www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
МАЛ, МАХНЫ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 318

МАЛ, МАХНЫ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

          Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.27 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

          1. Мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсүгэй.

          2. Импортлогч улсын холбогдох яам, мэргэжлийн газруудтай мал экспортлох гэрээ, хэлцэл хийж, орон нутгийн байгууллагуудыг бодлого, зохицуулалтаар дэмжиж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарт, шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг судалж шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасугай.

          3. Импортлогч улсын мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн малыг хорио цээрийн тусгаарлагдсан бүс, байгууламжаар дамжуулан мал эмнэлгийн хяналтын дор үзлэг, шинжилгээнд хамруулж, мал бордох үйлчилгээг үзүүлж экспортлох арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                           У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                              Б.БАТЗОРИГ