www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Ашигт малтмалын тухай хуулийн  47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн  эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ
Ашигт малтмалын тухай хуулийн

47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн

эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 13.40 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат, Ш.Цогтоо /илтгэгч/, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ш.Солонго, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн С.Баярмаа болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” 70 дугаар тогтоолыг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн С.Баярмаа Үндсэн хуулийн цэцэд хандаж:

“Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.”, 47.3 дахь хэсэгт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна:” гээд 47.3.1 дэх заалтад “дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү;”, 47.3.2 дахь заалтад “Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.”, 47.4 дэх хэсэгт “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.”, 47.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно:” гээд 47.5.11 дэх заалтад “Боловсруулаагүй нүүрсний тонн тутмын зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ 0-25 хүртэл бол 0 хувь, 25-50 хүртэл бол 1 хувь, 50-75 хүртэл бол 2 хувь, 75-100 хүртэл бол 3 хувь, 100-125 хүртэл бол 4 хувь, 125 ба түүнээс дээш бол 5 хувь,”, 47.5.12 дахь заалтад “Баяжуулсан нүүрс (хуурай болон нойтон аргаар технологийн боловсруулалт хийсэн)-ийн тонн тутмын зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ 0-100 хүртэл бол 0 хувь, 100-130 хүртэл бол 1 хувиар, 130-160 хүртэл бол 1.5 хувь, 160-190 хүртэл бол 2.0 хувиар, 190-210 хүртэл бол 2.5 хувиар, 210 ба түүнээс дээш бол 3 хувь,”, 47.5.13 дахь заалтад “Эцсийн бүтээгдэхүүн (хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн)-ний  тонн тутмын зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ 0-160 хүртэл бол 0 хувь, 160-190 хүртэл бол 0.5 хувь, 190-210 хүртэл бол 1 хувь, 210-240 хүртэл бол 1.5 хувь, 240-270 хүртэл бол 2 хувь, 270 ба түүнээс дээш бол 2.5 хувь” гэж тус тус өөрчлөн найруулсан байна.

Ашигт малтмалын тухай хуульд орсон дээрх өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эдийн засагт дарамт учруулсан, давхар татвар ногдуулсан, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хаасан, нийгмийн эдийн засгийн хөгжилд саад учруулсан зэрэг сөрөг үр дагаврыг бий болгох бодит нөхцөлийг үүсгээд байна. Мөн маргаж буй зүйл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөд зогсохгүй Татварын ерөнхий хуультай зөрчилдөж байх тул хуулийг нэг мөр, зөв ойлгон хэрэглэх үүднээс Үндсэн хуульд нийцэж буй эсэхэд дүгнэлт гаргуулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хуулийн төөрөгдөлд орох, давхар татвар төлөх эрсдэлээс сэргийлэх зүй ёсны хэрэгцээ шаардлага үүсч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж зааснаас үзвэл төр нь нийгмийн хөгжлийг хангах, аж ахуй нэгж байгууллагыг үйл ажиллагаа явуулахад нь эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх бодлого баримталж, эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээн байгуулалтыг дэмжиж өгөх ёстой гэсэн утга санааг илэрхийлсэн. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд орсон маргаж буй нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн дээрх заалтыг бүхэлд зөрчиж иргэд, аж ахуй нэгжийг давхар татварын дарамтад оруулж, нэг бүтээгдэхүүнд хэд хэдэн татвар ногдуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах, хөгжих боломжийг хааж эдийн засгийн алдагдалд оруулах бодит нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн өмнөх зохицуулалтаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй этгээд нь олборлосон бүтээгдэхүүндээ ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг байсан бол хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээдүүд бүгд тухайн бүтээгдэхүүний хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар тусгасан нь хуулийн алдааг бий болгосон.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 7.3.6 дахь заалтад заасан 2 төрлийн татварыг давхар төлөх бодит нөхцөл байдал бий болоод зогсохгүй, худалдахаар ачуулсан гэсэн үндэслэлээр дахин нэмж татвар төлөхөөр болж, нэг бүтээгдэхүүнээс үндсэндээ дөрвөн татварыг авч байна.

