www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАГЦ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 54

УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАГЦ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/Иргэний хуулийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд нийцүүлэн Газрын тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн төслийг 2019 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/төрийн мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах, өгөгдөл хамгаалах, цахим засгийг бэхжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой арга хэмжээг судалж танилцуулах;

3/улсын бүртгэлийн багц хуулийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах, түүнтэй холбоотой нэмэлт зардлыг санхүүжүүлэх.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД