www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг  эцэслэн шийдвэрлэсэн тухай


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ
           Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн

           12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын

            2019 оны 22, 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн

           холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг

             эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 11.45 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат,  Ш.Цогтоо, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж /илтгэгч/, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

           

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Ууганбаяр болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцов.

            Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хэлэлцээд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар тогтоолыг гарган ирүүлсэн тул уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар дахин хянан эцэслэн шийдвэрлэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандаж:

“... Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр тогтоол нь дараа дараагийн зарчмын хувьд буруу шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын нөхөн сонгууль хийхээр товлож, 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, үнэн хэрэг дээрээ ард түмний халааснаас гаргахаар шийдвэрлэсэн нь дээр дурдсан буруу шийдвэрээс үүдэлтэй шууд хор хохирол юм. Хууль зөрчин зарласан энэ сонгуульд 11 нам оролцохоор бүртгүүлсэн ба намын болон нэр дэвшигчдээс нэмж гаргах зардлыг тооцвол уг шийдвэр эрүүл ухааны аливаа хэм хэмжээнээс хэтрэн гарсан байна.

... Дээрх хууль бус тогтоолдоо үндэслэн гаргасан Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг шууд зөрчсөн байна. ...Төр нь улс орноо хөгжүүлэх, ард түмнээ элбэг хангалуун, амар жимэр амьдруулах зорилгоор буюу нийгмийн хөгжлийг хангахын тулд эдийн засгийг удирдах учиртай. Гэтэл Үндсэн хуульд нийцээгүй шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олон зуун сая төгрөг зарцуулахаар төсөвлөж байгаа нь эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгод нийцэхгүй байна. ... Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын төлөөллийн тухай ухагдахуун бол “нэг хүн”-д хамаарах хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны ойлголт биш харин тогтолцоо, зохион байгуулалт буюу “төлөөлөгчдийн байгууллага” болох Улсын Их Хуралд шууд хамаарах ойлголт болохыг учирлан тайлбарлаж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь ... хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасныг зөрчсөн.” гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан дээр: “Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолыг холбогдох хуульд нийцүүлэн гаргаагүйгээс Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн” гэсэн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж холбогдох тайлбарыг хийжээ.

Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Ууганбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

“... Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Монгол Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг Улсын Их Хурал товлон зарлахаар хуульчилсны дагуу Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн товлон зарлаж, Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосон байна. ...

Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр улс төрийн нам нь үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Улсын Их Хурлын сонгуульд “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж хуульчилсан нь санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй нам нь бусад улс төрийн намуудтай ижил тэгш эрхтэйгээр Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах сонгуульд оролцох эрхийг хязгаарлаж байна.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэж хуульчилсан ба Сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй нам Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нэр дэвшүүлэх, сонгогдох эрхийг энэхүү органик хуулиар хязгаарлаж буй нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж хуульчилсан ба тухайн намаас дээрх Үндсэн хуульд заасан шаардлагыг хангасан хүнийг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр байтал Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцуулахгүй байх, нэр дэвшүүлэхээс татгалзах нөхцөл байдал үүсч байна.

Энэ нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг, мөн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, төрийн бүхий л үйл хэрэгт ард түмний оролцоог хангах, иргэнийг нам, улс төрийн үзэл баримтлалаар ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш боломжийг бүрдүүлэх Үндсэн хуулийн суурь зарчим, Үндсэн хуулиар бий болгосон иргэний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн байна.

... Мөн Монгол Улсын Их Хурал нь Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлахдаа уг нөхөн сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, бие даагчийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг нэгдүгээрт, органик хуулиар хязгаарлаж, хоёрдугаарт, улс төрийн нам, эвсэл байгуулах, сонгуульд оролцох эрхийн хууль зүйн болон бусад баталгааг хангаагүй нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил болно. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэж хуульчилжээ.

Монгол Улсын Их Хурлаас Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр товлон зарласан ба санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосон билээ. Гэтэл энэхүү 2 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 140 хоног болж байгаа ба нам, эвсэл нь Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцохын тулд 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлага Сонгуулийн хуулиар тавигдсан юм.

Монгол Улсын Их Хурал энэхүү Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлахдаа улс төрийн нам, эвсэлд хуулиар биелэх боломжгүй шийдвэрийг гаргаж, улмаар Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцох эрхийг Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгээр хязгаарлаж буй нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”,  Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Гурав. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн хариу тайлбарт:

“... Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад Монгол Улсын иргэн нь “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. ...” гэж заасан байдаг. Гэтэл Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17450 иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл төлөөлөлгүй байна. Иймд Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Сонгуулийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явагдана.” гэж заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосон болно.

Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад Улсын Их Хурал нь “... Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах;” асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана.”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана.” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд 2019 оны 22 дугаар тогтоолыг баталж, нөхөн сонгуулийг товлон зарласан бөгөөд уг тогтоолд улс төрийн нам сонгуульд оролцохтой холбоотой аливаа зохицуулалт байхгүй болно.

Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, мөн зүйлийн 12.3 дахь хэсэгт “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэж тус тус заасан. Энэ зохицуулалт нь нам сонгуульд оролцохоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх тодорхой хугацааг заасан шалгуурыг анх удаа тогтоосон асуудал биш бөгөөд өмнө нь үйлчилж байсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудад Улсын Их Хурлын сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байхаар зохицуулж байсан. ...

Венецийн комиссын 2010 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Улс төрийн намын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтад удирдлага болгох зарчмууд”-ыг хэлэлцэн баталсан бөгөөд энэ баримт бичигт улс төрийн нам гэдэг нь чөлөөт, ардчилсан сонгуульд нэр дэвшүүлэх, төрийн үйл хэргийг удирдахад оролцох замаар иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлэхийг нэг зорилтоо болгосон иргэдийн сайн дурын нэгдэл мөн гэж тодорхойлжээ. Энэ тодорхойлолт нь бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, эсхүл өөрийн гишүүдийг төрийн эрх барих байгууллагад сонгуульд оролцуулах замаар улс төрийн салбарт засаглах бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг зорьсон иргэдийн сайн дурын аливаа нэгдэлд хамаарна гэсэн байна. Мөнхүү баримт бичигт дурдсанаар улс төрийн намыг бүртгүүлэхэд зарим нэг шаардлага тавих нь эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөнд тооцогдохгүй гэж Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдэд заасан байна.

Төрийн үйл хэргийг удирдахад оролцох, төрийн бодлогыг тодорхойлох, улмаар зарим давуу байдлыг олж авдгийн хувьд улс төрийн нам төрийн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх нь санамсаргүй, гэнэтийн, тохиолдлын зүйл байх ёсгүй буюу зөвхөн тухайн нэг сонгуульд аливаа зорилгоор оролцохын тулд улс төрийн намыг хэлбэрийн төдий байгуулах, дотооддоо бэхжиж, үйл ажиллагаа нь тогтворжоогүй, бодлого, үзэл баримтлалаа тодорхойлоогүй улс төрийн намыг төрийн сонгуульд оролцуулах нь өөрөө сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй гэж үздэг.

Эдгээр үндэслэлүүдээр Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэгт тавьсан шаардлага нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэж тус тус заасныг баталгаажуулан бэхжүүлсэн, иргэдийн эрхийг баталгаатай хангах нөхцөлийг хамгаалсан зохицуулалт болсон гэж үзэж байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ... –ыг хориглоно.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэжээ.

                  Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэх хэсгийн “Хоёр”-т:

            “... 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын дагуу Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг баталж, тус хуулиар Монгол Улсын Их Хурлын болон бусад байгууллагын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах хэм хэмжээг тогтоожээ. 

Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн талаарх зохицуулалтыг хуульчлахдаа тус зүйлийн 12.1 дэх хэсэгт “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсэгт “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэжээ. Түүнчлэн, тус хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3.1 дэх заалтад “санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй;” бол нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзахаар нийтлэг байдлаар зохицуулсан байна.

Гэтэл Улс төрийн намын тухай хуульд зааснаар 801 ба түүнээс олон иргэн сайн дураараа нэгдэж нам байгуулан, хөтөлбөр, дүрмээ баталж, Улсын дээд шүүхэд хянуулж бүртгүүлснээр гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог.

Үүнээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсгийн зохицуулалт нь 180-аас доош хоногийн өмнө нөхөн сонгууль товлон зарлагдсан тохиолдолд хуульд зааснаар сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн нам дангаараа болон бусад нам, улс төрийн хүчинтэй эвсэж уг сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх боломжгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, тухайн намын гишүүд, дэмжигч иргэд төрийн байгууллагад сонгогдох, сонгох эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг хууль тогтоогч Сонгуулийн тухай хуулиар бүрэн бүрдүүлээгүй буюу Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан иргэн Б.Ууганбаярын мэдээлэлд дурдсан нөхцөл байдлыг бий болгосон байна.