 Байгалийн баялгийг олборлосон аж ахуй нэгжээс ашигт малтмал ашигласны төлбөр аваад түүнийг нь боловсруулсан, ашигласан аж ахуй нэгжээс мөн ашигт малтмал ашигласны төлбөр авч, худалдахаар ачуулсан этгээд дахин нэмж ашигт малтмал ашигласны төлбөр төлөхөөр болж байгаа нь нэг бүтээгдэхүүнээс 3 хэлбэрээр төлбөр авч, мөн дээрээс нь нэмэгдсэн өртгийн албан татвар гээд нийт 4 төрлийн татварыг авч байна. Үүнээс үзэхэд, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан аж ахуйн нэгжүүд нь нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөд зогсохгүй ашигласан, худалдахаар ачуулсан гэсэн 3 төрлийн төлбөрийг төлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь хэт шударга бус байна.

Тэгэхээр Монгол Улсад байгалийн баялгийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгох аж ахуй нэгж байхгүй болж, уул уурхайн салбар хөгжихгүй байгалийн баялаг эх орондоо үлдэхгүй, эдийн засгийн ямар ч үр өгөөжгүйгээр түүхийгээр хямд өртгөөр экспортод гарсан хэвээр байх дүр зураг харагдаж байна. Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй, эдийн засаг нь уул уурхайн салбартай салшгүй холбоотой учир дээрх зөрчлийг арилгахгүйгээр уул уурхайн салбарыг хөгжүүлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ямар ч боломжгүй гэж үзэж байна.” гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“... Энэ өөрчлөлт нь алтны ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банканд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчлийг арилгах зорилготой юм. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор нүүрсэнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс авахаар зохицуулсан байгаа.

 Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 7.3.6 дахь заалтад заасан 2 төрлийн татварыг давхар төлөх бодит нөхцөл байдал бий болсон” тухай дурджээ. Давхар татварын тухай асуудал нь нэг этгээдэд нэг татварыг дахин ногдуулахгүй тухай ойлголт бөгөөд бодит байдал дээр олон улс хооронд үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, хувь хүнд тулгардаг асуудал юм.

Тухайлбал, аль нэг улсад үйл ажиллагаа эрхлэн олсон орлогодоо татвар төлсөн этгээд өөрийн харьяалал бүхий улс оронд дахин тус татварыг төлөх асуудал үүсдэг. Иймээс тухайн этгээдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах, өөрийн улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих зэрэг олон шалтгааны улмаас тодорхой улс орнууд хоорондоо давхар татварын асуудлыг зохицуулах тухай олон улсын гэрээ байгуулдаг.

Харин орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг нь давхар татварын асуудал биш бөгөөд татварын бүтцэд багтдаг төрөл бүрийн төлбөрүүдийн нэг хэсэг юм. Татварыг дотор нь ингэж төрөлжүүлэн салгахын гол ач холбогдол нь төрөөс эдийн засгийн аливаа харилцааг зохицуулах, хянах зорилгоо татварын бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх явдал юм. Жишээлбэл, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” гэж заасан байдаг. Эрдэс баялгийнхаа ашиглалтаас ард түмэндээ хүртээх асуудлыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэн нийгмийн үйлчилгээнд зарцуулах байдлаар хэрэгжүүлдэг. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар бол аливаа бараа, ажил, үйлчилгээний эцсийн хэрэглээнд татвар оноох буюу шууд бус татварын үр ашгийг сайжруулах зорилготой бөгөөд татварын бодлогын хэрэгжилтийг хянах зорилготой төрийн зохицуулалтын нэг арга хэрэгсэл юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.5 дахь хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн хувь хэмжээ бол тухайн ашигт малтмалд оноож байгаа давхар татвар биш бөгөөд тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэх буюу бууруулах тухай асуудал юм.” гэжээ.

 Гурав. Мэдээлэл гаргагч С.Баярмаа Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийнхээ нэмэлт тайлбартаа:

“Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагад ашигт малтмалын зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахаар тусгасан байдаг. Гэтэл татварын суурийг өргөжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах үйлдвэр эрхлэгчдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой хуулийн нэмэлт, өөрчлөлт нь нэг бүтээгдэхүүнд өссөн дүнгээр 3 удаагийн төлбөр тооцох бодит нөхцөлийг бүрдүүлсэн байгаа нь Үндсэн хуульд төр нь аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийг хангах эдийн засгийн бодлогыг баримтална гэж заасныг зөрчиж, аж ахуйн үйл ажиллагаанд татварын бодлогоор дарамт учруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хаасан зохицуулалт болсон гэж үзэж байна.

Мөн хууль тогтоогчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалдаа “энэ хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь төр, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэл сонирхолд бүрэн нийцсэн” гэж худал мэдээлэл оруулж ямар нэг иргэн, аж ахуйн нэгжээс санал аваагүй, хүсэл сонирхлыг нь тусгаагүй, эдийн засгийн тооцоо судалгаагүй асуудлыг оруулсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилго нь зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банканд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчлийг арилгах зорилготой гэж тодорхойлж алтны асуудлыг байнгын хороодын хуралдаан, нэгдсэн хуралдаанаараа ярьсан байдаг хэдий ч эцсийн нэмэлт, өөрчлөлт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь 3 этгээд байхаар зохицуулж Үндсэн хуулийг зөрчиж шийдвэрлэсэн байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн маргаан бүхий зохицуулалтын өмнө хэрэгжиж байсан агуулгаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлсөн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс ашигт малтмал худалдан авсан этгээд нь энэ төлбөрийг дахин төлдөггүй байсан бөгөөд шинэ хуулиар ашигт малтмалын нөөц биш бүтээгдэхүүн болсон хэдий ч нөөц ашигласны төлбөр төлөхөөр зохицуулан Үндсэн хуулийг зөрчиж байна. Хэрэв тухайн бүтээгдэхүүнийг байгалиас нь олборлосон хэвээр буюу түүхий хэвээр нь цааш дамжуулан худалдаж ашиг олж байгаа бол энэхүү хуулийн нэмэлт зохицуулалт нь шударга байх хэдий ч тухайн бүтээгдэхүүнийг боловсруулан нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа явдал нь 2 өөр ойлголт бөгөөд хууль санаачлагч нар үүнийг нарийн ялгаж үзэлгүй эдийн засагт нэмэр болох, татварын суурийг өргөжүүлэх гэсэн санаагаар үйлдвэрлэгчдийг татварын дарамтад оруулахаар хуулийн зохицуулалт хийсэн байна. Мөн үйлдвэрлэгч нь худалдан авагч болохоос биш тусгай зөвшөөрөлтэй газрын байгалийн баялгийг цааш нь дамжуулан худалддаг газар биш бөгөөд дээр дурдсанчлан 2 өөр ойлголт юм. Үйлдвэрлэгчид нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөцийг газрын хэвлийгээс олборлодоггүй учир ашигт малтмалын нөөц ашигласан гэж үзэх боломжгүй юм.

Энэхүү хууль нь цаашид Монгол Улсад байгалийн баялгийг эх орондоо нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож олон улсын зах зээлд гаргах үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй, үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дарамталсан, үйл ажиллагааг нь боомилсон бөгөөд улмаар энэ салбар цаашид хөгжих боломжгүй болох эрсдэлт нөхцөлийг бүрдүүлж, байгалийн баялгаа өөрсдөөсөө харамлаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хааж, түүхийгээр нь хямд үнээр гадаадын улс оронд гаргаж, их хэмжээний алдагдалд орох маш том эрсдэл, эдийн засгийн хохирол амсах бодит нөхцөл байдал энэхүү хуулийн зохицуулалтын цаана нуугдаж байна. Энэ нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн ... хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлнэ.” гэснийг зөрчсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэж заасны дагуу 1 хуулийн этгээд ашигласан, худалдахаар ачуулсан гэх үндэслэлээр 2 удаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр зохицуулсан нь хуулийн үзэл баримтлал болон Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хуультай зөрчилдсөн байгаа юм.” гэжээ.

Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, 03 дугаар дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

“1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасан. Энэ хүрээнд Улсын Их Хурал Монгол Улсын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, улсын хөгжлийн тогтвортой байдлыг хангахад тодорхой нөлөө үзүүлдэг ашигт малтмал буюу эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхойлон холбогдох хууль тогтоомжийг баталсан бөгөөд 2014 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэргийг батлан гаргажээ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 1.2-д “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын зорилго нь ... ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд оршино.” гэж, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын “Эдийн засгийн тогтвортой хөгжил” гэсэн 2.1-д “... аж үйлдвэр, түүний дотор ... уул уурхайн олборлох салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч ... хөгжүүлнэ.” гэж заасан байна. Түүнчлэн, дээрх шийдвэрүүдээс гадна Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч болон холбогдох эрх бүхий этгээдээс баталсан 30 орчим шийдвэрт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаарх зохицуулалтыг тусгасан байдаг.

Мөн энэ талаарх зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хуулиудад тусгайлан хуульчилжээ. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр нийлүүлнэ.” гэсэн байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж тус хуулийн “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” гэсэн 47 дугаар зүйлд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ.

Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” хэмээн өөрчлөн найруулсан байна. Ийнхүү өөрчлөн найруулахдаа өмнө зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд бүр төлдөг байхаар хуульчилжээ.

Тодруулбал, ашигт малтмал ашигласны төлбөр гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон гэж үзэхээр байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Үүнээс үзэхэд уг заалтаас үүдэлтэй Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчих нөхцөл байдлыг үүсгэжээ.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5.11, 47.5.12 дахь заалтад боловсруулаагүй нүүрсийг хүдэртэй, баяжуулсан нүүрсийг хүдрийн баяжмалтай адилтган ашигт малтмалын ангиллыг буруу тусган нэмэлт төлбөр авахаар зохицуулсан нь хууль зүйн зохицуулалтын зорилго, түүний агуулгатай зөрчилдсөн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалт зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Монгол Улсын Их Хурал нь хууль тогтоогчийн хувьд Үндсэн хуульд заасан өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг сайжруулан өөрчлөх боломжтой юм.

4. Мэдээлэл гаргагч С.Баярмаа хуралдааны явцад Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж мэдээллийн шаардлагаа ихэсгэсэн боловч энэ талаар хангалттай үндэслэл, нотолгоо гаргаагүй байх тул Үндсэн хуулийн дээрх заалт зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн.

Дүгнэлтийн тогтоох хэсэгт:

“1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчөөгүй байна.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй.

4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.” гэсэн байна.

Тав. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд 70 дугаар тогтоолыг гаргасан байна. Үүнд:

“1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна.

Зургаа. Монгол Улсын Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:

“Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн:

1.Ашигт малтмал олборлохоос эхлээд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгч хүртэл үе шатанд татварыг давхардуулан авах боломжийг бий болгосон гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах , тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална.”, 47.7 дахь хэсэгт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр ногдуулна.” гэсэн өөрчлөлтийг оруулсан. Эдгээр өөрчлөлт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдсөн аливаа бүтээгдэхүүнд нөөц ашигласны төлбөр дахин ногдуулахгүй тухай зохицуулалт юм.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэж алтны ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банканд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчлийг арилгасны зэрэгцээ татвар давхар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 47.7 дахь хэсэгт бүрдүүлж өгсөн.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5.11, 47.5.12 дахь заалтад боловсруулаагүй нүүрсийг хүдэртэй, баяжуулсан нүүрсийг хүдрийн баяжмалтай адилтган ашигт малтмалын ангиллыг буруу тусган нэмэлт төлбөр авахаар зохицуулсан гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй байна. Төрөөс эдийн засгийн харилцааг зохицуулахдаа орлогын, ашигт малтмалын нөөц ашигласны, нэмэгдсэн өртгийн зэрэг олон төрлийн татварыг ашигладаг. Жишээ нь, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” гэж заасан байдаг.

Төрөөс энэхүү заалтын хүрээнд эрдэс баялгийнхаа ашиглалтаас ард түмэндээ хүртээх асуудлыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэн нийгмийн үйлчилгээнд зарцуулах байдлаар хэрэгжүүлдэг. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар бол аливаа бараа, ажил, үйлчилгээний эцсийн хэрэглээнд татвар оноох буюу шууд бус татварын үр ашгийг сайжруулах зорилготой бөгөөд татварын бодлогын хэрэгжилтийг хянах зорилготой төрийн зохицуулалтын нэг арга хэрэгсэл юм. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.5 дахь хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн хувь хэмжээ бол тухайн ашигт малтмалд оноож байгаа давхар татвар биш бөгөөд тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэх буюу бууруулах тухай асуудал юм.

