www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 355

БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг арилгах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон хууль тогтоомж зөрчихтэй тэмцэх зорилгоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох талаар дор дурдсан арга хэмжээ авахыг дараахь албан тушаалтанд даалгасугай:

      1.1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт;

      1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар тогтоосон журмыг зөрчиж олборлолт явуулсан талбайд Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу нөхөн сэргээлтийг хийлгэж, талбайг хүлээн авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт;

      1.3. Бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтгүй талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд байнгын хяналт тавих, зөрчил гарсан этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх талаар шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар (С.Баатаржав), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү)-т;

      1.4. Бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлоход ашигласан болон ашиглахаар бэлтгэсэн техник, тоног төхөөрөмжийг талбайгаас гаргаж, харуул хамгаалалт зохион байгуулах, холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Цагдаагийн ерөнхий газар (С.Баатаржав), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү) болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар нарт;

      1.5. Бичил уурхайд хууль бусаар ажиллагсдын судалгааг гаргаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдамж, чиглэлээр хангаж, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (С.Чинзориг)-д;

      1.6. Бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтийг 2019 оныг дуусталх хугацаанд гаргахгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн)-т,

      1.7. Нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон эсэхэд хяналт шалгалт хийж холбогдох хууль тогтоомжийн дагуу дүгнэлт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү)-т, 

2. Энэ тогтоолын 1.2 болон 1.5-д заасныг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааны зарим зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, уг зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт;

3. Энэ тогтоолын 1 дэх заалтад заасны дагуу холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж 2019 оны IY улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                 У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд                                                       Д.СУМЪЯАБАЗАР