д заасан дүрмийг Монголбанкаар хянуулж, бүртгэлийн дугаар авснаар уг дүрэм хүчин төгөлдөр болно.

24 дүгээр зүйл.Систем, системийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах

24.1.Монголбанк дараахь асуудлаар системийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгуулах арга хэмжээ авна:

24.1.1.нийтийн ашиг сонирхлыг хамгаалах;

24.1.2.оролцогчийн ашиг сонирхлыг хамгаалах;

24.1.3.системд оролцох этгээдийн эрхийг хамгаалах;

24.1.4.Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.

24.2.Оператор доор дурдсанаас бусад тохиолдолд систем, системийн дүрэмд системийн бүтэц, үйл ажиллагаа, эсхүл удирдлагад нөлөөлж болохуйц нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно:

24.2.1.Монголбанкнаас бичгээр зөвшөөрөл авсан;

24.2.2.Монголбанкнаас бичгээр зөвшөөрөл авсны дараа нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос 30 хоногийн өмнө оролцогчид мэдэгдсэн.

24.3.Монголбанк мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор системд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг операторт өгч болох бөгөөд энэ нь энэ хуулийн 24.2.2-т хамаарахгүй.

25 дугаар зүйл.Системд оролцох

25.1.Системийн дүрэм нь оролцогчдын эрх тэгш, үл ялгаварласан, тэнцвэртэй байдлыг хангасан байна.

25.2.Оператор нь дараахь эрсдэлээс хамгаалахдаа оролцогчийн систем дэх оролцоог зайлшгүй шаардлагатай хэмжээнээс хэтрүүлэн хязгаарлаж үл болно:

25.2.1.зээлийн, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын болон системийн;

25.2.2.төлбөр тооцооны;

25.2.3.мэдээллийн систем, эсхүл дотоод хяналтын доголдлын улмаас үүссэн, урьдчилан мэдэх боломжгүй байсан алдагдал хүлээх.



ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ

26 дугаар зүйл.Үйлчилгээний нөхцөл, түүний ил тод байдал

26.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа үйлчилгээний нөхцөл, талуудын хүлээх үүргийг хэрэглэгчид ойлгомжтой байдлаар танилцуулна.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан үйлчилгээний нөхцөлд дараахь мэдээллийг тусгана:

26.2.1.төлбөрийн хэрэгсэл, түүний нууц код, дансны хандалтын нууц код зэргийг алдсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, зөвшөөрөлгүй этгээд ашигласан, гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй гэж үзсэн, эсхүл хэрэглэгчийн зөвшөөрөлгүй төлбөрийн үйлчилгээ хийгдсэн тохиолдолд нэн даруй мэдэгдэх талаархи хэрэглэгчийн хүлээх үүрэг, хариуцлага;

26.2.2.хэрэглэгчийн зөвшөөрөлгүй төлбөрийн үйлчилгээ хийгдсэн, эсхүл хийгдсэн байж болзошгүй тухай мэдэгдлийг хэрэглэгчээс хүлээж авах, баталгаажуулах арга хэмжээ;

26.2.3.хэрэглэгчийн хийсэн төлбөрийг гүйцэтгэх хугацаа;

26.2.4.хэрэглэгчийн хийж болох төлбөрийн үйлчилгээний төрөл, давтамж болон үнийн дүнгийн хязгаарлалт;

26.2.5.төлбөрийн үйлчилгээний хөлс;

26.2.6.урьдчилж зөвшөөрөл олгосон төлбөрийн үйлчилгээний хүрээнд төлбөрийг зогсоох хэрэглэгчийн эрх, түүнд холбогдох зохицуулалт;

26.2.7.төлбөрийн үйлчилгээтэй холбогдох мэдээллийг авах хэрэглэгчийн эрх;

26.2.8.алдаа гарсан үед залруулга хийх зохицуулалт, түүнд холбогдох хэрэглэгчийн эрх;

26.2.9.хэрэглэгчийн өмнө хүлээх төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлага;

26.2.10.хэрэглэгч нууц гэж үзсэн аливаа мэдээллийг эрх бүхий гуравдагч этгээдэд гаргаж өгөх нөхцөл;

26.2.11.төлбөрийн хэрэгсэл гаргагчаас бусад этгээдийн ажиллуулж байгаа цахим төхөөрөмжөөр шилжүүлэг хийсэн тохиолдолд шимтгэл төлж болох тухай мэдээлэл.

26.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, оператор нь хэрэглэгчээс үйлчилгээний шимтгэл, хөлс авдаг бол энэ хуулийн 26.4-т заасны дагуу нийтэд мэдээлнэ.

26.4.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн энэ хуулийн 26.3-т заасан шимтгэл, хөлстэй холбогдох мэдээллийг хэрэглэгчийн үйлчилгээ авч байгаа газарт ил тод, харагдахуйц байршуулна.

26.5.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн энэ хуулийн 26.3-т заасан мэдээлэл нь Монголбанкнаас тавих шаардлагыг хангасан байна.

26.6.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, оператор нь энэ хуулийн 26.3-т заасан шаардлагыг биелүүлээгүй бол харилцагчаас шимтгэл, хөлс авахыг хориглоно.

26.7.Үйлчилгээний нөхцөл энгийн, ойлгомжтой байна.

26.8.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн дансны нууцлалыг хангах нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд Монголбанкнаас баталсан журамд заасан хэлбэр, хугацаанд хэрэглэгчид мэдэгдэнэ.

27 дугаар зүйл.Хязгаарлагдмал хүрээнд үзүүлэх үйлчилгээ

27.1.Доор дурдсан нөхцөлийг бүхэлд нь, эсхүл аль нэгийг хангасан этгээдийг хязгаарлагдмал хүрээнд үйлчилгээ үзүүлэгч гэж үзнэ:

27.1.1.өмнөх 12 сарын хугацаанд хийсэн гүйлгээний нийт дүн нь Монголбанкнаас тогтоосон дүнгээс хэтрээгүй;

27.1.2.хэрэглэгчийн нийт тоо Монголбанкнаас тогтоосон тооноос хэтрээгүй.

27.2.Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хязгаарлагдмал хүрээнд үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн үйл ажиллагаанд Монголбанк хяналт тавина.

27.3.Энэ хуулийн 27.1-д заасан үйлчилгээ үзүүлэгчид тавих шаардлага, түүний үйл ажиллагаанд хяналт тавих журмыг Монголбанк тогтооно.



ДОЛДУГААР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХЯНАЛТ

28 дугаар зүйл.Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд тавих хяналт

28.1.Монголбанк үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлнэ.

28.2.Монголбанк төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн хэрэгсэл гаргагч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болон операторын зохистой засаглал, удирдлага, үйл ажиллагаа, хэрэглэгчтэй холбогдох харилцаа, систем хоорондын хамаарлыг зохицуулсан журам, дүрэм баталж, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

28.3.Монголбанк үндэсний төлбөрийн системийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн хэрэгсэл гаргагч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, операторын үйл ажиллагааг хянан шалгах, энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээг авах эрхтэй.

28.4.Монголбанкны хяналт шалгалтыг Монголбанкнаас томилсон хянан шалгагч хэрэгжүүлнэ.

28.5.Оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь Монголбанкнаас шаардсан тохиолдолд энэ хуулийн 10.3-т заасан, Монголбанканд бүртгэлтэй аудитын үйлчилгээ үзүүлэх этгээдээр аудит хийлгэнэ.

29 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх

29.1.Оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг дагаж мөрдөнө.

29.2.Оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь гэрээт төлөөлөгч, аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээдэд энэ хуулийн 29.1-д заасан хуулийг мөрдүүлэх үүргийг хүлээнэ.

30 дугаар зүйл.Зөвшөөрөл эзэмшигчийн төлбөрийн системд холбогдох үйл ажиллагааны баримт бичгийн хадгалалт, хамгаалалт

30.1.Оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь төлбөрийн системд холбогдох үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгийг хүлээн авсан, эсхүл үүссэн өдрөөс хойш 15-аас доошгүй жил хадгална.

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан баримт бичгийг Монголбанк болон холбогдох төрийн байгууллагын хамтран баталсан журмын дагуу хадгалж, хамгаална.