Ингэснээр хугацааны шалгуураар иргэд аль нэгэн намд эвлэлдэн нэгдсэний төлөө буюу гишүүнийхээ хувьд ялгаварлагдах хууль зүйн үндэслэл бий болж, улмаар тэдний хувьд тэгш бус байдлыг үүсгэжээ.

Үүний зэрэгцээ Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд нь зөвхөн Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн хүрээнд төдийгүй Улсын Их Хурлын бусад аль ч төрлийн сонгуульд улс төрийн нам оролцоход хугацаанаас хамаарч ялгавартай байдлаар хандах боломжийг бүрдүүлсэн нь иргэдийн улс төрийн эрхийг хөндсөн, ардчилсан ёсны зарчмыг алдагдуулсан байна. Тодруулбал, сонгуульд оролцох улс төрийн намд тодорхой шалгуурыг хуулийн хүрээнд тогтоож болох боловч уг шалгуур нь үндэслэлтэй бөгөөд хариуцлага, санхүүжилт, илт тод байдал гэх зэрэг хуулийн бусад зохицуулалттай уялдсан, иргэний улс төрийн эрхийн хязгаарлалтын талаарх нийтээр хүлээн зөвшөөрсөн түгээмэл зарчимд нийцсэн байх учиртай юм. Гэтэл дээрх заалтуудад тусгасан “180-аас доошгүй хоног”-ийн хугацааны шалгуур нь эдгээрт хамаарахгүй байна. Улсын Их Хурлаас ирүүлсэн хариу тайлбарт “улс төрийн намыг бүртгүүлэхэд зарим нэг шаардлага тавих нь эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөнд тооцогдохгүй гэж Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдэд заасан байна.” гэсэн боловч нотолгоог тодорхой дурдаагүй байна. Мөн өнөөдрийн хэлэлцэж буй маргаан нь улс төрийн намыг бүртгэх тухай бус нэгэнт бүртгэгдсэн намыг сонгуульд оролцохтой холбоотой асуудал байгаа болно. Харин Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдийг судлан үзэхэд, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, баталгаажуулсан шийдвэрүүд зонхилж байх ба эдгээр нь Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 22 болон Хүний эрхийн тухай Европын конвенцийн 11 дүгээр зүйлийг үндэслэж, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг зөвхөн үндэсний болон нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуульд зааснаар хязгаарлалт тавьж болно; үүнээс өөр хязгаарлалтыг зөвхөн гарцаагүй бөгөөд үндэслэлтэй учир шалтгаан байгаа тохиолдолд хэрэглэнэ; уг хязгаарлалт нь тавьж буй хууль ёсны зорилгод дүйцэхүйц байхаас гадна нөхцөл байдалд нийцсэн, энэ талаарх нотолгоотой байх хэрэгтэй талаар тусгасан байна.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн түүхчилсэн судалгаанаас үзэхэд өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиудад улс төрийн нам, эвсэл сонгуульд оролцох тохиолдолд ийнхүү тухайлан хагас жилээс доошгүй хугацааны өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх тухай зохицуулалтыг тусгаагүй байх ба 1992 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “Нам сонгуульд оролцохоо санал авах өдрөөс 65 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлж, албан ёсоор бүртгүүлнэ. 2005, 2011 оны хуульд сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байхаар заасан байсныг дурдах нь зүйтэй байна.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлт, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан 03 дугаар тогтоолдоо “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлагдсан тохиолдолд тухайн сонгуульд нэр дэвших, улмаар төрийн байгууллагад сонгогдох эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг хууль тогтоогч бүрэн бүрдүүлээгүй” гэж, “сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тулгамдсан асуудал байгааг дурдах нь зүйтэй” гэж, мөн “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сонгогч, сонгогдогч иргэдийн эрхийг тэгш хангаж холбогдох заалтыг өөрчлөх эрх нь хууль тогтоогчид байгаа” талаар тус тус тухайлан тусгаж Улсын Их Хуралд уламжилж байсан болно.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хүлээж байгаа юм.