Дээр дурдсаныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй.” гэсэн байна.

Долоо. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Татварын ерөнхий газраас ирүүлсэн тайлбартаа:

“... Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна.”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад “хуулиар ногдуулсан албан татвар төлөх;” гэж тус тус заасан. Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг өөрчлөөгүй, зөвхөн татварын бааз суурийг нэмэгдүүлэх өөрчлөлт бөгөөд шударгаар татвараа төлж буй этгээдүүдэд нэмэлт татварын ачаалал үүсгээгүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн маргаан бүхий 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн тухайд: Монголд Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хурдацтай хөгжиж уул уурхайн бизнесийн олон төрлийн харилцаа бий болсонтой холбоотойгоор ашигт малтмалыг олборлон дотоод, гадаадын зах зээлд борлуулж буй этгээдүүдээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр бүрэн хураан авч төсөвт төвлөрүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч уг салбарт үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ачаалал харилцан адилгүй болж шударгаар өрсөлдөхөд хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Тухайлбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээдийн олборлосон ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч түүхийгээр болон баяжуулан экспортлох, мөн бичил уурхай эрхлэгчдээс ашигт малтмалыг худалдан авч экспортлох зэрэг бизнесийн харилцаанаас үүдэлтэйгээр тусгай зөвшөөрөлтэй болон тусгай зөвшөөрөлгүй этгээдүүдийн экспортолсон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ харилцан адилгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж байсан 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхай эдэлбэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татварын алба давхардуулан ногдуулж байсан тохиолдол байхгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөн найруулсан 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг болон Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын хүрээнд цаашид ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй. Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 3 дахь хэсгийн 3.4-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим баримтлахаар заасан. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалыг дотоодын зах зээлээс тусгай зөвшөөрөлтэй этгээдээс худалдан авч түүхийгээр болон баяжуулан гадаад зах зээлд борлуулсан тохиолдолд тусгай зөвшөөрөлгүй этгээдийн экспортолсон ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс тухайн ашигт малтмалын бүтээгдэхүүнд тусгай зөвшөөрөлтэй этгээдийн дотоодын зах зээлд борлуулахад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан тайлагнасан дүнг хасаж тооцохоор зохицуулсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1 дэх заалт, 47.4 дэх хэсэг болон 47.5 хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтуудтай холбоотой асуудлаар татвар төлөгчдийн зүгээс санал, гомдол манай байгууллагад гаргаж байгаагүй бөгөөд харин татвар төлөгчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлагнал, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчийн акттай холбоотойгоор Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж байсан байна. Уг заалтууд нь 2010, 2011 оноос хойш хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд уг заалтуудыг татвар төлөгчид болон татварын албаны зүгээс нэгдсэн ойлголттойгоор хэрэгжүүлж байна. ...” гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

               1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

            2.  Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана.” гэж заажээ. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ заагаагүй байна.

             3.  Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр баталсан “Журам батлах тухай” 342 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг, 02 дугаар хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ыг баталсан байх бөгөөд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Татварын ерөнхий газраас тус маргаанд холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа Засгийн газрын дээрх тогтоолд тусгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгасан хэмээн дурдсан боловч тус тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлээгүй байх тул хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйл, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ НЬ:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

              2. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” 70 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

              3. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

                                                                  ДАРГАЛАГЧ                                                 Д.ОДБАЯР

                                                                       ГИШҮҮД                                                   Н.ЧИНБАТ

                                                                                                                                          Ш.ЦОГТОО

                                                                                                                                          Д.СОЛОНГО

                                                                                                                                          Б.БУЯНДЭЛГЭР

                                                                                                                                           Г.ТУУЛХҮҮ

                                                                                                                                            Ш.СОЛОНГО

                                                                                                                                             Ц.НАНЗАДДОРЖ

                                                                                                                                              Г.БАЯСГАЛАН