www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” БАЙГУУЛАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 183

“ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргын дэргэд байгуулсугай.

2.“Үндэсний дата төв”-ийн техник, технологийн удирдлагыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт, үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах чиг үүргийг Тагнуулын ерөнхий газарт тус тус хариуцуулсугай.

3.“Үндэсний дата төв”-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг зохих журмын дагуу баталж улсын бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.Сугар), Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд нарт даалгасугай.

4.“Үндэсний дата төв”-ийн үйл ажиллагааны зардал болон аюулгүй байдлыг хангахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусган шийдвэрлэж, цаашид зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ДОЛГОР