31 дүгээр зүйл.Мэдээлэл авах

31.1.Оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь Монголбанк, түүний хянан шалгагчийн шаардсаны дагуу өөрийн үйл ажиллагаанд холбогдох баримт бичиг, данс бүртгэл, тайлан, тэнцэл, санхүүгийн баримт, тайлбар, лавлагаа, шаардлагатай бусад баримтыг тогтоосон хугацаанд гаргаж өгнө.

31.2.Оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь энэ хуулийн 31.1-д заасан мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.

32 дугаар зүйл.Мэдээллийн нууцлал

32.1.Монголбанк, Монголбанкны албан тушаалтан, ажилтан энэ хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэхдээ олж авсан мэдээллийн нууцлалыг доор дурдсанаас бусад тохиолдолд шууд болон шууд бусаар задруулахыг хориглоно:

32.1.1.энэ хуульд заасан чиг үүргийг гүйцэтгэх;

32.1.2.үндэсний төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, аюулгүй байдал, санхүүгийн нэгдмэл байдлыг хангах шаардлагатай нөхцөл байдал үүссэн;

32.1.3.шүүх, прокурорын байгууллагын удирдлага хүсэлт гаргасан, эсхүл авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шаардлагаар, түүнчлэн тагнуулын байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах шаардлагаар тэдгээрийн удирдлагын хүсэлтийг прокурор зөвшөөрсөн;

32.1.4.шүүхийн шийдвэр гарсан;

32.1.5.Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүргийг биелүүлэх.

33 дугаар зүйл.Үйлчилгээний хөлс, шимтгэл

33.1.Монголбанк нь оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс үйлчилгээний хөлс, шимтгэл авна. Хөлс, шимтгэлийн хэмжээг Монголбанк тогтооно.

33.2.Үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагаатай холбогдох хөлс, шимтгэлийн нөхцөл, хувь хэмжээний дээд хязгаарыг Монголбанк батална.



НАЙМДУГААР БҮЛЭГ
МӨНГӨН ХӨРӨНГИЙН ЦАХИМ ШИЛЖҮҮЛЭГ, ЦАХИМ МӨНГӨ

34 дүгээр зүйл.Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлгийн хэрэгжилт, нотолгоо

34.1.Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлгийн бүртгэлийн бичилтийг холбогдох хууль, Монголбанкнаас баталсан журмын дагуу гүйцэтгэнэ.

34.2.Монголбанк цахим мэдээний дагуу хийгдсэн мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг, төлбөрийн даалгавартай холбогдох харилцааг зохицуулах журам, заавар баталж, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

35 дугаар зүйл.Цахим мөнгө, цахим мөнгө гаргагчид тавих шаардлага

35.1.Төлбөрийн хэрэгсэл гаргах зөвшөөрөл бүхий этгээд нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цахим мөнгө гаргана.

35.2.Цахим мөнгө дараахь шинжийг нэгэн зэрэг агуулсан байна:

35.2.1.мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдсан;

35.2.2.мөнгөн хөрөнгөөр баталгаажсан;

35.2.3.цахим мөнгө гаргагч, түүний харилцагчаас бусад гуравдагч этгээд төлбөрт хүлээн зөвшөөрсөн;

35.2.4.цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөд, мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөх.

35.3.Нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байна. Цахим мөнгөний доод нэгж нь нэг цахим мөнгө байна.

35.4.Хүсэлт гаргагч нь цахим мөнгө гаргах зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл хүссэн бол энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагаас гадна дараахь нөхцөлийг хангасан байна:

35.4.1.цахим мөнгө нь зээлийн эх үүсвэр болохгүй;

35.4.2.цахим мөнгө гаргагч нь эргэлтэд оруулсан, буцаан татсан цахим мөнгөний дүнг санхүүгийн тайланд тусгах ба эдийн засаг дахь цахим мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ, эргэлтийн хурд зэрэгт хяналт тавьж, шинжилгээ хийхэд Монголбанканд шаардлагатай үнэн зөв мэдээллийг гаргаж өгнө;

35.4.3.клирингийн болон төлбөр тооцооны үйл ажиллагаа нь оролцогчийн төлбөр тооцооны системд төлбөр гүйцэтгэх даалгавар үүссэн даруй төлбөрийн эцэслэлт хийгдэх боломжтой байна;

35.4.4.хэрэглэгчийн анхны шаардлагаар цахим мөнгө болон төгрөгийг харилцан хөрвүүлэх үүрэг хүлээнэ.

35.5.Цахим мөнгөнд хөрвүүлэх зорилгоор хүлээн авсан, эсхүл цахим мөнгөнд хөрвөсөн мөнгөн хөрөнгийг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөд тооцохгүй.



ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨЛБӨР ТООЦОО, ҮР ДҮНГИЙН ТООЦООЛОЛ, ТӨЛБӨРИЙН ЭЦЭСЛЭЛТ

36 дугаар зүйл.Төлбөр тооцоо

36.1.Төлбөр тооцооны системээр дамжуулсан гүйлгээ бүрийн оролцогч хооронд хийгдэх төлбөр тооцоог төлбөр тооцооны дүрмийн дагуу хийнэ.

36.2.Төлбөр тооцооны дүрэмд оролцогчоос төлбөрийн систем, клирингийн төв, арилжааны төлбөр тооцоог төвлөрүүлэн гүйцэтгэх эрх бүхий этгээд, бусад оролцогчийн өмнө хүлээсэн төлбөр тооцооны аливаа үүргээ гүйцэтгэх, гүйцэтгэх боломжгүй болох, эсхүл ийм нөхцөл байдал үүсч болзошгүй үед авах арга хэмжээ зэргийг тусгана.

36.3.Шууд оролцогч нь төлбөр тооцооны дансыг Монголбанкан дээр байршуулна.

36.4.Оролцогч хоорондын төлбөр тооцоог Монголбанкан дахь төлбөр тооцооны дансаар дамжуулан гүйцэтгэнэ.

36.5.Төлбөр тооцооны төлөөлөгчид тавих шаардлагыг Монголбанк тогтооно.

36.6.Оролцогч нь энэ хуулийн 36.5-д заасан шаардлагыг хангасан шууд оролцогчоор төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгүүлж болно.

36.7.Оролцогч нь энэ хуулийн 36.6-д заасны дагуу төлбөр тооцооны үүргээ төлбөр тооцооны төлөөлөгчөөр гүйцэтгүүлэх бол тухайн оролцогчийн өмнөөс аливаа төлбөр тооцооны үүргийг төлбөр тооцооны төлөөлөгч гүйцэтгэхээс өмнө түүнийг томилсон тухай мэдэгдэл болон зөвшөөрлийг операторт хүргүүлнэ.

36.8.Оролцогч нь тухайн төлбөр тооцооны төлөөлөгчөөс татгалзах тохиолдолд энэ тухай операторт 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ.

37 дугаар зүйл.Үр дүнгийн тооцоолол хийх

37.1.Оролцогчийн өглөг, бусад оролцогчоос хүлээж авах авлагын дүнг цэвэршүүлж, хоёр болон олон талын, үүрэг дуусгавар болгох үеийн, үүрэг гүйцэтгэх боломжгүй болох үеийн төлбөрийн үр дүнгийн тооцоолол, эсхүл эдгээрийн холимог хэлбэрийн үр дүнгийн тооцооллыг хийж, үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг тодорхойлно.

37.2.Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хийсэн шилжүүлэг, түүний үр дүнгийн тооцоолол нь гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөр байна.

38 дугаар зүйл.Төлбөрийн эцэслэлт

38.1.Оролцогчийн төлбөр системд орсон тохиолдолд төлбөрийн эцэслэлт хүчин төгөлдөр болно.

38.2.Оператор нь төлбөрийн эцэслэлт, үл буцаагдах байдлыг хангах тухай системийн дүрэмд тусгана.

38.3.Төлбөрийн эцэслэлт энэ хуулийн 38.1-д заасны дагуу хүчин төгөлдөр болсон тохиолдолд буцаан дуудах, эргүүлэн татах, тусгаарлахыг хориглоно.

