www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ТУХАЙ /“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа/


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 87

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь долоо хоногт зохион байгуулж байхаар тогтоосугай.

2.Үзэсгэлэн худалдааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран зохион байгуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга С.Батболдод тус тус даалгаж, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, холбогдох төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод зөвлөсүгэй.

3.Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авч, “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож байхыг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