Гэтэл Монгол Улсын Их Хурал нь Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлах шийдвэрийг 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гаргахдаа Үндсэн хуульт ёс, ардчилсан эрх зүйт төрийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийнхээ дагуу тухайн сонгуульд оролцох улс төрийн намын тэгш байдлыг хангах ёстой атал тэгш бус байдлыг бий болгосон, сонгогч, сонгогдогч иргэдэд үндэслэлгүй ялгаварлал бий болгосон сонгуулийн хуулийн хийдэл, дутагдлыг арилгахгүйгээр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоолыг батлан гаргажээ.            Дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлаас үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, түүнчлэн Монгол Улсын Их Хурал 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол батлан гаргаснаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”  гэж заасныг зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна.4. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно.” гэж хуульчилжээ. Харин тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана.” хэмээн заасан боловч Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг зарлах шийдвэрийг хэзээ гаргах талаар уг хуульд тусгайлан хуульчлаагүй байна. Гэтэл сонгуулийн эрх зүй нь Үндсэн хуулийн эрх зүйн бусад институттэй харьцуулахад процессын хэм хэмжээ ихээр агуулдаг онцлогтой бөгөөд сонгуулийн үйл явцын үе шат бүрийн эхлэх, дуусгавар болох хугацааг нарийвчлан тогтоосон байхыг шаарддаг. Ийнхүү тогтоогоогүй тохиолдолд нийтийн эрх зүйн зарчмын дагуу ерөнхий зохицуулалтыг удирдлага болгох учиртай. Иймд уг зарчмын хүрээнд Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтоохоор байна.Үүнээс үзэхэд Монгол Улсын Их Хурал нь Сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан  зохицуулалтыг зөрчиж, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 22 дугаар тогтоол гарган 148 хоногийн өмнө Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн санал авах өдрийг тогтоосон байна. Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны 22 дугаар тогтоол нь холбогдох хуулийн заалтад үл нийцсэн байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Монгол Улсын Их Хурал 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарласан бөгөөд үүнтэй уялдуулан мөн өдрийн 23 дугаар тогтоолоороо тус сонгуулийг зохион байгуулахтай холбоотой зардлын хэмжээг тогтоож, уг зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.

Харин Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.14 дэх заалтад Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилжээ. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан…” гэж тодорхойлоод, тус хуулийн 8 дугаар зүйлд “Засгийн газрын нөөц сан”-аас төсөв батлахаас өмнө урьдчилан харах боломжгүй тодорхой хэдэн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээр зохицуулжээ. Харин Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана.” гэж заасан ба мөн Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гарсан зэргээс үзэхэд уг нөхөн сонгуулийг 2019 онд явуулах нь тодорхой байсан юм. Үүнээс үзэхэд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн нь дээрх хуулиудын зохицуулалтад үл нийцжээ. Улмаар Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын 2 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна. ...” гээд Тогтоох хэсэгт “Монгол Улсын Их  Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд мөн зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг; мөн өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна.” гэж дүгнэн, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Тав.  Монгол Улсын Их Хурлын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” 66 дугаар тогтоолд:

“1. “Монгол Улсын Их  Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд мөн зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2. “Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна.

 Зургаа. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:

“… Сонгуулийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу санал авах өдрийг тогтоох тухай 150 хоног нь ээлжит сонгуульд хамаарах бөгөөд хэзээ, ямар нөхөн сонгууль болох нь урьдчилан тооцох боломжгүй тул энэхүү хугацаа нь нөхөн сонгуулийн санал авах өдрийг товлон зарлахад хамаарахгүй юм.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн ньТөсвийн тухай хуулийн 6.1.2-т заасны дагуу Засгийн газрын нөөц сан нь 100 хувь эх үүсвэрийг нь төсвийн хөрөнгөөр бүрдүүлдэг сангийн ангилалд хамаардаг бөгөөд уг сангаас төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардлыг санхүүжүүлж байхаар хуульчилсан тул нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах нь хууль зөрчөөгүй болно

Иймд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.” мөн зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...”, Далдугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Их  Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Ардчилсан ёс, шударга ёс, … тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд мөн зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг; мөн өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

             Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Ардчилсан ёс, шударга ёс, … тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд мөн зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн тул хүчингүй болгосугай.

2.Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн тул хүчингүй болгосугай.

            3.Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн тул хүчингүй болгосугай.

4.“Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

            5.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

                                                                                                         ДАРГАЛАГЧ                                                                        Д.ОДБАЯР

                                                                                                 ГИШҮҮД                                                                        Н.ЧИНБАТ

                                                                                                                                                                                     

                                                                                                                                                                                       Ш.ЦОГТОО

                                                                                                        

                                                                                                                                                                                                     Д.СОЛОНГО

                                                     Б.БУЯНДЭЛГЭР

                                                     Ш.СОЛОНГО

                   

                                                      Г.ТУУЛХҮҮ

                                                                                             

                                                                                                                                                                                                      Ц.НАНЗАДДОРЖ

                                                                     Г.БАЯСГАЛАН