www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ
              

         Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн

                                                                                                                     18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг

                                                                                                                    Үндсэн хуулийн холбогдох заалтыг

                                                               зөрчсөн эсэх маргааныг хянан

           шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

                                                                                                                   хуралдааны танхим 11.50 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар даргалж, гишүүн Т.Лхагваа, Н.Чинбат, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Цолмон оролцсон болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4, 5 дахь заалт, Дөчин есдүгээр зүйлийн 3, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Цолмон Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна. Үүнд:

“Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэж заажээ. Хуулийн энэхүү заалт нь дараах хоёр агуулгыг илэрхийлж байна.

Шүүгч Хөдөлмөрийн хуульд заасан насанд хүрсэн бол “нэг бол тэтгэвэрт гарах” тэтгэвэрт гарахгүй бол “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх”-өөр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, заалтад харшилж байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн заалтыг дор дурдсан агуулгаар Шүүхийн ерөнхий зөвлөл ягштал хэрэгжүүлж, шүүгчийг 60 нас хүрмэгц тэтгэвэрт гаргах асуудлыг хэлэлцэж шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх санал гаргаж хэвшүүлсэн нь Үндсэн хуульд үл нийцсэн үйл ажиллагаа болж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж байгаа болно.

Хуулийн агуулгаас харахад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн заалт нь 18.3, 18.4 дэх хэсгийн заалтын “Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналд үндэслэн” гэсэн заалтын агуулгад хамаарахгүй байгаа боловч практикт ийм журам нэгэнт тогтоож хэвшүүлсэн нь буруу байна.

Харин Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгчийг хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэсэн заалтыг “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн заалт зөрчиж улмаар “шүүгчийн хүсэлтээр нь чөлөөлөх” гэдгийг орхигдуулсан байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтаас шалтгаалан шүүгчдийг “Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн” гэдгээр үндэслэн түүний хүсэлтийг үл харгалзан шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлж, огцруулж байгаа нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд үл нийцсэн, улмаар Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд шүүгчийг огцруулахыг хориглох” заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан /24.1, 24.2, 24.3/ зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах тухай түүний хүсэлтэд үндэслэхээр зохицуулагдсан гэж ойлгогдож байна.

Тэгвэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх”-өөр заасан нь төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4, 5 дахь заалтын Монгол Улсын иргэн нь “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...” “...өндөр наслах...”, үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... нас, ... эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээр дурдсан заалтаас шалтгаалан Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана., Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.” гэсэн заалтыг давхар зөрчигдөхөд хүргэж байгаа болно.

Эдгээр байдал нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4, 5 дахь заалтад заасныг зөрчсөн, улмаар Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн “... шүүгчийн эрх ашгийг хамгаалах” зэрэг шүүгчийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлэх тухай заалтад харшилж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд дүгнэлт гаргуулахаар хандаж байна.” гэжээ. 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“... Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэж заасан нь шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах нас буюу 60 насанд хүрсэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгон, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөхөөр байна. Энэ заалт нь мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалтад “шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарт хүрсэн бол уг насанд хүрэх сарын сүүлийн өдрөөр;” гэж, 24 дүгээр зүйлийн 24.9 дэх хэсэгт “Шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.” гэж заасантай тус тус харилцан хамааралтай хэрэглэгдэх юм.

Өөрөөр хэлбэл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заагаагүй шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцаа, шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг холбогдох хууль буюу Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан.

Түүнчлэн хууль тогтоогч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 дахь хэсэгт шүүгчийн ажил, мэргэжлийн онцлогийг харгалзан шүүгчээр нийт 25 жил ажилласан, эсхүл 55 насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох эрхийг шүүгчид тус тус олгосон. Харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт шүүгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 60 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөхөөр заасан байна.

Мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсанчлан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4, 5 дахь заалт, Дөчин есдүгээр зүйлийн 3, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй буюу уг хуулиар шүүгчдийг эрх зүйн этгээд байхыг үгүйсгээгүй, мөн тэдгээрийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаагүй, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, өндөр наслах эрхийг хязгаарлаагүй байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь ямар тохиолдолд шүүгчийг огцруулж болох талаар зааж, бусад тохиолдолд огцруулахыг хориглохын зэрэгцээ шүүгчийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх эрхийг нээлттэй олгосон заалт болохоос хуульд тодорхой үндэслэл заасан байхад шүүгчийн өөрийнх нь хүсэлтийг заавал авах талаарх зохицуулалт биш гэж ойлгож байна.

Шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах гэсэн хууль зүйн ойлголт нь өөр, өөр эрх зүйн үр дагаврыг бий болгодог бөгөөд Үндсэн хуулийн дээрх заалт нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгтэй утга агуулгын холбоогүй байна.

Түүнчлэн мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх заалтад “шүүгч хүсэлтээрээ чөлөөлөгдөх, өндөр насны тэтгэвэрт гарах бол уг орон тоо гарахаас нэг сарын өмнө;” гэж заасан нь шүүгч хүсэлтээрээ чөлөөлөгдөх болон өндөр насны тэтгэвэрт гарах асуудлыг салгаж буюу ялгамжтай өөр өөр нөхцөл болгож хуульчилсан байна.

Дээр дурдсаныг үндэслэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4, 5 дахь заалт, Дөчин есдүгээр зүйлийн 3, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэсэн байна.

                                                                                                                            ҮНДЭСЛЭЛ:

1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэсэн заалт нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалтад зааснаар шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарт хүртлээ ажиллах эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байна. 

Дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9 дэх хэсэгт “Шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.” гэсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч болох шүүгч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байна.

2. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар шүүгч төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргасан байхад шүүгчийн бүрэн эрхийг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон гэж үзвэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хандах замаар тухайн шүүгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой байна.  

3. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг шүүгчид эрх олгосон заалт бөгөөд Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.

Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн  2 дахь хэсэг, Арван

зургадугаар зүйлийн 4, 5 дахь заалт, Дөчин есдүгээр зүйлийн 3, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг  тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт,  Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... нас, ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ...”, 5 дахь заалтын “өндөр наслах ...”, Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана., мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна. 

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

   

                                                                           ДАРГАЛАГЧ                                                                   Д.СУГАР

                                                                         ГИШҮҮД                                                                   Т.ЛХАГВАА

                                                Н.ЧИНБАТ

                                                Д.НАРАНЧИМЭГ

                                                Д.ГАНЗОРИГ