39 дүгээр зүйл.Төлбөр тооцооны барьцаа хөрөнгө

39.1.Төлбөрийн найдвартай, аюулгүй байдлыг хангах, системд хүлээсэн үүргээ гүйцэтгэх баталгаа болгох зорилгоор оператор, шууд оролцогч Монголбанканд барьцаа хөрөнгө байршуулна.

39.2.Засгийн газрын төлбөр, түүнтэй холбогдох төлбөр тооцоог гүйцэтгэгч санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ хуулийн 39.1 дэх хэсэг хамаарахгүй.



АРАВДУГААР БҮЛЭГ
ТАТАН БУУЛГАХ, ДАХИН ХӨРӨНГӨЖҮҮЛЭХ ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

40 дүгээр зүйл.Шийдвэрийг Монголбанканд хүргэх

40.1.Оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь тэдгээрийг татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа эхлүүлэх шийдвэр гарсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4-т заасны дагуу оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авсан даруй тухайн шийдвэрийн хувийг Монголбанканд хүргүүлэх үүрэг хүлээнэ.

41 дүгээр зүйл.Систем ажиллуулах, системд оролцохыг хязгаарлах, хориглох

41.1.Оператор, оролцогчийг татан буулгах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан тохиолдолд Монголбанк уг шийдвэрийг хүлээн авсан өдрөөс эхлэн оператор, оролцогчийг төлбөр тооцооны системд оролцохыг хориглоно.

41.2.Оператор, оролцогчийг дахин хөрөнгөжүүлэх шийдвэр гарсан тохиолдолд Монголбанк зөвшөөрөх хүртэл хугацаанд тухайн этгээдийг систем ажиллуулах, системд оролцохыг хориглоно.

42 дугаар зүйл.Татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээ төлбөрийн эцэслэлтэд үл нөлөөлөх

42.1.Оролцогчийг татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээ авахтай холбогдсон шийдвэрийг Монголбанк хүлээн авахаас өмнө энэ хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хийсэн төлбөрийн эцэслэлт, төлбөрийн үл буцаагдах байдалд уг шийдвэр нөлөөлөхгүй.

43 дугаар зүйл.Хэрэг гүйцэтгэгчийн авах арга хэмжээ

43.1.Оролцогч татан буугдсан, оролцогчийг дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа эхэлсэн, шүүхээс төлбөрийн чадваргүй гэж тооцсон тохиолдолд хэрэг гүйцэтгэгч нь бусад оролцогчийн өмнө системийн дүрмийн дагуу хариуцагчийн хүлээсэн төлбөрийн болон төлбөр тооцооны үүргийн гүйцэтгэлийг дараахь тохиолдолд хангана:

43.1.1.татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө, эсхүл төлбөрийн чадваргүйд тооцсон шүүхийн шийдвэрийг Монголбанк хүлээн авахаас өмнө тодорхойлсон үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг;

43.1.2.татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх шийдвэрийг Монголбанк хүлээн авсан өдөр, эсхүл түүний дараа өдөр биелүүлэх үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг.



АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД

44 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

44.1.Оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, түүний албан тушаалтан үндэсний төлбөрийн системийн тухай хууль тогтоомж зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан Монголбанк дараахь арга хэмжээ авна:

44.1.1.албан бичгээр сануулга өгөх;

44.1.2.зөрчлийг арилгах талаар хугацаатай даалгавар өгөх;

44.1.3.энэ хуулийн 44.2-т заасан захиргааны хариуцлага ногдуулах;

44.1.4.оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, эсхүл чөлөөлөх талаар төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэл өгөх;

44.1.5.оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх;

44.1.6.оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг хүчингүй болгох.

44.2.Үндэсний төлбөрийн системийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд Монголбанкны хянан шалгагч Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулна.

44.3.Энэ хуулийн 44.2-т заасан шийтгэлийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ.

44.4.Үндэсний төлбөрийн системийн тухай хууль тогтоомж зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг Иргэний хуулийн дагуу нөхөн төлүүлнэ.

44.5.Энэ хуулийн 44.2-т заасан шийтгэлийг үндэслэлгүй гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ.

45 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

45.1.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД